Шатахууны үнийн дарамтаас ангижруулах “утопи” субботникийн тэргүүн эгнээнд Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар зүтгэж яваа харагдана. Гэвч ам.долларын ханш, дэлхийн зах зээл дээрх ханшаас шалтгаалан шатахууны үнэ өссөөр Засгийн газрыг огцруулах шалтгаан болох нь.
ОХУ-ын төрийн өмчит “Роснефт,”-ийн төлөөлөгчид “Монголчууд үйлдвэрээ мөддөө барьж амжихгүй, бидэнд цаг хугацаа байна” гэсэн дүгнэлттэйгээр даалгавраа биелүүлээд буцлаа. Харин монгол дарга нар “Оросууд нүүрсээ зөөхийн тулд Монголтой харилцаагаа сэргээх хүсэлтэй байна. Тэгэхээр оросуудтай нийлж татваргүйгээр хуурамч шатахуун оруулж ирж татвар төлдөг, “ориг” шатахуун импортлогч “монополь” хочит хэдэн компанийг тас цохиж ашиг олох боломжтой” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хуурамч шатахуун борлуулах, завсрын бүтээгдэхүүн импортлон холих нь хууль зөрчсөн үйлдлээс гадна татвараас зайлсхийх башир арга юм. Иймээс газрын тосны боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татварын хувь хэмжээг өндрөөр ногдуулах, мөн холбогдох хуульд газрын тосны боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн импортлох, худалдаалахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг оруулах, гаалийн хяналт болон бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Гэтэл бодит байдал дээр энэхүү хууль бус бизнест төрийн өндөр албан тушаалтнууд шуналтайяа оролцож эхлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэлийн “магнатууд” буюу энэ зах зээлийн том тоглогчид болох “Ай Си Ай Си” болон “Петролиум продакш”, тэдний цаадах эздийн ашиг сонирхлоос харж болно.
Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн оруулж ирэх боломжтой талаар УУХҮСайдын баталсан 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/08 тоот “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам”-д тусгасан байдаг. Гэвч Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байхгүй тул эдгээр гадаад орны боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнүүд зөвхөн хуурамч шатахууны түүхий эд байдлаар импортлогддог. Керосин, нафта, хөнгөн фракцын нэгдлүүд зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт илт нэмэгдэж байгааг гаалийн мэдээ, ОХУ-ын мэдээллийн байгууллагын эх сурвалжуудаас харж болно.
2013 оноос хуурамч шатахууны түүхий эдийн импортын хэмжээ эрс нэмэгдэж эхэлсэн. Гаалийн мэдээнээс харахад 2017 оны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын найман хувийг дайвар бүтээгдэхүүн эзэлж, 2018 онд энэ тоо 15 хувийг эзлэхээр дүр зураг харагдаж байна.
Одоо замыг нь тавьж байгаа газрын тосны үйлдвэр бариад ашиглалтад ортол овоо мөнгө эздэдээ олж өгнө. Тиймээс ч энэ төрлийн бизнесийн аварга ашиг хонжоонд өөрийн эрхгүй татагдсан өнөөгийн зарим сайд дизель түлш дээр онцгой татвар тавьж байгаад “найруулсан коктейлоо” татваргүй оруулж ирээд хямд үнээр зардаг, тэр тусмаа нийт дизелийн экспортын 20 хувь нь их гарын коктейльчдын “ар талд” ажиллахын тулд танхимаараа огцрохыг ч “аюул” гэж үзэхгүй байна. Нэр бүхий төрийн албан тушаалтан энэ наймаанд холбон тоглогч хийж, зохицуулагч болчхоод байгаа нь ч анзаарагдах болсон. Харин тэдэнтэй хариуцлага тооцож, уг ашиг хонжооны сувгийг хаах технологийн нууц нь хэнд байна вэ.
Энэ бүхнээс эцсийн бүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх л хамгийн их ганцаардаж, хүнд цохилт авч мэдэх юм. Учир нь тэрбээр “комсомол” маягийн харизмаар “Газрын тосны үйлдвэр байгуулна” гэсэн оргилуун уриа тавьж, очиж зам шалгасаар танхимынхаа зарим нөхдийн буруугаас огцрох магадлал өндөр байна.
Ерөнхий сайдын зүтгэж буй газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажилд саад учруулах “том хар гарууд” мундахгүй болсон. Ийм байхад яаж У.Хүрэлсүх газрын тосны үйлдвэрээ барьж дуусгах вэ. Барьж дуусгахгүй бол хэн баяжиж, хэн хохирох вэ.
Ер нь хуурамч шатахуунаа л хэрэглээд байвал хэр хохиролтой юм бэ. Тухайлбал, 2017 оны сүүлээр ОХУ-ын газрын тос боловсруулах хоёр ч үйлдвэрээс алкилат, стабильный бензин болон МТБЭ /метилтретбутилийн эфир/, мөн зуны дизелиэс өвлийн дизельд, өвлийн дизелиэс зуны дизельд шилжих үеүдэд ОХУ, БНХАУ-аас техникийн керосины импорт ихээр нэмэгдсэн. Мөн хийн конденсатны дистиллятийг Салаватийн нефть боловсруулах үйлдвэрээс Монгол Улс руу ихээр нийлүүлсэн. Монголын хилээр сул чөлөөтэй нэвтэрч буй завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татвар ноогдуулах талаар холбогдох албан тоотуудыг удаа дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн байдаг.
Одоогоос таван жилийн өмнө нийт татварын хил дээрх бүтээгдэхүүний өртөгт эзлэх хувь гурав байсан бол 2015, 2016 онд 19-34 хувь болтлоо эрс өсчээ. Ингэж шатахууны импорт дахь татварын дарамт нэмэгдсэн. Гэтэл яг энэ үед ам.долларын ханш чангарсан. Гадаад валютаар худалдан авсан бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулдаг импортлогчдод энэ нь хүнд цохилт болсон. Тэр хэрээр шатахууны зарим компанийн ашиг багассан юм. 2016 оны эхний хагас гэхэд шатахууны компаниуд таван хувийн ашигтай ажиллажээ. Мөн оныхоо долдугаар сард алдагдал хүлээсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүний өртгийн 51 хувийг импортын худалдан авалт, 34 хувь нь татвар, 16 хувь нь үйл ажиллагааны бусад зардал эзэлсэн байгаа юм. Төр ингэж өндөр татвар ногдуулсан атлаа үнээ өсгөхгүй байхыг шаардсан. Уг нь авсан татвараараа нөөц бүрдүүлэх ёстой байх аа. Ашгийн хэмжээ нь хумигдсан тул зарим аж ахуйн нэгж хуулийн цоорхойг ашиглаж эхэлжээ. Учир нь газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод онцгой албан татвар ногдуулдаггүй болохоор тэр.
Төр үүргийн дагуу хуурамч шатахуун нийлүүлэгчидтэй тэмцэх ёстой. Яагаад гэвэл газрын тос боловсруулах үйлдвэрийн технологи процессгүйгээр, чанар стандартын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хортой, агаарын бохирдлыг ихэсгэгч хорт бодисуудыг бууруулж чадахгүй, хөдөлгүүрийн хэрэгслийн эд ангид сөргөөр нөлөөлөх завсрын бүтээгдэхүүнээр найруулсан шатахууныг зөвхөн бизнесийн ашиг харж, татвараас зугтах зорилгоор борлуулж байгаа үйлдлийг хориглох шаардлагатай.
Хуурамч шатахууны сөрөг тал нь зөвхөн зах зээлийг тогтворгүй болгох, бизнесийн ердийн үйл ажиллагааг алдагдуулах, их хэмжээний татварын алдагдал хүлээх зэрэг биш. Шатахууны чанар стандартын шаардлага хангаагүйгээс хөдөлгүүрийн доголдол үүсэх, моторын эд анги эвдрэх, хэрэглэгч хохирох , аваар осол гарах, байгаль орчинд нөлөөлөх хор нөлөө их. Тухайлбал, автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь хуурамч бензинд 2.5 дахин их, нүүрсустөрөгчийн давхар исэл тав дахин их, бензол 12 дахин их ялгардаг, хуурамч дизелийн түлшний хүхрийн агууламж өндөр, хадгалах үед болон агуулах, шатахуун болон үйлдвэрлэх явцад дэлбэрэх аюултай гэхчлэн дэндүү аюултай, дэндүү ашигтай бизнес билээ.
Энэ бол улс төр дэх тоглолт, бизнесийн эрх ашгаас тэс өөр, нийтийн ашиг сонирхлын төлөөх асуудал. Үүн дээр Ерөнхий сайд “ганцаардаж” болохгүй. Гэвч өнөөдрийн байдлаар “хар хөшигний цаана” үүсээд байгаа нөхцөл байдал яг ийм л байна.