Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар "Дархан Монгол ногоон" /ДМ/ нэгдлээс захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Дубайн гэрээ гэж нэрлэгдэх Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсыг төлөөлж "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлууд гарын үсэг зурсан байдаг. Монгол талаас гарын үсэг зурах эрхийг нь Ч.Сайханбилэг өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандлаа. Энэ удаа Дубайн гэрээг байгуулах эрх олгосон Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа бол цаашид Дубайн гэрээний хүчинтэй эсэхийг авч хэлэлцэхийг Засгийн газар, УИХ-аас шаардах болно.
Ганцхан баримт дурдахад тус бичиг баримтын 8.4-т англи, монгол хэлээр тус бүр долоон хувь үйлдэнэ гэж заасан хэрнээ Дубай хотод монгол хувилбар дээр гарын үсэг зураагүй байдаг. Гэтэл монгол хэлээр бичсэн хувь байхгүй. Тэгэхээр Монголын талаас Дубайн гэрээ хүчинтэй юу гэдэг асуудал гарна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өнөөдөр ч, ирээдүй ч хохиролтой гэж тэд үзэж байна гэж ярилаа.
Мөн ДМ нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123-р захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгохоор нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд хандаад байгаа юм.
Э.АРИУН