Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны гишүүдийг тодруулах нөхөн сонгууль зарлагдсанаар 46 суудлын төлөө 110 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж, зарим аймаг ҮЗХ-ны гишүүдээ тодруулсан. Гэвч Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд нэр дэвшигчийг шалтгаангүйгээр бүртгээгүй байна. Энэ тухай өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Түүнд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнд өрсөлдөх мандатыг олгосон боловч Дотоод сонгуулийн хороогоор нэрийг нь баталгаажуулж бүртгээгүй аж. Үүнээс болж ҮЗХ-ны гишүүнд өрсөлдөх эрхээ хасуулсан юм байна. Тиймээс хоёр хоногийн өмнө Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд өргөдөл гаргажээ. Мөн Дотоод сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан байна.
Мөн тэрээр нэрийг нь бүртгээгүй шалтгааныг Өвөрхангай аймгийн Ардчилсан нам, мөн тус аймаг дахь Ардын намын удирдлагууд хоорондоо холбоо сүлбээ тогтоож, МАНАН-тсантай холбоотой гэж тайлбарлалаа.
Тэрээр 2012 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажилладаг байсан. Энэ үедээ тус аймгийн Засаг дарга Н.Тогтохсүрэнгийн авлига хээл хахуультай холбоотой асуудал, мөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарын хууль бус үйлдэл зэргийг илчилж, байсан. Энэ нь эргээд ҮЗХ-ны нөхөн сонгуульд нэр дэвших эрхгүй болгож боогдуулж байж мэдэх талтай гэж тайлбарлалаа.
Хоёр дахь асуудал нь Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон ажлаас чөлөөлж байгаатай эвлэрэх аргагүй байна гэлээ. Энэ талаар болон нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатараас тодрууллаа.
-Та Шийдлийн Засгийн газар маш олон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөллөө гэж мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн албаныхны 15 хувийг цомхотгох шийдвэр гарсан. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажил биш үү?
-2014 оны арванхоёрдугаар сарын 15-ний өдөр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслэж гэсэн байдлаар намынхаа гишүүдийг төрийн албанаас олноор нь хоморголон халж, оронд нь өөр хүмүүсийг ажилд томилж байгаа баримтууд их байна. Тиймээс бид 320088 дугаарын утсыг ажиллуулж, ажлаасаа чөлөөлөгдсөн иргэдтэй биечлэн уулзаж баримт цуглуулна. Ер нь ийм байдалтай бид хатуу тэмцэх болно. Ардчилсан нам жирийн гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй болчихсон юм бол Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална. Яагаад гэвэл Ардчилсан нам жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг хадгалж байх ёстой. Энэ зарчим руу явахгүйгээр ардчилал шударга ёсыг бэхжүүлэхэд илүү бэрхшээлтэй тулж байна гэж үзэж байна.
-Та ҮЗХ-ны гишүүнд өрсөлдөх эрх олгохгүй байгаа тухай гомдлоо зөвхөн Дотоод сонгуулийн хороондоо л гаргасан юм уу?
-Дотоод сонгуулийн хорооноос гадна Хяналтын хороо, мөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарт гаргасан.
-Таны нэгэн адил ҮЗХ-ны нөхөн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан гишүүн хэр байгаа бол. Өвөрхангай аймгийн ҮЗХ-ны гишүүдийг сонгох нөхөн сонгууль хэзээ товлогдсон юм, түүнээс урьтаж шийдвэр гардаг болов уу?
-Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийг тодруулах нөхөн сонгууль энэ сарын 25-нд зарлагдсан. Хоёр мандатын төлөө дөрвөн гишүүн өрсөлдөнө. Тийм учраас нөхөн сонгууль болохоос урьтаж асуудлыг шийдэж, нэр дэвших эрхийг олгохыг хүссэн. Бусад аймагт миний нэгэн адил нэр дэвших эрхээ хасуулсан гишүүн бий эсэх талаар нарийн мэдээлэл алга.
-Нэр дэвших эрхийг хассан нь юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?
-Өвөрхангай аймгийг өмчилж авах гэсэн хүмүүсийн үйлдэл гэж би харж байгаа.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мөн мэдэгдэл гаргажээ
Мэдэгдэлд “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар 2001 онд өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намд шударга ёсны зарчмыг дээдлэн элссэн. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хасч, жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо жигшин зэвүүцэж, Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна.
2.Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж, биечлэн уулзах зар хүргэж байгаагаа мэдэгдье.
Монгол оронд шударга ёс, Ардчилсан намын мөн чанар, жирийн мянга мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдогийг цохон тэмдэглээд намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах үйл ажиллагаа эхэлсэнийг сонордуулья” гэжээ.
Г.ДАРЬ