Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын мэдээллийн сан байгуулах, эвдэрсэн газрын тооллогын үр дүнг хэлэлцэж, Нөхөн сэргээлтийн хуулийн төслийн хэлэлцүүлэг хийх зорилготой уг семинар өнөөдөр, маргааш 2 өдөр үргэлжилнэ. Семинарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, 21 аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, БОАЖГ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх газар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Н.ЦЭРЭНБАТ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР УУЛ УУРХАЙГААС ҮҮДЭЛТЭЙ АСУУДАЛ ҮГҮЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
Семинарыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “БОАЖЯ-наас боловсруулсан Нөхөн сэргээлтийн хуулийн төсөлд уул уурхайн компаниудад хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг тусгасан. Ингэснээр компаниудыг давхар даатгалын компани хянах боломж бүрдэж, одоо үүсэж буй уул уурхайгаас үүдэлтэй асуудал үгүй болох нөхцөл бүрдэх юм. Мөн 2017-2018 онд Монгол Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдэрсэн газрын тооллогыг хийж, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаархи мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү мэдээллийн санг байгуулснаар уул уурхайн ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүртгэл, мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх, оролцогч талуудыг нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн 27405,46 га газар байгаагаас 1100 газар буюу 8871,18га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдэг тооцоо гарсан. 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргийн хэрэгжилтийг сайжруулах, эвдэрсэн, нөхөн сэргээсэн газрын мэдээллийн зөрүүг арилгах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн 300 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар тогтсон. Миний зүгээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдэд энэ оны эхэнд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэх үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг мэдэгдсэн” хэмээсэн юм.
Семинарын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын тооллогын урьдчилсан дүн, анхаарах асуудал”, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Мэдээллийн сан байгуулах хэрэгцээ шаардлага, цаашид авах арга хэмжээ”, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Хууль бусаар ашигт малтмал ашиглаж байгаа нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан юм.
Хуралд оролцогчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар өнөөдөр илтгэл тавих бол маргааш 21 аймгийн БОАЖГ-ын дарга нар тооллогын үр дүнгийн талаар танилцуулах юм.
Холбоотой мэдээ