Б.Бямбаад ямар ял оноох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Албан тушаалаа ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн улсад 900 га­руй сая төгрөгийн буюу онц их хэм­жээ­ний хо­хи­рол уч­руул­сан эт­гээ­дүү­дэд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Энэ бол ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнд холбогдох хэрэг юм.

Одоогоос долоон са­рын өмнө Дүүргийн эрүүгийн хэр­гийн хоёрдугаар шүүхээс дээрх хү­мүүст холбогдох хэргийг гэмт хэр­гийн бү­рэл­дэхүүнгүй гэж үзэн ца­гаат­га­сан шийдвэр гаргаж бай­сан удаа­тай. Улсад онц их хэм­жээ­ний хохирол учруулсан бү­лэг этгээдэд холбогдох хэр­гийг бүрэлдэхүүнгүй хэмээн ца­гаат­га­сан шийдвэрийг Дүүргийн II про­ку­ро­рын газраас хүлээн зөв­шөөрөл­гүй, шүүхэд эсэргүүцэл бич­сэ­нээр хэргийг дахин шүүхээр бол­сон билээ.

Шүүх хурал өчиг­дөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд товлогдоод байсан ч улсын яллагч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлт тавьж, шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авснаар шүүх хурлыг ирэх сарын 4-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан Б.Бямбаа гэгчид ямар ял оноох вэ гэдэг нь эдүгээ олны анхаарлын төвд байна.

Учир нь өлсөхийн хэрээр аргагүйдээд 10000 төгрөг хулгайлсан хүнд 10 жилийн ял оноодог шүүх улсад онц их хэмжээний, бүр тэрбум орчим төгрөг завшчихсан гэгдээд буй хүмүүст ямар ял оноохыг хүлээж байгаа нь тэр биз ээ. Ингээд ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүн яагаад энэ хэрэгт холбогдох болсныг эргэн сөхье.

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэрэг ингэж эхэлжээ

Б.Бямбааг өнгөрсөн онд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас баривчлан саатуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шал­гасан билээ. Энэ үеэр  Б.Бямбаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө ямар ч гэм зэмгүй, муу хүмүүсийн гайгаар хэлмэгдлээ хэмээн зарлаж байсан цаг саяхан.

Гэтэл үнэн хэрэгтээ, Б.Бямбаа нь ХААИС-ийн захирлаар ажиллаж байхдаа “Химон констракшн” компаниар сургуулийнхаа ха­жууд багш ажилтнуудын гэх 82 айлын орон сууц бариулсан бөгөөд дээрх орон сууцаас 20-ыг нь сургуульдаа авч үлдсэнийг  “Химон констракшн”-д өгсөн байна. Ингэхдээ сургуулийнхаа мэдлийн газрыг  тухайн компанид уг барилгын хэмжээгээр үнэ төлбөргүй олгох наймааг хийж эхэлсэн нь сургуулийнх нь багш ажилтнуудад таалагдаагүй учраас хэрэг эхлэх үндэс болжээ.

Уг нь Богд уулын арын энэ хэсэг газар нь тусгай хамгаалалттай газар ну­тагт хамаардаг бөгөөд тусгай хам­гаалалт бүхий газар нутагт хэн дуртай нь барилга барих ёсгүй жу­рамтай. Гэтэл Б.Бямбаа захирал аялал жуулчлалын зориулалтаар энд бас хэд хэдэн орон сууцны барилга бариулжээ. Иймэрхүү байдлаар ХААИС-ийн орчмын газрыг тэр чигт нь барилгажуулж, олон тооны барилгын компанид орон сууц бариулсан байна. Маргаан да­гуулж байж авс­ан 20 орон сууц­наас дөр­вийг нь өөр хү­ний нэр дээр шил­жүүл­сэн нь буд­лиан тарьсан аж. Ингээд 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст ху­ваа­рилан багш, ажилт­нуу­дын­хаа дургүйцлийг тө­рүүлж, өөрөө хэрэгт унажээ.

Сур­гуу­лийн мөнгөөр бариулсан орон суу­цанд Б.Бямбаагийн хүү Б.Бүрэн­баатар, жолооч Б.Болд­баатар, Шадар сайд асан Д.Тэрбиш­дагвын охин Одсүрэн зэ­рэг хүмүүс  орсноос гадна сур­гуу­лийн ерөнхий санхүүч Д.Янжмаа гурван өрөө байр, га­раа­шийн хамт авсан гэнэ. Анх “Хи­мон констракш” ХХК-иар ба­рил­га бариулахад сургуулийн багш нар эсэргүүцэж байсан аж. Гэтэл Б.Бямбаа “сургуулийн багш, ажилтнуудад байр өгнө, са­наа зоволтгүй гээд байранд орох хүмүүсийг нэрлэхэд нь тэд жаа­хан тайвширсан бололтой. Гэ­сэн ч мөрөөдөл нь талаар бол­сон тул багш, ажилчид нь түү­нийг эсэргүүцэж, энэ хэргийг илрүүлжээ.

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг…

Б.Бямбаа нь тухайн байрны 13 тоот, хоёр өрөө 62.63 мкв бүхий 67.338.000 төгрөгийн үнэтэй байрыг жолооч Б.Болдбаатарт, 31 тоотын таван өрөө 158.87 мкв талбайтай 113.592.000 төгрөгийн үнэтэй байрыг хүү Бүрэнбаатарт, 32 тоотын гурван өрөө 85.94 мкв талбайтай 61.447.000 төгрөгийн үнэтэй байрыг С.Баасанхүү гэг­чид, Д.Тэрбишдагвын охин Од­сүрэнд /тухайн үед Д.Тэрбиш­дагва ХААИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн байсан/ гурван өрөө 74.88 мкв талбайтай 53.539.000 төгрөгийн үнэтэй байрыг өгсөн байжээ.

Түүнчлэн ХААИС-ийн Аж ахуйн хашааны баруун хойд талд 2010 онд тус сургуулийн захирал Б.Бямбаа, Нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн проректор асан Ц.Амарсайхан нар  албан тушаалаа урвуулан ашиглаж  сургуулийн эзэмшлийн газар дээр хувьдаа 12Х12 хэмжээний байшингийн суурь тавин гурван давхар караказ босгосон аж. 2011 онд уг байшинд нэмж ямар нэгэн ажил хийгдээгүй бөгөөд 2012 оны зургадугаар сард “Сүмтийн цамхаг” гэх компани, “Ариун ар” гэдэг компанитай гэрээ байгуулан дүүргэлтийн өрлөг, шалны битон, гадна дотор шавардлага хийхээр болсон байна.

Гэтэл ХААИС-иас “Ариун ар” ХХК-д 2012 оны зургадугаар сарын 11-нд 250 сая төгрөгийг Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатар, проректор Ц.Амарсайхан нарын нэрээр шилжүүлсэн мэт баримт байгаа боловч, нярав Намсрайгаас жолооч Б.Болдбаатар уг мөнгийг бэлнээр тоолж авсан гэнэ. Улмаар 2012 оны долдугаар сарын 19-нд 150 сая төгрөгийг жолооч Б.Болдбаатрын нэрээр “Ариун ар” ХХК-д шилжүүлсэн байжээ. Түүнчлэн 2012 оны есдүгээр сарын 21-нд 319 сая төгрөгийг проректор Ц.Амарсайханы нэрээр, 2012 оны арван хоёрдугаар сарын 13-нд 22 сая төгрөгийг мөн “Ариун ар” ХХК-д шилжүүлсан байжээ. Энэ мэтээр ХААИС-ийн захирал асан Б.Бямбаатай холбоотой хэргийн урт жагсаалт гарсан байна.

Б.Бямбаад холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгажээ

Ийнхүү сургуулийн өмчлөлийн га­зарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригд­сан гурван давхар дутуу гүйцэтгэл­тэй 334.924.491 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгыг, өөрийн удирдлаганд ажиллаж байсан дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гэрээ материал бүрдүүлж, Ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн сургуулийн санхүүгээс мөнгөө “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-иудын дансаар болон өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын цалингийн дансаар гаргуулсан гээд сургуульд нийт 808 сая төгрөгийн хохирол учруулан, сургуулийн хөрөнгийг завшжээ.

Мөн энэ мэтчилэн ХААИС-ийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн нийт 954.961.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн аж.

Гэтэл Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхээс 2014 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Б.Бямбаа, Ц.Амарсайхан, Б.Болдбаатар, Д.Янжмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж цагаатгасан шийдвэр гаргасныг хуульчид үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзсэн байдаг юм. Тиймээс ч эл хэргийг шүүх тун удахгүй шийдвэрлэх нь гэсэн ХААИС-ийн багш, ажилчдын хүлээлт үүсээд байгаа билээ. Ямартай ч энэ удаа хойшилсон шүүх хурал ирэх сарын 04-нд болохдоо улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдээд буй хүмүүст зохих шийтгэлийг нь оноох биз ээ.

Ж.МЯГМАР

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж