Наоми Китахара: Ажлын цагийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй | News.MN

Наоми Китахара: Ажлын цагийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй

Наоми Китахара: Ажлын цагийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй

Наоми Китахара: Ажлын цагийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй

Саяхныг хүртэл ихэнх гэр бүл олон ам бүлтэй, дунджаар таван хүүхэдтэй байсан. Нэгэн цагт дэлхий даяар төрөлтийн түвшин ижил байсан бол өнөө үед харилцан адилгүй ялгаатай байх болжээ. Энэ нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой болохыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов. Тус сангаас өнөөдөр /2018.10.22/ “Дэлхийн хүн амын байдал” илтгэлийн дүнг танилцууллаа.

Илтгэлд дэлхийн улс орнуудыг одоогийн хүн амын төрөлтийн динамикаар нь ангилсан ба Монгол Улс “төрөлтийн түвшин багатай”  ангилалд оржээ. Одоогоос 10 жилийн өмнө манай улсад хүн амын төрөлтийн түвшин өндөр байсан бол өнөөдөр эрс буурсан байна. Иймд  Засгийн газар гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхдээ ажлын цагийг уян хатан болгох шаардлагатайг сангийн зүгээс онцолсон юм. Энэ хүрээнд хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлж, эцэг эхэд цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж, орон сууц худалдан авах боломжоор хангах нь зүйтэй аж.  Энэ талаар сэтгүүлчид Наоми Китахарагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Орчин үед ипотекийн зээлд хамрагдсан, орон сууцтай болохыг хүсч буй залуу гэр бүл хүүхэд төлөвлөдөггүй. Цөөн хүүхэдтэй байх нь эдийн засгийн ачаалал бага гэж үздэг. Монголд төрөлт буурсан шалтгаан нь юунд байна вэ. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна уу?

Монгол Улсад 2013 онд эдийн засгийн үзүүлэлт маш сайн байсан. Үүнээс хойш хүнд хүчир үеийг тууллаа. Эдийн засаг хямрахад эдийн засгийн төсөвт хэмнэлт хийдэг. Хасах бүрд Монгол Улсын бүх салбар уналтад ордог. Ялангуяа нийгмийн салбар өртдөг. Энэ нь боловсрол, эрүүл мэнд юм. Тиймээс нийгмийн салбараа хамгаалж авч үлдэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, Монгол Улс бага төрөлттэй улс орны тоонд орсон нь үнэн. Гэхдээ энэ үзүүлэлт нэг хэмжээндээ байдаггүй. Арван жилийн өмнө төрөлтийн түвшин өндөр байсан бол дараа нь буурч, дахин өссөн гэх мэт. Энэ бол эдийн засгийн  хөдөлгөөнтэй холбоотой. Ипотекийн зээлд хамрагдсан гэр бүл хэрэгцээнээсээ хамааран  хүүхэдтэй болохыг хүсээд байдаггүй нь ч үнэн. Илтгэлд “Хүний амьдрах орчин байр сууц хүртээмжтэй байх хэрэгтэй, хүн бүр байр орон сууцаа худалдан авах бололцоотой байх ёстой. Энэ бол хүний эрхийн нэг тал юм” гэж дурдсан. Хүн байр орон сууцаар хангагдсан үед нөхөн үржихүйн эрхээ эдэлж, сонголтоо хийж чадна гэдгийг хэлсэн.  Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран төрөлт их, бага байх нь хамаарна.

– Дэлхийн хүн амын тайлан мэдээнд дурдсанаар гэр бүл рүү хандсан бодлого чухал гэдгийг хэлсэн. Монгол Улсад энэ бодлого ямар түвшинд байна гэж дүгнэж байгаа вэ. Тухайлбал ажлын цагийг уян хатан болгох асуудлыг онцолсон шүү дээ?

Би хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна. “Дэлхийн хүн амын байдал 2018” илтгэлд дурдсан чухал зүйлд аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь нь хүний эрх. Тухайн улс оронд хүний эрх хангагдсан тохиолдолд эдийн засаг хөгждөг. Аливаа хосууд хэзээ, хэдийд хэдэн хүүхэдтэй болохоо сонгодог эрх нь бүрэн хангагдсан үед улс орон хөгжиж, нийгмийн эдийн засгийн байдал сайжирдгийг тайланд нотлон харуулсан. Энэ нь 2030 оны тогтвортой хөгжлийн зорилго дахь хамгийн чухал үндэс суурь юм.  Нөхөн үржихүйн эрхийг хангахын тулд аливаа улс орны Засгийн газар гэр бүлд ээлтэй бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, тайланд ажлын цагийг сургууль цэцэрлэгийн цагтай уялдуулах асуудлыг тусгасан. Хичээл өглөө 09.00 цагт, эцэг эхийнх нь ажил 08.00 цагт байвал эцэг эх ажлаа яаж зохицуулах вэ. Тиймээс цэцэрлэг сургуулийн цагийг ажлын цагаас эрт эхлүүлэх, ажлын цагийн хуваарийг багасгаж хүүхдээ цэцэрлэгээс нь авах боломжийг бүрдүүлэх, гэр бүлдээ зарцуулах цаг олгох нь чухал юм. Улаанбаатар хотод  замын түгжрэл асуудал болж байгаа нөхцөлд ажил сургуулийн цагийг зохицуулсан бодлого маш чухал шаардлагатай.

-Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад нийслэлтэй харьцуулбал эрс ялгаатай. Энэ ялгааг арилгахын тулд юунд илүү анхаарал хандуулах ёстой вэ?

Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн чанартай хүртээмжтэй тусламж авахад орон зайнаасаа хамаарч бэрхшээл тулгардаг. Гэхдээ эрүүл мэндийн тусламж авах үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сум, өрхийн эмнэлэгт байшин бариад байх нь зөв үү гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Монгол Улсад шинийг санаачилсан бүтээлч ажил хэрэгтэй байгаа юм. Бидний хувьд нэг удаа шинэ бүтээлч ажил туршиж үзсэн. Энэ нь аймаг орон нутагт эмэгтэйчүүд гуравдугаар шатлалын эрүүл мэндийн тусламж авах бололцоог бүрдүүлэх, сумын эмэгтэйчүүд хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн тусламжийг авч байгаа бололцоог бүрдүүлэх сонирхолтой шинэлэг санаачилга хэрэгжүүлсэн. Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран аймгуудын нэгдсэн эмнэлэг, төрөх тасгуудыг мэдээллийн технологи ашиглан зайн оношилгоог хэрэгжүүлсэн. Жишээ нь, Завхан аймгийн харьяат жирэмсэн эмэгтэй төрөлтийн үед хүндрэл гарахад Улаанбаатар хот руу очиход хоёр хоног шаардлагатай. Харин зайн оношилгоогоор нийслэлд очихгүйгээр  авах шаардлагагүйгээр тусламжийг онлайнаар  авч , өвчний түүхийг нь өндөр нууцлалтай хадгалдаг. Ингэснээр гуравдугаар шатлалын тусламжийг шууд авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өвчтөний шинжилгээнд суурилсан зөвлөгөөг өгдөг болсноор эхийн эндэгдэл ч буурсан. Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсад эхийн эндэгдэл маш өндөр хувийг эзэлдэг байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр долоо дахин буурсан.

– Засгийн газар нийгмийн болон эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв зарцуулж чадаж байна уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд нийгмийн салбарт болон эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг хангалттай байлгах нь маш чухал гэж үздэг. Ялангуяа 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэр бүлд хангалттай хөрөнгө тусгах шаардлагатай байна. Төсвийн тухайд нийгмийн салбарын төсвийг хадгалах нь чухал гэдгийг цохон тэмдэглэе. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сангийн хийсэн судалгаагаар хэрвээ гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээнд 1000 төгрөг зарцуулбал энэ нь жирэмслэлттэй холбоотой зарцуулах зардалд төсвөөс гарах зардлыг 3200 төгрөгөөр хэмнэдэг гэдгийг судалгаагаар баталсан. Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээнд хөрөнгө зарцуулбал эрүүл мэндийн салбар ирээдүйд зарцуулах олон сая ам.долларыг хэмнэх боломжтой.

Зарим улс оронд залуус нь хувь хүний капитал, ажлын байрыг нэмэгдүүлэх болон бусад боломжуудыг бий болгоход хөрөнгө оруулалт хийж эдийн засаг, нийгмийн тодорхой нөхцөлийг бий болгосон нь өрхийн гишүүдийн тоо цөөрөхөд нөлөөлжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж