Их Британийг Европын холбооноос гарч байгаа үйл явдалтай холбогдуулан Английн иргэншилтэй болсон Герман хүмүүс иргэншлээ сэргээх хүсэлт тавих нь ихэсжээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь нацист Германы хавчлагад өртөж Англи руу дүрвэсэн еврей хүмүүс, тэдний гэр бүлийнхэн байгаа юм.
2016 оноос хойш нийт 3731 хүн Германы иргэншлээ сэргээх хүсэлт өгсөн бөгөөд үүний 3408 нь ХБНГУ-ын Үндсэн хуулийн 116-р зүйлд хамаатай тохиолдлууд байгаа юм. Үүнд заасны дагуу, “улс төр, арьс өнгө, шашин шүтлэгээсээ болж иргэншлээсээ татгалзахад хүрсэн хүмүүс болон тэдний үр хойч Германы иргэншлээ дахин сэргээх эрхтэй” ажээ.
Дэлхийн II дайны үед олон мянган еврейчүүд Германаас Англи руу дүрвэсэн байдаг. Тэдний дунд “Kindertransport” буюу хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеэр 1938 оны арванхоёрдугаар сараас 1939 оны наймдугаар сар хүртэл Англид ирсэн 10 мянга орчим хүүхдүүд багтаж байгаа юм. Иргэншлээ сэргээх хүсэлт тавьсан Герман гаралтай хүмүүсийн тоо 2015 онд 59 байсан бол 2016 онд буюу Англи улс ЕХ-оос гарах тухай олон нийтийн санал асуулга явуулсан жил энэ тоо 760 болж өссөн байна. Уг тоо 2017 онд 1824, 2018 оны эхний найман сарын байдлаар 1147 болон эрс өсч байгаа юм.
Хүсэлт тавьж байгаа хүмүүс нь дан ганц еврейчүүд ч биш, цыганчууд, ижил хүйстнүүд болон нацистуудаас улс төрийн эсрэг байр суурь баримталж байсан хүмүүс ч байгаа аж.
Эх сурвалж: DW (Deutsche Welle)
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ