Ургац хураалтын талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байна. Ургац хураалтын явц ямар байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ургац хураалтын бүсэд ажилласан. Энэ жил 497.6 мянган га талбайд тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 450 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 90 гаруй мянган тонн хүнсний ногоо хурааж авах зорилт тавьсан. Газар дээр нь очоод үзэхэд ургац хураалт 80 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 360 гаруй мянган тонн улаан буудай хурааж авсан. Саяхан цас ороход 40 орчим мянган га талбайн улаан буудай цасанд дарагдсан. Үүнийгээ одоо хурааж авч байна. Төмсний хувьд 160 гаруй мянган тонн төмс хурааж авч, зорьсон хэмжээндээ 100 хувь хүрсэн. Одоо бол дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Үр тариа улаан буудайн хувьд ч дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолж байна. Харин хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээг 60 орчим хувийг хангах юм. Гэхдээ ирэх сарын дундуур ургац хураалтын эцсийн дүн гарна.
-Улаан буудайн чанар хэр байна вэ?
-Сайн үр, сайн техникээр улаан буудай тарьсан учраас чанар сайн байгаа. Харин саяхан цас орсон тул бага зэрэг чийгтэй байна. Иймд бид халаалт ашиглан боломжийн чанартай улаан буудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Улаан буудайн ургац хураалт сайн байгаа тул гурилын үнэд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэр гурилын үйлдвэрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ жил валют, шатахууны үнэ өссөн учраас гурилын үнэд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс гурилын үйлдвэрүүдтэй ойлголцоод үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна.
-Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласан. Үүнтэй холбоотойгоор тариалангийн бүс нутгийг хашаалах ажил хийгдэж байна. Нэг км хашааг дөрвөн сая төгрөгөөр барих боломжтой байхад тендерт шалгарсан компани нь найман сая төгрөгөөр барьж байна гэх шүүмжлэл гарлаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би энэ салбарын ажлыг аваад, гацсан ажлуудыг зоригтой хийхийн төлөө зүтгэж байна. Сайн, муу хэлүүлэхээс айх юм алга. Сүүлийн хэдэн жил тариалангийн бүс нутгийг зарлана гэж ярьсан. Тариаланчдын талд шийдвэр гаргахаар малчид гомдоод сонгуульд сөрөг санал өгөх болов уу гэж улстөрждөг байсан. Ийм улстөржсөн ажлуудыг явуулах зорилт тавьсан. Ингээд бид тариалангийн бүс нутгаа зоригтой зарласан. Малчид, тариаланчид дэмжиж байгаа. Одоо тариалангийн бүс нутгийг хамгаалах арга бол хашаажуулах, ойн зурвас татах юм. Хашааны үнийн хувьд метр нь найман мянган төгрөг юм байна лээ. Энэ бол боломжийн үнэ гэж харж байгаа.
Т.НОМИН
Холбоотой мэдээ