ДАШТ: Монголын зургаан бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ: Монголын зургаан бөх барилдана

ДАШТ: Монголын зургаан бөх барилдана

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхлэх бөгөөд 22:00-с хагас шигшээ барилдаанууд болно. Өнөөдөр эрэгтэй 57, 65, 79, 92 кг-ын жингийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болох бол эрэгтэй 70, 97, эмэгтэй 55, 59 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд болно.

ЭРЭГТЭЙ ДӨРВӨН БӨХ БАРИЛДАХААС ХОЁР НЬ ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

Өнөөдөр манай эрэгтэй дөрвөн бөх дэвжээнд гарахаас хоёр нь дагах барилдаан хийж, ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авна. Эрэгтэй 65 кг-ын жинд Т.Тулга Унгар, БНСУ-ын бөхчүүдийн аль хожсонтой нь барилдаж ялалт байгуулбал Кубын бөх А.Валдестай хүрэл медалийн төлөө барилдах юм. Мөн 92 кг-ын жинд Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Күтэй барилдахаар оноолт таараад байна. Хэрвээ түүнийг ялсан тохиолдолд Японы А.Мацүмотой барилдах юм.

70 кг-ын жинд Б.Бямбадорж эхний барилдаанаа Иракийн бөх Давоод Салмантой хийнэ. Түүнийг ялбал Азарбайжаны Хаджимурад Гаджиев, АНУ-ын бөх Жэймс Гриний аль ялсантай нь наймд үлдэх эрхийн төлөө барилдах юм. АНУ-ын бөх Грин ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай тамирчин. Энэ жинд нийт 28 бөх барилдаж байна. Энэ жил 22 настай Б.Бямбадоржийн хувьд ДАШТ-д анх удаа өрсөлдөж байна.

97 кг-ын жинд Ө.Батзул эхний тойрогтоо “Рио 2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт АНУ-ын бөх Кайл Снайдертэй учраа таарсан. Энэ жинд дэлхийн аваргын медальтай олон тамирчин багтжээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС Э.ДАВААЧИМЭГ, Б.ШООВДОР БАРИЛДАНА

Эмэгтэй жингүүдийн барилдаан өнөөдөр 50, 59 кг-аар эхэлнэ. Өнөөдөр барилдах манай хоёр бөх эхний барилдаандаа ялбал шууд шөвгийн наймд үлдэх юм. 50 кг-ын жинд Э.Даваачимэг Энэтхэгийн бөх Сеематай барилдана. Энэ жинд нийт 21 бөх барилдана. Э.Даваачимэг хоёр жил дараалан ДАШТ-д өрсөлдөж байна.

59 кг-ын жинд Б.Шоовдор АНУ-ын Ж.Буркерттэй барилдахаар оноолт таарчээ. Энэ жинд нийт 22 бөх барилдана. Б.Шоовдорын хувьд “Лас Вегас 2015” ДАШТ-д анх удаа оролцсон бөгөөд сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна.

Унгарын Будапештэд болж буй чөлөөт бөхийн ДАШТ-д 114 орны бөхчүүд оролцож байгаагаас эхний өдрийн дүнгийн байдлаар 10 орон медаль аваад байна. АНУ-ын баг тамирчид нэг алт, гурван хүрэлтэй болсон бол ОХУ, Гүрж тус бүр нэг алт, хоёр мөнгө, Иран хоёр хүрэл медаль хүртжээ.

Монгол Улсын баг тамирчдаас эрэгтэй 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медаль хүртээд байна.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.30-с эхлэх бөгөөд хагас шигшээд үлдэх бөхчүүдийн нэрс 23:00 цагаас тодорно. Барилдааныг https://unitedworldwrestling.org-с үзээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж