Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бельгийн нийслэл Брюссель хотноо энэ сарын 18-19-нд үргэлжилсэн Ази, Европын орнуудын удирдагчдын “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. “Европ-Ази: Дэлхийд тулгамдсан асуудлын эсрэг дэлхийн түншлэл” сэдэв дор зохион байгуулагдсан уг уулзалтад нийт 51 орон, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны төлөөлөгчид оролцлоо. Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд хүрэлцэн ирмэгц Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар угтан мэндчилж, АСЕМ-ын уулзалтад амжилт хүсчээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АСЕМ-ЫН ИНДРЭЭС ЮУ ХЭЛЭВ
Тэрбээр эхний өдөр Ази-Европын дээд хэмжээний арванхоёрдугаар уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар нартай уулзсан. Үүнээс эхний уулзалт болоод ч тэр үү, Ангела Меркелийг, тэр тусмаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах төслийн талаар тодорхой танилцуулсныг нь хэвлэлүүд онцолж байна. Хатагтай Меркель “Эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болсон, Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллана” хэмээн мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэл “2016 онд болсон Дээд түвшний арваннэгдүгээр уулзалтын Улаанбаатарын тунхаглалд заасны дагуу АСЕМ-ын орнууд Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэх, уялдаа холбоог бүхий л хүрээнд хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд идэвхтэй хамтран ажилласныг дурдсан байна билээ.
Монгол Улсын хувьд нэг талаас АСЕМ-ын үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулах, нөгөө талаас манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулж байгаа АСЕМ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлздэгээ илэрхийлж, 2016 оноос хойш Монгол-Орос-Хятад гурван улсын дэд бүтцийн холбоос, эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тодорхой хэлэлцээрүүдийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улстай худалдаа хийх боломж өсөн нэмэгдсэнийг онцолжээ. Үүнд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төслүүд хэрэгжүүлж эхлэх, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх болон Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын үндэслэлийг хамтран судлах зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Солонгосын хойгт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг талархан сайшааж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ, хүчин чармайлт нь бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд эергээр нөлөөлнө хэмээн итгэж байна гээд “Бид Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёлын болон бусад хүрээнд өргөжүүлэхээр санал санаачилга дэвшүүлэх, бүс нутгийн орнуудын энэ чиглэлийн санаачилгыг дэмжих, нэгдэх чиглэлээр ажиллаж байна” гэсэн нь онцлох байр суурь байсан гэж хэлж болно. Мөн “АСЕМ бол цаашид бидний хамтран тодорхойлсон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд суурилсан ажил хэрэгч механизм байх ёстой, АСЕМ-ын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын тавцан дахь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудад АСЕМ-ын орнууд нэгдсэн байр суурьтай хандах нь чухал гэсэн түнш орнуудын саналыг дэмжиж байна” гэжээ.
АСЕМ ЭНЭ УДААД “ЕРӨНХИЙДӨӨ” ЮУ ХЭЛЭЛЦЭВ
Ази Европын 51 орон, Европын холбоо, АСЕМ-ын төлөөлөгчид энэ хоёр хоногт юу хэлэлцсэн бэ. Гол анхаарлаа нээлттэй, чөлөөт худалдааг дэмжиж, бүх төрлийн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн, Ираны цөмийн хэлэлцээрийг дэмжиж, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тухайгаа ярилцсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд, АНУ ДХБ-ын давж заалдах байгууллагын шүүгчдийн томилолтоос татгалзаж, ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд хүндрэл бэрхшээл учруулсан. Мөн Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээрээс ухран гарсны дараа, ЮНЕСКО, Хүний эрхийн зөвлөл зэрэг олон улсын чухал байгууллагуудаас гарсан. Өнөөдөр АНУ, олон улсын шуудангийн холбооноос гарахаар сүрдүүлж байгаа асуудлууд анхраарлын төвд байв. Энэ тохиолдолд Ази, Европын орнууд “глобал түншүүд”-ийн хувьд сорилтыг хэрхэн даван туулах вэ. Мөн Ази, Европын орнуудын дэд бүтцээр холбогдох асуудал, 18 жилийн өмнө эхэлсэн “Торгоны зам”, таван жилийн өмнө Хятад улсын эхлүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга нь АСЕМ-ын орнуудын дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт, худалдааг эрчимжүүлэх зорилгын хэрэгжилтэд ямар үр нөлөөтэй байгааг дүгнэж ярилцсан. Энэ үеэр 2016 онд, Хятад улс Монгол улсад болсон Ази, Европын тэргүүн нарын хуралд дэд бүтцээр холбогдох ажлын хэсэг байгуулан, Ази, Европын нягтрал хамтын ажиллагааг бэхжүүлэх санал дэвшүүлсэнийг онцолж байсан бөгөөд энэ удаагийн АСЕМ-ын уулзалтын өмнөхөн Европын Холбоо Европ, Азийн дэд бүтцээр холбогдох шинэ стратегийг танилцуулсан байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар Ази, Европын орнуудын удирдагчид хүн төрөлхтний ирээдүйд хандсан хүчтэй сэрэмжлүүлгийг “хүлээн аваад” байгаа бөгөөд Парисын гэрээний товлосон зорилгод хүрэхэд хүндрэлтэй байгаад маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ираны цөмийн асуудлаар Ази, Европ хоёр тал, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг хамгаалах нь олон улсын гэрээг хүндэтгэсэн хэрэг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахад холбогдоно гэдэг утгаар ач холбогдол өгчээ. Мэдээж БНХАУ үүн дээр “үндэстний” гэмээр тоглолт хийж “Америк л Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрээс гарсан”, “Америк л Парисын гэрээнээс цор ганцаараа гарсан” хэмээн мэдээлж байв.
АСЕМ-Д ОРОЛЦСОН БА АСЕМ-ЫГ АВЧИРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЯЛГАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед түүний санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт 2014 оноос хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт 2016 онд Улаанбаатар хотноо болж, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөн. Мөн энэ үед “Өөх ч биш, булчирхай ч биш байснаас тодорхой, тогтвортой бодлоготой байсан нь дээр” гэдэг үүднээс Байнгын төвийг сахисан статустай болсон нь том хувьсал болсон юм. Үнэн хэрэгтээ Монгол Улс тэр чигээрээ “Далайд гарцгүй орнуудын судалгааны төв” шахам болчхоод байлаа шүү дээ. Тиймээс АСЕМ-аас ангид байх, бүр идэвхтэй оролцогч байхаас өөр боломж байгаагүй. АСЕМ-аар ярьдаг бүс нутгийн харилцаа, энхийн яриа хэлэлцээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт асуудалд Бангкок, Вена зэрэг хотуудын адил НҮБ-ын, НАТО-ийн, АСЕМ-ын салбар байдаг болсноор их хэмжээний хөрөнгө оруулалт татан, олон улсын харилцааны зуучлалын төв болдог, аливаа ээдрээтэй асуудал, улс хоорондын маргааныг шийдүүлэхэд чухал юм аа гэдгийг олж харж Монголд АСЕМ-ыг зохион байгуулсан байдаг.
Монголд тулгамдсан асуудал болох Авлигатай тэмцэх олон улсын сүлжээний төв, Сонгуулийн ажиглагч бэлтгэдэг төв, малын хорио цээрийн салбар, “утаатай тэмцэх” гээд АСЕМ-ын идэвхтэй оролцогч байсны хүчээр хийж болно гэсэн хэдэн нүүдлийн цаадхыг тэгэхэд олж харж байж. Үүгээрээ дэлхийд эзлэх Монголын “жин”, Монголоос хамаарах хамаарлыг аль болох нэмэгдүүлэх гэсэн. Үр дүнд нь Монголын оролцогч АСЕМ-ын уулзалтад оролцоод их гүрний удирдагчидтай гар бариад үг солиод ирлээ гэх мэдээнээс арай өөр мэдээтэй ирдэг, тэр уулзалтад оролцдог, зочид нь Монголын төлөөлөгчийг өөр нүдээр хардаг болсон байх учиртай юм.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед 148 оронтой дипломат харилцаатай байсан бол Ерөнхийлөгчийн суудлаас буухад нь НҮБ-ын гишүүн улсаас дипломат харилцаа тогтоогоогүй орон 14 л үлдэж, зургаан жилийн дотор 33 оронтой харилцаа тогтоосон гурван улстай дипломат харилцаа тогтоох асуудал УИХ дээр үлдлээ” гэж байсан. Шинжээчид үүнийг “Хамгийн даруухнаар хэлэхэд том амжилт” гэж дүгнэсэн байдаг.
Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хоёр жилийн дараа буюу 2011 оны есдүгээр сарын 9-нд 184 дүгээр зарлигаа гаргаж, НҮБ-ын 67 дугаар чуулганы индрээс Цөмийн хаягдлыг Монголын газар шороонд булахгүй байх тухай мэдэгдэл хийж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон баталгаажуулж гарын үсгээ зурсан юм. Энэ үед Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 52 дахь гишүүн орон нь болж элссэнээр Монгол Улсын гадаад дахь нэр хүнд, аюулгүй байдал, хамтын ажиллагааны цар хүрээ нэмэгдэж Монголыг Азийн хүрээнд биш, хоёр хөршөөр нь биш, Монгол Улс гэдгээр нь харах боломжийг нэмэгдүүлсэн. Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга ч бас л нутгийнхан нь тоогоогүй ч гадныханд үнэлэгдсэн ажлуудынх нь нэг бөгөөд бүс нутаг, олон нийтийн дэмжлэгтэйгээр Монголын гэсэн хаягтай идэвхтэй механизм болон хэрэгжсээр байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Монголд болсон АСЕМ-ын уулзалтад оролцохдоо “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлснийг хэвлэлүүд хүргэж байлаа. Мөн “Өр тэглэсэн” гэдэг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “баларшгүй нэг гавьяа” байдгийг дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч давтаж хуучин өрийг тэглэсэн. Харин байгаагүй зүйлийг бий болгоно гэдэг өөр. Гацаж байсан асуудлыг гацаанаас гаргавал гавьяа. Монгол Улсын иргэд ОХУ-д визгүй зорчдог болсон. Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, олон асуудлыг шийдсэний дотор дипломат паспорттай монгол иргэдээ визээс чөлөөлж, энгийн паспорттай иргэддээ олон удаагийн виз олгохоор болсныг дурдаж болно. Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай арав гаруй удаа уулзсан гэдэг. Үүнээс хамгийн үр дүнтэй нь БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны Төрийн тэргүүний төрийн айлчлал амжилттай болж өнгөрсөн. Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт, санхүү, банкны салбарт свопоор дамжаад оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа аль ч орноос илүү байгаа. Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, санхүү, банкны салбарт хамгийн том хамтран ажиллагч энэ оронтой бид өөрсдийн дүрмээр, тодруулбал Үндэсний аюулгүй байдлын өөрийн үзэл баримтлалтайгаар “тоглох” нь чухал болоод байна.
Цаг эрт байна. Одоо Монголын ард түмэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас үүнээс илүү үр дүнг хүсэх эрхтэй.
МОНГОЛД БОЛСОН АСЕМ ЮУ ӨГӨВ
АСЕМ-ыг Монголд зохион байгуулах амар байгаагүй. Гэвч цаашдын үр дүн нь чухал байв. Тиймээс хардлага сэрдлэг, хөрөнгө зардлын эрсдэлээс үл бэрхшээн зохион байгуулсан. АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, олон улсын хоёр байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид, тухайлбал 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон. Сонирхуулахад, энэ үеэр Хатагтай Меркель Монголын АСЕМ-д ирж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гар барьсныг АСЕМ-ын анхны сонин хачин болгон хэвлэлүүд бичицгээж байв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар хийсэн Монгол Улсад албан ёсны айлчлал АСЕМ-ын өмнөхөн болж, 38 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлчхөөд АСЕМ-д оролцсон нь түүх болж үлдэнэ. Мөн Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнтэй хийсэн хэлэлцээрээр Сингапурт 30 хоног визгүй зорчихоор болсноос эхлээд олон үр дүнг дурдаж болно. Эдгээрээс хамгийн чухал нь “Улаанбаатарын тунхаглал” юм.
Үүнд Ази, Европын хооронд харилцан ойлголцлыг бий болгон бэхжүүлэхийн тулд Түншлэлээ бэхжүүлэх, Бодит өгөөжийг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, Уялдаа холбоог бүхий л чиглэлээр бэхжүүлэх, Албан бус шинж чанар, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан байдлыг хөгжүүлэх гэсэн таван үндсэн чиглэлээр үүрэг хүлээсэн. Мөн АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд эсвэл 3 дугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв.
Түүнчлэн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах ба түүний удирдлага, хүнс-ус-эрчим хүчний аюулгүй байдал, эх газрын болон далайн нөөц баялаг ба хууль бус, бүртгэгдээгүй болон хяналтгүй загас агнууртай холбоотой асуудлууд, боловсрол, ядуурлыг арилгах, цэнхэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, либералчлах, шинжлэх ухаан, технологи, инноваци, тээвэр, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа, чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн чадавхижуулалт, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг маш өргөн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Тэр ч байтугай дараагийн арван жилдээ АСЕМ-тай хэрхэн хамтрах ойрын төлөвлөгөөгөө танилцуулж АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн тэргүүн, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бид АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан АСЕМ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байдаг.
Ц.ОРХОН
Холбоотой мэдээ