Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

АН-ын зурсан тойрог

АН-ын зурсан тойрог

УИХ дээр төсвийн хуваарилалт ид хийгдэж байна. Хэний тойрогт хэдийг өгөх вэ гэсэн Сангийн сайдын төсөв Ерөнхийлөгчөөс эхлээд олонхийн гишүүдэд таалагдсангүй, зарим нь ил шулуухан “хуваарилалт нь шог байна” гэж хашгирч байна.  Ирэх жилийн төсөв тун онцгой, сонгуулийн ч гэж тодотгож болно. Тиймээс том зургаар нь төсвийг харахаасаа илүү тойргоо тордож, услах мөнгөний их багын хэрүүл өнөөдрийн гол сэдэв болжээ. Мэдээж, жил жилийн төсөв байнгын шүүмжлэл дагуулдаг, Сангийн сайд болгоны харамч, муухайг гишүүд шүүмжилдэг.

Гишүүдийн хувьд 640 саяас 840 тэрбумын жагсаалт оруулж ирснийг Сангийн сайд хэлж байгаа. Гэвч, Ч.Хүрэлбаатарын боловсруулсан төсвийн төсөл хэт өөдрөг ч эдийн засгийн хүлээлтийн хувьд эсрэгээрээ. Тавьсан тоонууд нь хийсвэр, хөөс төдий. Цаашлаад харах юм бол асар их эрсдэлтэй, “ажил хэрэгч” бус, амьдралаас хэт тасарсан тоон төсөл гэж хэлж болохоор.

Эдийн засгийн тоонууд нь эмзэг хэвээр, дээр нь гадаадын хөрөнгө оруулалт сайжраагүй, төсөөлөл нь өндөр, Тавантолгойн  IPO  хэзээ  гарах нь тодорхойгүй байгаа нөхцөлд ийм өөдрөг гоё төсөл оруулж ирсэн нь эргээд Ч.Хүрэлбаатарт гай дагуулж мэднэ.  Зөвхөн нэг тоо хэлэхэд, нүүрсний Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 тэрбум ам.доллар олох тухай Сангийн сайдын мөрөөдөл биелэхэд хэцүү.   Гэтэл  “Минийх долоохон, чинийх долоо” гэж гишүүд хусмаа чамалж,  отгон дүүгээ зодоод алчихдаг долоон бор оготно шиг МАН-ынхан Сангийн сайд руугаа "довтолж" сууна.  Гэхдээ энэ нь үнэндээ гишүүдийн гэхээсээ тогтолцооны буруу юм.

Өнөөдөр дуртай болгон нь тогтолцоогоо муулж байна. Тогтолцоо гэдэг аймшигтай муухай зүйлээс болоод Монголын улстөрчид хулгай луйвар хийж, алдаа гаргаж, авлига аваад байгаа юм байх. Гэвч, тогтолцоог хийдэг, шинэчилдэг нь үнэндээ хэн бэ гэвэл асуудал нь нөгөө л улстөрчид руу зааж буй.

Улстөрчдийн хийсэн тогтолцооны алдаа нь эргээд эдийн засгаа хямраадаг, хөгжлөөс хойш чангаадгийг баталсан зүйл бол төсвийн төслийг тойрсон шүүмжлэл.  Угтаа Ардчилсан намын зурсан сонгуулийн тойргийн үр дагавар нь  өнөөдрийн төсвийн хуваарилалт нь шог байна гэсэн хэрүүл. Пропорциональ системээсээ ухарч, 76 жижиг тойрог болгон зурсан зурагны алдаа. Эрээвэр, хураавар болгон ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гээд эмээл хазаартай морь зүүдлээд явж байгаа хүн сошиалд ч олон байна.

Сонгуулийн тухай хуулийг МАН хэзээ өргөн барих нь, яаж зурах нь сонин байна. Ямартаа ч сонгуулийн хуулийг яаж өөрсдөдөө тааруулан өөрчилж, тойргийг өөрсдөдөө зориулан зурлаа ч хуугаараа гудамжинд гардгийг Ардчилсан намын гашуун сургамжийг МАН-ынхан харсан  байх л гэж найдъя.

Дараа нь бөхчин, уяач, дуучин, жүжигчин гарч ирлээ пүү, паа болохгүйн тулд шүү дээ. Ирэх 2020 оны сонгуулийн пи-ар хэдийнэ эхэлсэн, парламентад суудалтай хоёр том намын рейтинг аль, алинаасаа нэг их хол зөрөөгүй, ийм эрсдэл дунд Ардчилсан намын зурсан зургаар Ардын нам сонгууль хийвэл хорвоогийн түмэн янзын хүмүүсээр Монголын парламент дүүрч магадгүй.

Мажоритар системийг өөрчлөхгүй бол С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын нам хоёулаа ялагдал хүлээнэ. Монголын улс төрд гуравдагчийн орон зайн эрэлхийлэл ихэссэнийг тооцвол шүү дээ. Үүний нэг илрэл нь Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөхөөр бүртгүүлсэн, сүүлийн хоёр жилийн дотор хичнээн нам шинээр Улсын дээд шүүхэд бүртгүүлснийг мэдэх үү, ер нь.

Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар өөрчлөлт орж, ямар системийг сонгож байгаа нь нууц байх шиг. Ардчилсан нам шиг улаан, цэнхэрээр нь ялгасан тойрог оруулж ирээд ухсан нүхэндээ бүгдээрээ ойччихгүй гэвэл МАН ядаж холимог системээр сонгуулиа явуулах нь Төрийн ордноос ташраараа хөөгдөхөөс аварч мэдэх юм.

Ардчилсан намд анхааруулсаар байхад хамгийн муу хувилбар оруулж, үнэт зүйл, үзэл бодлоосоо урвасныхаа хариуд өнөөдөр бүгдээрээ гудамжинд лааз өшиглөөд явцгааж байна шүү.  Үүнийг сануулах учир нь Хэнтийн 42 дугаар тойрогт үүссэн мухардлаас гарахын тулд парламентаар удахгүй Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэхээр болсонтой холбоотой. Ардчилсан намын зурсан тойргоор явбал ангалд ч унаж мэдэхээр байгаа шүү, Ардын нам минь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж