Хиймэл сараар шөнийн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж чадах уу? | News.MN

Хиймэл сараар шөнийн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Хиймэл сараар шөнийн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж чадах уу?

Хятадын Ченду хотын нэгэн хувийн сансар судлалын институт хиймэл сарыг тэнгэрт хөөргөж, хотын гэрэлтүүлгийн асуудлыг шийдэх амбицтай төслийг олон нийтэд танилцуулаад байгаа билээ.

Хятадын өдөр тутмын сонинд тус компанийн албаныхны мэдээлснээр,  “гэрэлтүүлгийн хиймэл дагуул”-ыг 2020 он гэхэд сансрын тойрог замд оруулахад бэлэн болох бөгөөд гудамжны гэрэлтүүлгийг орлож чадах ажээ. Шинжлэх ухааны зөгнөл мэт уг төсөл нь эрдэмтдийн гайхширлыг төрүүлж, үүнтэй холбоотой олон олон асуултууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм.

БИД ЭНЭ ТӨСЛИЙН ТУХАЙ  ЮУ МЭДЭХ ВЭ?

Цахим ертөнцөд гэрэлтдэг сар буюу хиймэл дагуулыг хөөргөнө гэхээс өөр шинжлэх ухааны үндэслэлтэй, дэлгэрэнгүй мэдээллүүд тэр бүр нийтлэгдээгүй байгаа билээ

Хиймэл сарны тухай мэдээллийг анх “сансар судлал, микроэлектрониксийн системийн судалгааны байгууллага”-ын захирал Вү Чунфэнг инновацийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүний хэлснээр хиймэл сарыг хөөргөх санааг олон жилийн өмнө гаргаж, туршилт, тооцооллыг хийсний үр дүнд боломжтой гэдгийг нь нотолсон бөгөөд 2020 он гэхэд хөөргөхөд бэлэн болгоно гэж хэлсэн аж. Мөн 2022 он гэхэд гурвыг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

ХИЙМЭЛ САРЫГ ХЭРХЭН АЖИЛЛУУЛАХ ВЭ?

Хиймэл сар буюу гэрэлтдэг хиймэл дагуул нь тольтой адилхан, нарны гэрлийн тусгалыг дэлхий рүү ойлгох маягаар ажиллах юм байна.

Толин хиймэл дагуулыг олон улсын сансрын станцын адилаар дэлхийгээс 500 километрийн өндөрт байрлуулах юм. Харин дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км байдаг билээ. Хиймэл сар нь ямар хэлбэртэй байх тухай тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа боловч толин тусгалын ачаар 10-80 километр талбайд, жинхэнэ сарнаас найм дахин хурц гэрлийг тусгах чадалтай байх аж. Түүнчлэн тусгалын талбай болон гэрлийн хурц бүдэг байхыг нь тохируулах боломжтой байхаар зохион бүтээнэ гэжээ.

ЯАГААД ЗААВАЛ ХИЙМЭЛ САР ГЭЖ?

Тус ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж буй институтын захирлын хэлснээр хиймэл сар нь зардлын хувьд гудамжны гэрэлтүүлгээс хамаагүй хямд тусах юм. Хиймэл сарны тусгалын дундаж талбайг нь 50 км2 гэж үзвэл цахилгааны зардлыг жилд 444 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой аж. Мөн хиймэл сарны тусламжтайгаар тог тасарсан газруудад, тухайлбал, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшгийн үеэр гэрэлтүүлэг хийж болно гэжээ.

Шотландын Гласговын их сургуулийн сансрын системийн инженер, профессор Маттео Сериоттигийн хэлснээр энэ нь нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Гудамжны гэрэлтүүлгийн өртөг маш өндөр. Тиймээс эдийн засгийн хувьд маш их хэмнэлт гаргах боломжтой гэжээ.

ЭНЭ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮҮ?

Доктор Сериоттигийн хэлснээр шинжлэх ухааны хувьд энэ нь хэрэгжих боломж, үндэслэлтэй аж. Гэхдээ сансраас маш жижиг харагдах Хятадын Ченду хотын дээр хиймэл дагуул байнга байж гэмээнэ л гэрэлтүүлэх боломжтой. Тиймээс тусгалын байг байнга Ченду хот дээр тохируулах нь маш нарийн чимхлүүр ажил бөгөөд өнцгийг нь бага зэрэг зөрүүлэхэд л гэрэл нь өөр газар тусчих юм.

БАЙГАЛЬ ОРЧИНД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Харбины технологийн инситутын захирал Кан Вэйминий хэлснээр гэрлийн тусгал нь үдшийн бүрий шиг хэмжээтэй байх тул амьтны аймагт  сөрөг нөлөө үзүүлэхгүй аж. Харин Гласговын их сургуулийн эрдэмтэн Сериоттын хэлснээр сар нь  амьтдын шөнийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

Сонирхуулахад, Сансарт асар том толь байрлуулах санааг өмнө нь хэд хэдэн удаа дэвшүүлж байжээ. Энэхүү санааг 1993 онд Оросын эрдэмтэн дэлхийгээс 200-420 километрийн зайд толь байрлуулж байсан бөгөөд тухайн үед толины тусгалын өнцөг нь дэлхий дээр таван км радиустай байсан. Тусгал нь ийн явсаар Европыг найман км цагийн хурдтайгаар дайран өнгөрч, удалгүй дэлбэрсэн байна.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж