Б.Пунсалмаа: Ардчилсан намын шинэчлэл эмэгтэйчүүдэд илүү хүчтэй байх боломж олголоо

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Б.Пунсалмаа: Ардчилсан намын шинэчлэл эмэгтэйчүүдэд илүү хүчтэй байх боломж олголоо

М ОЙЛ ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ПУНСАЛМАА

-Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүнд нэр дэвшиж байгаа гэж сонслоо. Бизнесийн салбараас улстөр лүү орж байгаа эрчүүдийг бол бизнесээ хамгаалахаар орж байна гэж харддаг. Эрсдэлээ тооцоод эмэгтэй бизнес эрхлэгчид барагтаа л бол улстөр лүү ордоггүй. Яагаад ийм шийд гаргах болов?

-Юун түрүүнд АН МАН гэлтгүй намд итгэх итгэл жил ирэх тусам унасаар байна. Нөгөө талаар бидний өдөр тутмын цаашлаад ирээдүйн амьдралын шийдлийг итгэж чадахгүй байгаа намууд нь гаргасаар байна шүү дээ. Одоо байгаа улстөрийн тогтолцоогоо ойрын ирээдүйд өөрчлөхгүйгээс цааш намын чадавхийг дээшлүүлж, намд итгэлийг эргэн сэргээлцэхэд гар бие оролцъё л гэж шийдсэн юм. Мэдээж нефтийн бизнес эрхэлдэг, 300 гаруй ажилтантай групп компанийхаа ажлын хажуугаар улстөрд орно гэдэг тийм ч амар биш. Гэр бүл, 12 жил удирдаж ажил нь жигдэрсэн компанийнхаа хамт олны итгэлд суурилж энэ шийдийг гаргасан. Ирээдүйд өнөөдрийн энэ шийдвэр маань буруу байгаагүйг нотлох олон өгөөжтэй зүйлс гарна гэдэгт итгэлтэй байна.

-Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн байх нь тийм чухал ач холбогдолтой ажил мөн үү? Нийгэмд нөлөө өндөр байж чадах уу?

-Ардчилсан Намын шинэчлэл гарааны ижил тэгш боломжийг өгч байгаа учраас Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоонд эргэлзэх зүйлгүйгээр нэрээ дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн илүү хүчтэй байх боломжийг нээлттэйгээр хэний ч өмнө тавьж өгч байна шүү дээ. Сүлжээ, фракциар дамжуулан асуудлаа шийдээд явчих байсан бол шууд томилоод тохироо хийгээд тэргүүнийг нь сонгочихож болох л байсан байх. Намын анхан шатны гишүүдтэйгээ нэгбүрчлэн тойрч уулзаж, юу хийж чадах, чадахгүйгээ ярилцана гэдэг бол нам өөрөө эрүүл байгаагийн шинж.

Бизнесийн салбарт хуримтлуулсан туршлага дээрээ суурилаад, эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг удирддагийн хувьд улстөрийн намын байгууллагыг бизнес сэтгэлгээгээр, эмэгтэйчүүдийн эв эеийг нэгтгээд удирдахад мэдэхгүй чадахгүй гэсэн зүйлтэй нүүр тулах нь бага учраас гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа.

-Улстөрд орсон эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хэд дахин хичээл зүтгэл гаргаж байж амжилтанд хүрдэг гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Хууль эрхзүйн хувьд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо, тоо хэмжээг хуульчлаад өгсөн нь магадгүй нэг талаар хэцүү гэхээсээ хялбар болгоод өгсөн юм шиг санагддаг. Гол нь эмэгтэйчүүд хүчээ нэгтгэж, өмнөхөөсөө илүү хүчтэй байхыг нийгэм шаардаж байна. Эмэгтэй хүнийг гүтгэн доромжлоход нийгэм илүү эмзэгээр хүлээж авдаг учраас энэ тал нь улстөрч эмэгтэйчүүдэд илүү сул тал болдог байх. Гол нь эмэгтэй улстөрчдийг нэг нэгээр нь ээлж дарааллан санаатайгаар харлуулах бохир технологиуд хэрэгжиж байгаа учраас эмэгтэй улстөрч ер нь дэмий гэдэг үзэл санаа нийгмийн олонхид суучихсаныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ буруу үзлийн төлөө эмэгтэйчүүд хүчээ нэгтгэж, сөрөн зогсохгүй юм бол дэлхийн хөгжлөөс гажууд эцгийн эрхт ёсоо шийдвэр гаргах түвшинд хадгалсаар байна гэдэг тийм ч таатай зүйл биш.

-Намын гишүүн эмэгтэйчүүдийг яаж удирдвал үр дүн, нөлөө гарна гэж тооцож байгаа вэ?

-Юун түрүүнд бид намын анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байна. Намын үүрүүд янз янзын орчин нөхцөлд, ижил бус стандарттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Стандарт тогтоох гэдэг бол миний нефтийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлагаасаа олж авсан гол зүйл. Нөгөө талаар намын гишүүн эмэгтэйчүүд дор бүрнээ ажилтай, эрхэлдэг бизнестэй байгаа. Эрхэлж буй ажил, хийж буй бизнесийн холбоосуудыг нь зөв  гаргаж, нэг нэгээ дэмжих эерэг хандлагатай болчихвол эхнээсээ ажил жигдрээд явчих боломжтой. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжих олон улсын төсөл хөтөлбөрүүд олон байдаг. Сайн судлаад санхүүжилтийн хувьд тогтортой, урт хугацаанд өгөөж өндөр гарах ажлууд хийгээд явахад түлхэц болох зүйлүүдийг эхний ээлжинд хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн.

-Сонгуульд ялалт байгуулахад ямар хүчин зүйл хамгийн чухал юм шиг санагдаж байна?

-Нам шинэчлэгдэж байна, бид өөрчлөгдөж байна гэж ярьдаг шигээ одоо бид үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй болов уу. Хэрвээ хуучин шиг сүлжээ фракциар асуудал шийдэх бол сонгууль хийж өөрсдийгөө хуураад яахав дээ. Нөгөө талаар ялчих юмсан гэж зүгээр яриад суух биш гэрийн даалгавараа тус бүрдээ л сайн хиймээр байна. Гэрийн даалгавараа хийдэггүй хэрнээ онц сурах тухай ярьдаг буруу дадлыг хаа хаанаа зогсоомоор байна. Би энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын төлөө гэрийн даалгавараа хичээнгүйлэн хийж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж