Нүүрээ, нэрээ нууцалсан цахим найзаас татгалз

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Нүүрээ, нэрээ нууцалсан цахим найзаас татгалз

Нүүрээ, нэрээ нууцалсан цахим найзаас татгалз

Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшгуудын нэг нь интернет боловч төр хяналтын сүлжээгээ сайжруулж,  мөн хувь хүн бүр нийгмийн сүлжээтэй харилцахдаа болгоомжтой хандахгүй бол хүүхэд, томчуудгүй цахим гэмт хэргийн хохирогч болж буй хэргийн тоо өсөх хандлагатай байна.

Статистик мэдээллийг үзвэл 2017 онд 299 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилд 279 болж, өсчээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд цахим гэмт хэргээс болж, 197 иргэн, хуулийн этгээдэд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь эхлээд хуурамч фейсбүүк хаягаар бусадтай танилцаж, мөнгө өгөх санал тавих нь олонтаа. Эцэст нь банкных нь карт, хувийнх нь мэдээллээр дамжуулж, тухайн иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулдаг аж.

Хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болгож буй гэмт этгээдийн үйлддэг арга нь мөн л хуурамч фейсбүүк хаяг нээн, насанд хүрээгүй хүүхдүүдтэй танилцах нь түгээмэл. Итгэлийг нь олсныхоо дараа зургаа илгээхийг хүсдэг. Ихэнх тохиолдолд чээж нүцгэн зургаа өгөхийг охидуудаас хүсдэг гэнэ. Өөрийнх нь үеийн хөвгүүн гэж танилцдаг ч насанд хүрсэн залуу байдаг. Зургийг нь гартаа оруулсныхаа дараа тухайн хүүхдийг дарамталж мөнгө авах, эсвэл хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байна.

Хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлдөг хамгийн том шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хяналт сул, хэнтэй ойр дотно нөхөрлөж байна вэ гэдгийг анхаардаггүй, асуудал тулгарахад нь ний нуугүй ярилцаж, шийдвэр гаргахад нь тусалдаггүй. Хохирогч болсных нь дараа л болсон явдлын талаар мэдээлэл авч, цагдаагийн байгууллагад ханддаг байна. Гэтэл хуурамч хаягаар хүүхэдтэй нь танилцаж, хохироосон этгээд нь зам мөрөө баллуурдаж, зарим тохиолдолд “Би биш” гэж мэдүүлэн, хэргээ хүлээхгүй байх тохиолдол ч гарч буй ажээ.

Нөгөөтэйгүүр, гар утасны дугаар бүр регистрийн дугаараараа оператор компаниудад бүртгэлгүй байгаа нь цахим гэмт хэрэг үйлдэгчдэд өгөөш болж байна. Нийгмийн сүлжээнд тавигдсан байдаг “гулгаа массажны үйлчилгээ үзүүлнэ” нэртэй зар тавьсан утасны дугаарын ард насанд хүрээгүй хүүхдээр биеийг нь үнэлүүлэхээс эхлээд гэмт хэрэг үйлдэгдэж байдаг аж.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгалт хийхэд гар утасны 35 хувь нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байжээ. Хэрэв гар утасны дугаар бүрийг регистрийн дугаараар нь бүртгэлжүүлж, баталгаажуулбал фейсбүүкийг и-мэйл хаягаар нээдэггүй зөвхөн гар утасны хаягаар нээдэг болгох боломжтой. Энэ тохиолдолд хүүхдийг нэр, нүүрээ нууцалсан хүнээс хамгаалах бололцоо бүрдэнэ.

Улс орнууд хүүхдийг хортой контентоос хамгаалахын тулд нэр дээр нь авсан гар утасны дугаарт цахим сүлжээний зүй бус контентуудыг шууд блоклох систем ажиллуулдаг байна. Монголд энэ үйлчилгээ хараахан нэвтрээгүй байгаа юм.

Мөн гадаад орнуудад 13 нас хүрсэн хүүхэд л фэйсбүүк, инстаграм нээх эрх үүсдэг бол  Монголд насны хязгаар байдаггүй. Нэг хүүхэд хуурамч 2-3 фейсбүүк хаяг нээсэн байх тохиолдол олон. Нийт 2240 хүүхдийг хамруулан судалгаа хийхэд таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлт хүлээн авдаг гэж хариулжээ. Энэ бол цахим гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгааг харуулсан үзүүлэлт юм.

Түүнчлэн эцэг, эхчүүдэд нийгмийн сүлжээнд ажиллах мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь хүүхдээ энэ төрлийн гэмт хэргээс хамгаалах дархлааг ч сулруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж