Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойд зориулж Залуу монголч эрдэмтэн, судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний ярилцлага Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болов.
Уулзалтыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ “ …Монголын шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн, орчуулагч, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн амьдрал, түүний уран бүтээл нь тэр чигээрээ домог, монголын утга зохиолын хөгжлийн түүх юм” гэж онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш нь “Энэ жил Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байна. Энэ ойг Монголын ард түмэн төдийгүй Оросын Монгол судлаачид, өргөн олон түмэн тэмдэглэн өнгөрүүлж байна. … Түүний төрсөн охин, Та бүхний багш Анна Цендина Монголын орчин цагийн соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн тухай, түүний амьдрал, уран бүтээлийн тухай бидэнд өгүүлнэ гэдэг нь ховорхон завшаан юм” гээд “ цааши Элчин сайд болон ЭСЯ-ны зүгээс Монгол судлаач, залуу эрдэмтэн, монгол хэл суралцаж буй оюутан Та бүхэнтэй эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” гэв.
Цэндийн Дамдинсүрэнгийн охин, Оросын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Анна Цендина ярианыхаа эхэнд энэхүү арга хэмжээг санаачлан дэмжиж, зохион байгуулж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт ололнд талархал илэрхийлээд аавынхаа удам угсаа, бага нас, зан чанар болон эрдмийн мөр хөөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухай ярив.
Тэрбээр “… Аав маань уран зохиолын хувьд гэхэд л хэд хэдэн төрлөөр бүтээлээ туурвидаг байсан. Дээр нь эрдэм судлалын талаар нь ярина гэвэл нэг дор аавын бүтээлийн тухай ярихад хэцүү. Тиймээс би энэ удаа түүний бидэнд үлдээсэн бүтээлийн өв дээр тогтон ярихыг хүсч байна” гээд Цэндийн Дамдинсүрэнгийн бүтээлийн үнэ цэнэ, өвийн талаар эрдэмтэн, судлаачийн хувьд өөрийн үнэлэлт, дүгнэлт, байр сууриа илэрхийлэв.
Ярилцлагад Москвагийн Олон улсын харилцааны дээд (их сургууль), Оросын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн багш, залуу судлаач эрдэмтэд, оюутнууд идэвхтэй оролцож Цэндийн Дамдинсүрэнгийн бүтээлийн өв, үнэ цэнийн талаар ярилцаж, сонирхсон зүйлээ асууж тодруулав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ