Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдааг Австралид баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдааг Австралид баривчилжээ

 

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр Малайзын Дээд шүүхээс цаазаар авах ял сонссон Сирул Азхар Умарыг Австралид баривчилжээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Сирул Азхар Умар нь 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг үйлдсэн юм. Австралийн цагаачлалын албаныхан түүнийг Брисбен хотод баривчилжээ. Одоо Малайзын цагдаагийн газраас Сирул Азхар Умарыг шилжүүлэн авахаар Австралийн талтай хэлэлцэж байгаа аж. Гэвч Австрали нь эх орондоо цаазын ял сонссон хүнийг шилжүүлэн өгөхгүй байх бодлого баримталдаг гэнэ.

 

Малайзын Дээд шүүхээс Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарт цаазаар авах ял оноогоод буй. Өмнө нь анхан шатны шүүхээс 2009 онд тэдэнд цаазын ял оноож байсан боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон байжээ.

 

Ш.Алтантуяа нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн ойрын холбоотон Абдул Разак Багиндатай амрагийн холбоотой байсан гэлцдэг.

 

Ш.Алтантуяагийн хэрэг нь Малайзын улс төрийн дээд тушаалтнуудтай холбогдож, томоохон дуулиан тарьсан юм. Мөн энэ нь 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан  авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр болжээ. Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куалу Лумпур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн аж.

 

Ш.Алтантуяа нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн ойрын холбоотон Абдул Разак Багиндатай амрагийн холбоотой байсан гэлцдэг. Малайзын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож 2006 онд ял сонссон ч 2008 онд цагаатгасан юм. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгдэж буй аж. Тухайн үед одоогийн ерөнхий сайд Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж