Евгений Плющенко буцаад мөсөн талбайдаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Евгений Плющенко буцаад мөсөн талбайдаа ирлээ

Олимпийн хошой алт(ганцаарчилсан болон баг), дэлхийн гурван удаагийн аварга, Европын аваргад долоон удаа тэргүүлсэн ОХУ-ын нэрт уран гулгагч Евгений Плющенко Япон улсад болсон тэмцээнд түрүүлж, мөсний талбайд эргэн ирсэнээ зарлалаа. Энэ сарын 16-ны өдөр Ёёгид болсон “Kinoshita Winners Open 2015” тэмцээнд тэрээр амжилттай оролцож, 86,95 (42.40+44.55) онооны үнэлгээ авч алтан медаль хүртсэн бол Японы тамирчин Нобунари Ода(85.15), Канадын Жеффри Баттл (77.28) нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд оролцсон 2010 оны олимпийн аварга АНУ-ыэ Эван Лайсачек V байрт шалгарсан байна.

Нэрт уран гулгагч энэхүү тэмцээнд оролцохын өмнө ОХУ-ын аварга шалгаруулах болон Европ, дэлхийн аварга шалгаруулах албан ёсны тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэрээр "Тэмцээн уралдаанд оролцохгүй уджээ. Энэ хугацаанд их уйдсан байна. Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсондоо сайхан байна. Бас сэтгэл бага зэрэг тайвширч байна." гэсэн байна.

Евгений Плющенко энэ сарын 23-25-ны өдрүүдэд дэлхийн шилдэг уран гулгагчид оролцдог уламжлалт "Kanagawa festival-2015"-т оролцох аж.

 


 

“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын зургаа дахь өдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болсон. Гэтэл нэрт уран гулгагч Евгений Плющенко бие халаалтын үеэр бэртэл авсан бөгөөд тэмцээнд оролцохоос татгалзсан юм. Олимпийн тоглолтын өмнө хүндхэн шалгуураас улсынхаа ганцхан эрхийг авсан түүний хувьд спортын замналаа өндөрлүүлж байгаагаа тухайн үед зарлаж байлаа. 2013 оны арванхоёрдугаар сард үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Плющенко мөнгөн медаль хүртэж, залуу тамирчин Максим Ковтун түрүүлсэн. Олимпийн наадмын ганцхан эрхийг халааслах дөхсөн Ковтун Европын аваргад тавдугаар байр эзэлснээр дахин сонгон шалгаруулалт хийж, Плющенкод энэхүү эрхийг өгсөн юм. Гэвч тэрээр анх удаа багтсан багийн төрөлд алтан медаль хүртсэн ч ганцаарчилсан төрөлд оролцож чадаагүй юм.

Дөрөв дэх олимпдоо оролцсон Плющенко олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан багийн төрлөөс алтан медаль хүртсэн. Тэрээр ганцаарчилсан төрлийн олимпийн алт /2006/, хошой мөнгө /2002, 2010/, дэлхийн аваргаас гурван алт, Европын аваргаас долоон алтан медаль хүртээд байна.

Бие халаалтын үеэр бэртэл нь сэдэрсэн Плющенко богино үзүүлбэрт оролцохоос татгалзав. ОХУ, Сочи хот,  2014.02.13

 

Сочийн олимпийн дараа сэтгүүлч Ксения Собчак Плющенкогийн нурууны зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Плющенкогийн нурууны голд хийсэн хагалгааны сорвины урт 10 см аж.

 

 

 

“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадамд эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадалгүй хөгжөөн дэмжигчид, бишрэн шүтэгчид төдийгүй спортод элэгтэй хүн бүрийн сэтгэлийг гонсойлгосон Плюшенко ийнхүү дахин мөсний талбайдаа эргэн ирлээ. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж