Хайрцган доторх нүцгэн урлаг

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Хайрцган доторх нүцгэн урлаг

Уламжлалт сонгодог үеийн Грекийн нүцгэн урлагийн түүх МЭӨ 5-6 дугаар зууны үеэс баатарлаг эрэгтэй хүний баримлаар эхэлдэг. Грек, Энэтхэгийн урлагийн төдийгүй шашны ертөнцөд нүцгэн урлаг нь чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Грекийн хамгийн баатарлаг залуугийн дүрийг ч нүцгэнээр гаргаж, баримал барьж үлдээдэг байсан бөгөөд энэ нь тухайн нийгмийн үед нэр хүнд дагуулдаг байв. Үүний том жишээ бол МЭӨ 625 жилийн өмнө баригдсан Грекийн Kouroi Korai нэртэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөшөө гэгддэг.

Хамгийн анхны нүцгэн урлаг эрэгтэй хүний баримлаар эхэлж байсан бол МЭӨ дөрөвдүгээр зууны эхэн үеэс э барималчид эмэгтэйчүүдийг нүцгэн дүрслэх болов. Барималчид хайр, сайн сайхны бэлэг тэмдэг, Афродита зэрэг бурхдыг эмэгтэй хүний нүцгэн баримлаар төлөөлүүлэн дүрслэх болжээ. Одоог хүртэл Грек, Ром төдийгүй барууны орнуудад эмэгтэй хүний гоо сайхныг нүцгэнээр нь, уран сайхны өгүүлэмжтэйгээр дүрсэлсээр байгаа билээ.

Грек, Ромд үүнийг өргөнөөр сурталчилан ухуулж байсан бол Христийн шашныхан энэ төрлийн урлагийг эрс цөөлсөн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тухайн үед Христийн шашинтнууд нүцгэн урлагаар ичгүүрийг илэрхийлж, энэ төрлийн урлагийг хүчтэй эсэргүүцсээр байсан юм. Энэ нь Грекийн төгс нүцгэн урлагийн нээлттэй харшилж байв.

Италид XIII зуунаас эхлэн “Nudity” буюу нүцгэн урлаг нь үнэхээр харааны урлагийн гол сэдэв болон нэр хүнд нь ч өсч байлаа. XII-XIV зууны Никола Пасио зэрэг уран бүтээлчдийн бүтээлд сонгодог нүцгэн урлаг нэвтэрч эхлэв. Эл цаг хугацаанаас өдгөө хүртэл Италид хэдэн зууны туршид либералчлалын нүцгэн баатар, ариун журмын давхар утга бүхий үлгэр домгийн болон шашны их түүхэн үзэгдлүүдийг нүцгэн эрэгтэйн биеэр төлөөлүүлж иржээ. Энэ мэтчилэн “Nudity” урлагийн үүсэл, түүхийн тухай бичвэл маш олон түүхийн эх сурвалжууд баримт сөхөгдөх нь дамжиггүй. Урлагийн энэ төрөл нь өнөө хүртэл өөрийн гэсэн бие даасан “изм” болтлоо хөгжсөн байна. Нүцгэн урлагийн хөгжлөөр тэргүүлж буй хотуудад одоо хүртэл Англи, Франц зэрэг урлагийн цөм болсон томоохон хотууд тооцогдсоор байна.  

Цаг хугацаа өнгөрч техник технологи хөгжихийн хэрээр урлагийн салбарт ч мөн асар их өөрчлөлт, хөгжлийг дагуулсан гэвэл буруудахгүй. Энэ хөгжлийн том жишээ нь та бидний нэрлэдэг “Nude арт” буюу нүцгэн фото зургийн төрөл.

Харамсалтай нь нүцгэн урлагийн талаар одоог хүртэл олон нийт, үзэгчдийн хандлага шашны хувьд ч хуурамч ёс суртахууны хувьдч  хүлээн авч зөвшөөрч чадахгүй байгаа. Нүцгэн фото зургийн энэ төрлийг Монголчууд бид жинхэнэ уран сайхны үнэ цэнийг нь тэр болгон ойлгодоггүй. Ихэнх хүмүүс порно, эротик, садар самуун сурталчилсан мэтээр төсөөлж “+18” нэртэй ангилал хүртэл үүсгээд амжсан.  Гэтэл энэ урлагийн төрөл хүний дотоод ертөнцийн мөн чанарыг өнгө буддаггүй, байгалийн гоо сайхныг фото зургийн хуудсанд буулгаж, сэтгэл хөдлөл мэдрэмжийг чухалчилдаг томоохон урлагийн салбар болтлоо дэлхийн төвшинд хөгжсөн байдаг.

АНУ, Англи, Франц зэрэг орнуудын бага сургуулийн сургалтын системд урлагийн түүхэн эх сурвалж, хөгжлийн талаарх тодорхой зааж өгчээ. Ингэснээр хүүхэд багаасаа урлагийн салбарын дэлгэрэнгүй ойлголттой өсдөг гэнэ. Гэтэл манай оронд хагас нүцгэн баримал харвал хүүхдүүд нүдээ дардаг. Энэ хоёр сэтгэлгээний хувьд асар их зөрүү бий. ХХ зууны хайрцаглагдсан сэтгэлгээ одоо хүртэл нүцэглэлтийг садар самуун гэх ойлголтоор хатуу суулгасны гай жаахан хүүхэд битгий хэл насанд хүрэгчдийн сэтгэлгээнд  бат “цутгагдсан”. Хэрвээ хүүхэд дэлхийн алдартай сонгодог баримал, нүцгэн эмэгтэй уран  зургийг бариад сууж байвал ээж нь бушуухан шүүрч аваад л хүүхэддээ “том хүний ном” гэсэн ойлголт өгдөг. Хүүхэд дараа дахин дэлхийн сонгодог урлагийн номуудыг харах нь битгий хэл таарсан газраа харц буруулж, дальдчиж эхлэх нь тодорхой. Тиймээс манай улсын урлагийн боловсролын системд өөрчлөлт хийх цаг аль хэдийнэ иржээ.

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж