Б.Жавхлан: Төв банк улстөржилтийг давж гарах ёстой | News.MN

Б.Жавхлан: Төв банк улстөржилтийг давж гарах ёстой

Б.Жавхлан: Төв банк улстөржилтийг давж гарах ёстой

Б.Жавхлан: Төв банк улстөржилтийг давж гарах ёстой

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай 2019 оны төсөв болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Ирэх жилийн төсвийг сонгуульжсан, тэгш хуваарилалтгүй төсөв болсон гэх мэт олон шүүмжлэлүүд гарч байна. Та төсвийг юу гэж дүгнэж байна вэ?

-Төсвийн ерөнхий оруулж ирсэн концевцийг нь дэмжиж байгаа.  Ирэх жилийн төсвийн зорилтыг маш өндөр тавьсан. Гэхдээ потенциалаасаа гадуур биш, Засгийн газар чадна гэж оруулж ирсэн учраас дэмжээд,  батлах ёстой. Харин УИХ үүрэгжүүлж, хариуцлагажуулаад явах нь зүйтэй гэж бодож байна. Мөн УИХ гүйцэтгэлийг нь маш хянаж, дэмжих ёстой. Зөвхөн Засгийн газар биш УИХ, Ерөнхийлөгч  энэ төсвийн гүйцэтгэлийг  хангах тал дээр нэгдмэл байр суурьтай байж дэмжих нь чухал. Мэдээж шүүмжлэх зүйлс байна. Ингэж чадвал энэ төсөв ор тас биелэгдэхгүй төсөв биш. Зорилтоо өндөр төлөвлөсөн учраас эрсдэл бий. Сангийн яамнаас оруулж ирсэн тоог бид цааш нь амьдруулж, задалж харах ёстой юм. Төсвийн орлогыг 30 хувиар өсгөж тавьсан нь энэ жилийн төлөвлөж байснаас 30 хувь, төсвийн гүйцэтгэлээс 12 орчим хувийн төсөөлөлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсийн гүйцэтгэл төлөвлөж байсан орлогоосоо давж биелэгдэж байна гэсэн үг.  Наймдугаар сарын байдлаар 888 тэрбум төгрөгийн орлого давж биелэгдсэн, оны эцсээр тэрбум төгрөг давах хүлээлттэй байна. Орлогыг  гол бүрдүүлж байгаа зүйл нь нүүрсний экспорт. Ирэх жил 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, ямар бодит суурин дээр 42 сая тонн нүүрс борлуулахаар оруулж ирэв гэдгийг харах хэрэгтэй. 2017 онд 32 сая тонн нүүрс экспортолсон бол 2018 оны наймдугаар сарын байдлаар 27,4 сая тонн нүүрс гаргасан байна. Жилин эцэст 35-36 сая тонн гаргах хүлээлттэй байгаа юм. 2018 оны эхний таван сард гадаад харилцааны асуудлаас болж нүүрс  экспортлох төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй.  Одоо хилээр өдөрт 1000-1200 нүүрс тээвэрлэгч хүнд даацын машин хилээр гарч байна. Эхний хоёр улирал одоогийн экспортолж буй хэмжээгээр гаргах боломж байсан ч бид алдаж байсан. Алдаж байхад 35-36 сая тонн нүүрс экспортлох хүлээлттэй байгаа. Тэгэхээр ирэх онд одоогийн темпээр өдөрт 1000-1200 орчим нүүрсний машин хилээр нэвтэрч чадвал 42 сая тонн нүүрс гэдэг бол хамгийн доод хэмжээ нь гэж харж байна. Гэвч хил гаалийн нэвтрэх чадварыг сайжруулах, хамгийн чухал нь гадаад харилцааны асуудал. Гадаад харилцаан дээр харилцан ашигтай, өгөөжтэй байх бүхий л боломжууд дээр ажиллах ёстой. Тэгэхээр энэ зөвхөн Засгийн газрын бус бүх институц хоорондын хамтын чармайлт байх ёстой.

"ЗАСГИЙН ГАЗРААС ОРУУЛЖ ИРСЭН ТӨСВИЙН ТОМ МАТРИЦ НЬ ХӨДЛӨХГҮЙ"

-Орлого, зарлагаа хэр бодитой төлөвлөсөн байна вэ. Ялангуяа орлогын хувьд дотоод болон гадаад эрсдэлүүдийг хэр бодит тооцсон байна вэ?

-Дотоод талд бид өөрсдөөс шалтгаалсан гадаад харилцааны асуудалд маш сайн анхаарах, алдаа гаргахгүй байх ёстой.  Гол түншээ худалдаа авалтаа зогсоох хэмжээнд хүргэж болохгүй. Дээрээс нь сүүлийн үед их гүрнүүд хоорондын харилцан худалдааны хоригууд байна. Худалдааг дагасан валютьн урсгалд өөрчлөлт, харилцан эдийн засгийн үйлдлүүд гарч байна байна. Жишээлбэл, Хятадын экспортод АНУ 25 хувийн татвар тавьсан нь Хятадын эдийн засгийн тодорхой хугацаанд  саармагжуулна.  Үүнээс болж Хятадын эдийн засагт огцом өөрчлөлт орох вий гэсэн болгоомжлол байна. Мөн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн хувьд огцом буурахгүй ч одоогийн үнээсээ бага зэрэг бууралттай байна гэж экспертүүд дүгнэж буй. Тэгэхээр Засгийн газар ийм өөдрөг төлөвлөлттэй орж ирж байвал бид үүнийг батлаад явуулах ёстой.  Харин зардлаа төсөвлөхийн тулд ОУВС-ийн өмнө хүлээсэн төлөвлөгөөт матрицууд  бий. 2017 онд бид 17 хувийн алдагдалтай төсөв хүлээж авсан бол шат дараатай буулгасаар энэ жил зургаан хувь, 2019 онд зургаан хувиас доошгүй байхаар тооцож зардлын дээд түвшин 11,5 их наяд төгрөгт багтаасан. Сонгуулийн өмнөх жилийн төсөв, тойрог руу чиглэсэн төсөв байна гэх шүүмжлэлүүд маш их гарч байна. Шүүмжлэл байна гэдэг эрүүл байгаагийн шинж. Гэхдээ зайлшгүй хийх ёстой зүйлүүд тусгагдсан. Энэ дөрвөн жилийг харахдаа хоёр жилийн мөчлөгт хувааж хармаар байгаа юм. Эхний хоёр бид юу хийв. 2016 онд хүлээж авсан эдийн засгийг тогтворжуулах, дараагийн эдийн засгийн өсөлтийн суурийг хангаж чадсан гэж харж байна. Цаашид  хөрөнгө оруулалтаа нэмэх, эдийн засгаа тэлэх төсөв зохиож, түүнийгээ дагасан хөрөнгө оруулалтаа нэмж, цалин, тэтгэврээ нэмэх боломжуудыг бий болгож байгаа нь сайн талтай. Мөн улс төрийн мөчлөг. 2016 онд ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж сонголтоо хийсэн. Бид эдийн засаг хүнд байсан гэж ярьж очихгүй. Тэгэхээр бид мөрийн хөтөлбөрт тусгагдсан том том ажлуудаа хийхээс өөр аргагүй.

-Сонгуульжсан төсөв батлахаас өөр аргагүй гэж үү?

-Сонгуульжсан гэхээс илүү  ард түмний хүлээлтийг бий болгосон мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдийг бид хийхээс өөр арга байхгүй. Одоо эдийн засгийн өсөлт нэмэгдэж, боломж гарч байгаа үед хийх ёстой. Үндсэн хууль, сонгуулийн хуулиар ч гэсэн хийхээс өөр аргагүй зүйлс. Хэт сонгуульжсан, үргүй зардал гэж би огт харахгүй байна. Бүгд л нийгмийн шаардлагаар одоо байгаа хэрэгцээтэй хөрөнгө оруулалтууд. Жишээлбэл, би зөвхөн өөрийн тойрог дээрээ жишээ авахад, орон нутагт хэрэгтэй, орон нутгийн эрэлт, захиалгаар хийгдэж байна. Сургууль, цэцэрлэг, өргөтгөл, орон сууцны их засвар гэх мэт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтууд байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Дархан хотыг үйлдвэржилтийн бүс болгох зорилгоор томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж буй. Дулааны цахилгаан станцыг өргөтгөх, үйлдвэрийн парк  байгуулахад бэлэн дэд бүтэц, хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Мөн цэвэр усны байгууламжаа бүрэн шинэчилж, ирэх жил дуусгана. Дархан хотын 50 хувийг нь хангадаг гол дэд бүтэц, инженерийн шугамаа төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж чадсан. Том үйлдвэрийн суурин газар, дэд бүтцийг бүрэн шийдэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ бол Улаанбаатарын төвлөрлийг саармагжуулах, үйлдвэрийн парк, үйлдвэржилтийг хүлээж авахад саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэг шиг бүрэн шинэчлэгдэж, хангагдаж байгаа. Одоо гол хүлээгдэж байгаа ажил бол Дархан-Улаанбаатар хоорондох авто замын шинэчлэлийн ажил байна. Нэгэнт бид орон нутгаас сонгогдсон төлөөлөл учраас эдийн засаг, дэд бүтцийн асуудлыг хамгийн сайн мэдэж, төлөвлөх хүмүүс нь гишүүд. Тойрогтоо ямар дэд бүтэц, бүтээн байгуулалт шаардлагатай санал, хүсэлтээ яамдад хүргэж, яамдаас шүүгдэж, Сангийн яам руу шилждэг. Сангийн яам нийт хөрөнгө оруулалтдаа  тааруулж, хуваарилдаг. Түүнээс гишүүдэд тусгайлан хуваарилсан хөрөнгө оруулалт гэж байхгүй. Хамгийн чухал  нь 2019 оны төсвийн макро үзүүлэлтүүд  болох нийт орлого, алдагдал нь тодорхой барих хэмжээнд байх ёстой. УИХ-аас ажлын хэсэг гарч, төсвийн хөрөнгө оруулалтыг нэг бүрчлэн шалгаж, тодорхой хөдөлгөөн орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ оруулж ирсэн төсвийн том матриц нь хөдлөхгүй гэж бодож байна.

-Зарим гишүүдийн зүгээс зураг төсөлгүй маш олон төсөлд хөрөнгө оруулахаар тусгасан байна гэж шүүмжлээд байгаа. Энэ нь төсвийн хуулиа ч зөрчиж байна гээд?

-Мэдээж зарим нэг аймгийн хөрөнгө оруулалтыг нөгөөд шилжүүлэх асуудал байж болно. Жил жилийн төсөвт хийгддэг л жижиг засвар. Сургууль, цэцэрлэгийн барилга гэхэд жишиг зураг гэж байдаг. Орон нутагт, нийслэлд ч нэг жишиг зургаар баригддаг бүтээн байгуулалт бий. Сангийн яамнаас хэлснээр бол бүх хөрөнгө оруулалт тусгайлан болон жишиг зураг төсөлтэй, огт зураггүй төсөл нэг ч байхгүй гэсэн.

-Нийгмийн чанартай хөрөнгө оруулалтад ойролцоогоор хоёр их наяд төгрөг, орон нутагт 140 тэрбум төгрөгийг тавьсан нь асар өндөр, том бүтээн байгуулалт, эдийн засгаа төрөлжүүлэх хөрөнгө оруулалт байхгүй байна гэж  сөрөг хүчин шүүмжлээд байгаа?

-Бид эдийн засгаа төрөлжүүлэх, дараагийн эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Үүнийг богино хугацаанд бус урт хугацаанд хийдэг. Огт хийхгүй байгаа зүйл биш. 2016 оны нэн тэргүүнд эдийн засгаа тогтворжуулах шаардлагатай байсан. Үүнийгээ эхний хоёр жил хийсэн гэж би харж байгаа. Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж чадах, чадахгүй зүйл гэж байна. Жишээлбэл, эдийн засгийн шилжилтийг хийхийн тулд дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Ялангуяа стратегийн гол бүтээгдэхүүн болох эрчим хүч, шатахууны салбар бол эдийн засгийг төрөлжүүлэх гол сууриа бэхжүүлэх шилжилтүүдийг бид хийж байна. Энэтхэг улсын зээлээр Газрын тосны үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалт хийгдэж байна. 2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Тэр болтол бид шатахууны салбарт түр тэсвэрлэлт хэрэгтэй байгаа юм.  Түүнээс цааш интервенц хийх гол тоглогчтой болох учраас дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад явах боломжтой. Энэ бол эдийн засгийг төрөлжүүлэх маш том суурьтай болж байна гэсэн үг. Орон нутгийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй хийх шаардлагатай. Орхигдуулж болохгүй нийгмийн асуудлууд.  Эдийн засгийг төрөлжүүлэхэд  хамгийн амжилттай яваа салбар бол хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн салбарыг зээл, тусламж зэрэг бүхий л сувгаар маш амжилттай дэмжиж ирсэн. Үүний үр дүнд, мөн цаг агаарын таатай нөхцөл нөлөөлснөөс  энэ жил ургац хураалт 75 хувьтай, 315 сая тонн тариа хураана  гэж байна. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Газар тариалангийн салбараас төсөвт ирдэг дарамт ирэх онд бүрэн байхгүй болно гэсэн үг. Барилгын салбарыг гэхэд ипотекийн зээлээр дамжуулан үйлдвэрлэх салбарыг маш сайн хөгжүүлж буй. Эдийн засгийн өсөлтөөрөө дамжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг төр хийх ёстой. Гэх мэтчилэн эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр ажлууд хийгдсээр, алхам алхмаар явж байна.

“ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО ХАРИУЦДАГ БҮТЭЦ АЛГА”

-Яамд хөрөнгө оруулалт авах тал дээр хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлчихдэг. Гэтэл эсрэгээрээ орлого төвлөрүүлэлт дээр яамд хэр санаачилгатай ханддаг юм бол. Энэ чиглэлээр төсөвт суулгасан эерэг үзүүлэлт харагдаж байна уу?

-13 яамны хэд нь орлого олдог вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ихэнх нь зарлага гаргадаг. Гол орлогыг гааль, татвар бүрдүүлдэг, үүнийг дэмждэг хэдэн дэд бүтцийн яамд, бусад салбар гэж байдаг. Уул уурхай зонхилдог улсын хувьд орлого төвлөрүүлдэг ганц яам нь Сангийн яам. Сүүлийн үед улам тод ажиглагдаж байгаа нэг сул тал бол Засгийн газрын түвшинд гадаад худалдаа буюу төлбөрийн тэнцэл. Эдийн засгийн бүтцүүдийг нийлүүлж тооцоолдог, дүр зураг гаргадаг Засгийн газрын бүтэц өнөөдрийг хүртэл байхгүй байна. Гэтэл манай эдийн засаг цэвэр экспорт, импортоос шууд хамааралтай. Энэ жил төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая гараад явчихлаа. Түүнийг задлаад харахаар томоохон бондуудын төлбөр хийгдсэн, импорт 40 хувиар нэмэгдсэн байгаа юм. Хэрэглээний импортын дийлэнхийг нь уул уурхай, газар тариалан, барилгын салбарын тоног төхөөрөмжийн худалдан авалт нэмэгдсэн. Гэхдээ энэ импорт ирэх жилүүдээс баялаг бүтээж, экспортыг дэмждэг болно.  Энэ жил гадаад худалдааны тэнцэл нэмэхтэй гарч, нэг тэрбум ам.доллар давсан ашигтай гарсан. Харамсалтай нь үүнийг дагаж орж ирэх гадаад валютын урсгал, тэнцэл алдагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид хэдий хэмжээний гадаад валютын худалдаа хийнэ, төдий хэмжээний валютын орлого орж ирэх байсан ч орж ирэхгүй байгаа юм. Энэ нь гадаад худалдааны алдагдал үүсч, төлбөрийн тэнцэл алдагдахад хүргээд байгаа юм. Эдийн засаг тэлэх тусам бид алдагдалгүй болох бодлого баримтлах бол алдагдал улам нэмэгдэнэ. Гадаад худалдааны тэнцэл нь нэг тэрбум ам.долларын нэмэгдэлтэй хэрнээ хагас тэрбум ам.долларын алдагдалтай, улам л нэмэгдээд байгаа юм. Энэ хэсгийг удирддаг Засгийн газрын маш хүчтэй институци шаардлагатай байна. Төв банк инфляц дээр гол зохицуулагч институци, валютын бодлого дээр Засгийн газар бодлогын гол зохицуулагч байх ёстой байдаг. Гэтэл Төв банк Валютын зохицуулалтын хуулиар энэ хоёр институцийн ажил үүргийг зааглаж өгөөгүй 28 жил явсаар ирсэн. Төв банк валютын ханшийг зарлаж, валютын савлагааг зөөлрүүлэхээс өөрийг хийж чадахгүй шүдгүй арслан мэт байдаг.  Засгийн газар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр Төв банктай хамтарч, бодлогоо зөв тодорхойлох шаардлагатай байна. Ирэх онд мөнгөний бодлогын амаргүй сорилтын жил болно. Ирэх онд төсвөө дагаад эдийн засгийн тэлэлт бий болно. Тэгэхээр хэрэглээ, эрэлт талаасаа инфляцыг одоо байгаа найман хувьд барихын тулд магадгүй Монголбанкны мөнгөний бодлого чангарах, эдийн засгийн тэлэлтийг зохистой түвшинд барихын тулд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах бодлогын сонголт хийхээс өөр аргагүй нөхцөл үүсч болзошгүй. Тэгэхээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нөөцдөө хямгатай байх ёстой. Шулуухан хэлэхэд, Төв банк энэ улстөржилтийг давж гарч, валютын нөөц, тогтвортой байдалд гол бодлогоо чиглүүлэх ёстой юм.

-Ханш өсөхөд дарамт нь шууд иргэдийн амьдралд нөлөөлж буй. Төгрөгийн ханшийг барих нь Төв банкны үүрэг шүү дээ?

-Бид импортлогч орон. Шууд болон шууд бус замаар инфляцид нөлөөлдөг гол хүчин зүйл бол валютын ханш.  Нэгэнт макро эдийн засаг ийм байсаар байтал богино хугацаанд аргацааж, ханшаа барих гэвэл эдийн засаг сууриараа маш хэврэг болно. Ингэхийн бол макро түвшинд тэнцвэрээ алдах, түүнээсээ ч илүү эдийн засгийн хувьд хохирол амсана.

“ОХУ-ААС АВАХ ШАТАХУУНАА РУБЛИЭР АВАХ ТАЛААР ОЛОН ЖИЛ ЯРЬЖ БАЙНА”

-Долларын ханш, шатахууны үнийн өсөлт иргэдэд илүү их дарамт болж байна. Шатахууны үнийг богино хугацаанд барих боломж бий юу?

-Шатахууны үнэд Засгийн газраас нөлөөлж болох татварын бодлого л байна. Онцгой, гааль, НӨАТ-ын татварууд. Гэтэл бид өмнө нь онцгой татваруудаа тэглэсэн, дизелиэс бусдынх нь. Одоо гаалийн татвар тав, НӨАТ-ын татвар 10 хувь байгаа бөгөөд энэ хоёр татвараар л оролдох боломж байна. Олон улсын сайн туршлагаар бол шатахуун үнэтэй ч олон жил тогтвортой байгаа. Яагаад гэвэл онцгой албан татвар нь маш өндөр. Тэр нь шатахууны үнэ олон улсын зах зээл дээр өсөөд ирэхэд онцгой албан татвараа буулгадаг, буух үед нь буцаагаад нэмдэг байгаа юм. Гэхдээ тогтоосон дээвэр үнээс доош байлгадаг. Гэтэл Монголд Онцгой албан татвараа тухай бүрт нь гал унтраах байдлаар бууруулсаар тэглэсэн.  Уул уурхай яамнаас мэдээлж буйгаар Роснефттэй үнээ буулгах тал дээр хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. ОХУ газрын тосны салбарт дэлхийн зах зээл дээрх хэлбэлзлээс үл хамаарч тоглолт хийх потенциалтай учраас Засгийн газар тодорхой хугацаанд боломжтой гэрээ, хэлэлцээр хийх боломжтой. Гэхдээ Засгийн газрын түвшинд зарим эрх нь хязгаарлагдмал болж эхэлнэ. Тэгэхээр 2022 он хүртэл ямар нэг байдлаар тэсэх л хэрэгтэй.

-Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас авахдаа рублиэр авч болдоггүй юм уу?

-Бид хоёр хөрштэйгөө худалдан авалт хийхдээ ихэвчлэн ам.доллараар хийдэг. Хойд хөрштэйгөө рубль, урд хөрштэйгөө юаниар хийх боломжийг бид эрж, хайх хэрэгтэй. Гэхдээ шатахуунаа рублиэр худалдан авах талаар бид маш олон жил хэлэлцээр хийгээд чадахгүй байгаа юм.  ОХУ-ын хувьд шатахуун бол гол экспортын бүтээгдэхүүн нь нь учраас зөвшөөрдөггүй юм. Цэвэр улс төр, геополитикийн асуудал болоод байгаа юм. Монголын авч буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээ ОХУ-ын экспортын нэг хувьд ч хүрдэггүй, маш бага хэмжээтэй. Бид очоод хэлэлцээр хийе гээд, своп хэлэлцээр хийе гэсэн ч зөвшөөрдөггүй. Харин БНХАУ-ын Төв юаниар худалдаа хийх сонирхолтой, гадаад бодлоготой уялддаг учраас своп хэлэлцээр хийж болоод байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-22 202.9.43.124

Муу оросууд манайхыг их боох юмаа рублээр тооцоо хийхгуй УЦСтанц бариулахгуй хос Темерзам тавиулахгуй тэгэхлээр бидний дайсан л болж таараад бн даа

Avatar

Зочин 2018-10-22 64.119.24.81

ХЭН ИЙМ ХОГЫН ШААРНУУД СОНГО ГЭСЭН ЮМ СОЛИОРОЛД АВТСАН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НОВШНУУД МАНАН ХУ Ж АА ХУЛГАЙЧ

Avatar

Уншигч 2018-10-22 64.119.18.43

Хийх хэрэгтэй гэж юу яриад байгаан, та нар хийнэ, сайжруулна гэж сонгогдсон биз дээ, худлаа ярьсан, эрх мэдэлд шунагчдийн нэг бол энэ нѳхѳр.

Avatar

zochin 2018-10-22 66.181.183.234

Olon jil tov banktai ner holbogdson hiisen ajilchin mongonii hansh unsan shuu.

Avatar

shiid 2018-10-22 203.91.115.50

sudlaach hundred shig dugnelt hiigeed yavah yum. Shiid gej shidver gargach bolgoo biz dee

Avatar

МАН-ын гишүүн 2018-10-22 66.181.179.190

Монгол Банкны Ерөнхийлөгчийг солилоо гээд ногооны ханш буурдаггүй юм аа Аюурсайхаан. Гадна талд улам л итгэл буураад нөгөө ногооныг чинь цаанаас улам өсгөдөг юм. Даваасүрэн ч гэсэн дээ, юм юманд цовхчдог оо болих хэрэгтэй. Хэдэн станцаа барвал болог. Энэ бүхнийг удирдан зохион байгуулах хэрэг байна уу Содбаатар аа. Та нар оронд нь өөрсдийнхөө л нэг гарыг тавих гэж байгаа биз. Энэ чинь эцсийн дүндээ Та нарт ерөөсөө сайн юм авч ирэхгүй за. Шунал, тачаал, атаа, хорслоо жаахан татаж үз.

Avatar

Зочин 2018-10-22 202.126.89.62

Хөөё жавхлан чи тэр хүрэлбаатарт жаахан зөвлөгөө өгөөч тэр эзгүй хээр хоёр гурван хүнд зориулж хэдэн тэрбумаар орд харш босгож өгөх бодлогыг буруу гээд хэлээдхээч

Avatar

Зочин 2018-10-22 66.181.168.8

Үнэн хэлжээ Юм мэддэг хүн сайхан юм даа

Avatar

ggg 2018-10-22 202.126.89.18

bitii dur esge chi mongoliin banknii oligarh systemiin gar hul ni shuu darhnii ard tumend gj garlaa dahij chi hereggui shuu

Avatar

ЗУУНЫ ШИЛДЭГ татварын дээрэм 2018-10-22 202.21.100.210

2020 оны сонгууль ойртож байна МАН яах болов уу. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт огт байхгүй 7 төрлийн татвар нэмж айл өрх бүрийн орлогоос дээрэм хийсэн. НДШ архи тамхи машин шатахууны онцгой албан татварыг нэмж хүүхдийн хадгаламжийн хүүнээс 10% татвар авдаг болсон. Хөрөнгөө хураалгасан карман дах мөнгөө дээрэмдүүлсэн ард түмэн дэлхийн түүхэнд эзэн ноёноо унагааж байсан түүх нь их. УБ ба Дархан Эрдэнэт хотуудад МАН ялагдана.

Avatar

МАН-ын гишүүн 2018-10-22 66.181.179.190

Энэ улс орныг чинь ингэж байж л босгодог юм. 90 онд ч, энэ онд ч ингэж л босч байлаа. Та нар мэдэхгүй л дээ. АН-ын үеийн гай түйтгэрийг л засч байна. Ард түмэнд л ачаа болно шүү гэдгийг тэр үед нь мөн ч хэлсэн биз. Санаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж