Гацууртыг ашиглах асуудлыг чуулганд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Гацууртыг ашиглах асуудлыг чуулганд танилцуулна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.21/ хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслөл буюу гацууртын ордыг ашиглах тухай асуудлын цсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга ажлын хэсэг байгуулан ажиллуулья. Тэр болтол энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья гэсэн горимын санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй. Ингээд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусан. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах гэж байгаа Гацууртын орд газарт Хүннүгийн өв соёлтой холбоотой археологийн олдворууд, 200 гаруй булш бунхан байгаа хэмээгээд, хожмын өдөр харамсах шийдвэр УИХ гаргах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх ордоос олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Энэ үнэн үү. Алтны олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдгийн судалгаа хийгдээгүй юм байна. Цэвдэг хөндөгдвөл тэнд хадгалагдаж буй булш бунхныг хэрхэх талаар яригдсан зүйл бий юу хэмээн лавласан. Уул, уурхайн сайд Р.Жигжид “Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй хэмээгээд яамны хувьд соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад оруулахаар санал оруулж ирсэн. Тэрхүү санал болгож буй талбайд археологийн болон палентологийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй юм билээ” гэх хариултыг өглөө. Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд цуулахаар боллоо.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж