Трампын шийдвэр дэлхий нийтийг "заналхийлж" байна

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Трампын шийдвэр дэлхий нийтийг "заналхийлж" байна

1987 оноос өнөөг хүртэл хэрэгжиж буй Москва болон Вашингтоны хооронд байгуулсан "Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ"-нээс АНУ гарна гэдгээ зарлалаа. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ алхмыг “болхи, бүдүүлэг” хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авах тухай мэдэгдэв. Харин улс төр судлаачид Цагаан ордны санаачилгын цаана улс төрийн дотоод шалтгаан байх магадлалтай гэж байгаа ч хэрвээ үнэхээр АНУ гэрээнээс гарвал эргэлт буцалтгүй дэлхий дахиныг хамарсан том уршиг авчрах болно гэв. Улмаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцыг бүрэн зогсоох боломжгүй болох аж. Үүнд маш том нутаг дэвсгэр болох Европын орнууд өртөнө гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизийн эфирээр Вашингтон "Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ"-нээс гарч байгаагаа мэдэгдсэн. Энэ гэрээг 1987 онд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган болон Зөвлөлт Холбоот улсын удирдагч Михаил Горбачёв нар гарын үсэг зуран, байгуулсан түүхтэй. Гэрээнд зааснаар, 500-5500 км зай туулах чадамжтай газар дээр суурилсан баллистик пуужингийн цогцолбор болон далавчит пуужинг устгах тухай авч үзсэн байдаг

Трампын хэлж буйгаар, АНУ-ын тал гэрээг цуцлах болсонд ОХУ буруутай гэв.

“Яагаад Барак Обама хэлэлцээ хийгээгүй эсвэл АНУ-ыг тус гэрээнээс гаргаагүйг би ойлгохгүй байна. Бид тэдэнд тохиролцсон зүйлээ зөрчих боломжийг олгохгүй. ОХУ хэлэлцээрийг биелүүлэхгүй байна. Иймээс бид энэ гэрээг цуцалж байна” гэж Трамп хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков Трампын энэ үйлдлийг “шантаж” хэмээн тодорхойлов.

Тэрбээр, “Хэрвээ америкчууд цаашид болхи бүдүүлэг үйлдлээ гаргасаар байвал, тэд нэг талыг барьсан байр суурьнаас хандаж, улс орнуудтай байгуулсан гэрээ болгоноосоо гараад байвал бид хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Тэр тусмаа цэрэг техникийн хариу арга хэмжээ авах болно. Гэхдээ биднийг ийм зүйл хийхэд хүргэхгүй байх гэж найдаж байна” гэж тэрбээр мэдэгдэв. Тэрбээр энэ асуудлыг Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Жон Болтон өнөөдөр /2018.10.22/ ОХУ-д айлчилна.

Вашингтон Москваг дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг зөрчсөн гэж Барак Обамагийн үеэс л буруутгаж ирсэн. АНУ-ын мэдээллээр, Москва 500 км-ээс дээш зайн тусгалтай газарт суурилсан далавчит пуужинг зохион бүтээж байх магадлалтай гэв.

2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Кристофер Форд  “9М729 пуужин болон  НАТО-гийн ангиллын SSC-X-8 пуужингийн талаар мэдэгдсэн. Гэхдээ Оросын талын хэлж буйгаар дээрх пуужин нь дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнд тусгасан зайн хэмжээг зөрчих хэмжээнд зохион бүтээгдээгүй мөн туршигдаагүй гэв.

"Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-нээс болоод АНУ болон ОХУ хоёулаа бие биедээ "гомдлоо" илэрхийлж буй. АНУ-ын талаас ОХУ "Авангард" хэмээх пуужингийн цогцолбор зохион бүтээж байгаад "гомдлоо" илэрхийлжээ. Москва тэрхүү пуужингийн цогцолборыг "тив хоорондын" гэж нэрлэж байгаа. Харин шинжээчид тус пуужин нь 2000 км зайд нисэх чадамжтай бөгөөд гэрээнд заагдсан хязгаарлалтын зайн хэмжээг онолын хувьд зөрчөөгүй гэв. 

АНУ руу хандсан ОХУ-ын "гомдлын" жагсаалтад хэд хэдэн зүйл дурджээ. Тухайлбал, АНУ пуужингийн хамгаалалтын системийг туршихдаа гэрээг бараг л зөрчсөн гэв. Пуужингийн хамгаалалтын системийг туршихын тулд зорилтот пуужингийн цогцолборууд болох Hera, MRT, Aries, LV-2, Storm, Storm-2, MRBM ашигласан. Мөн санаа зовоож буй нэг шалтгаан нь 1987 оны гэрээнд далавчит пуужин байж болохуйц нисгэгчгүй онгоцыг хамруулаагүй билээ. 

Эцэст нь, сүүлийн үед Москва пуужингийн хамгаалалтын систем Aegis суурилсан пуужингийн тухай ярих болсон. Энэ пуужин нь гэрээг зөрчсөн байх магадлалтай ажээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам сүүлийн удаа аравдугаар сарын 10-ны өдөр энэ асуудалд анхаарал хандуулав. Эхэндээ энэ систем нь далайд суурилсан байсан бөгөөд америкчууд хуурай газар суурилсан байж болохуйцаар холимог болгож шинэчилсэн. Техникийн тодорхойлолт нь түүнийг пуужингийн эсрэг ашиглахаас гадна толгойгүй цөмийн далавчит пуужин Tomahawk ашиглах боломжтой.

2016 оноос Aegis баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг Румынд байрлуулсан, 2020 он гэхэд Польшид адил системийг бий болгож, Калининград мужийн хилтэй ойр байрлуулахаар төлөвлөжээ.

ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард конгрессын сонгууль болно. Энэ сонгуульд Трамп амжилттай оролцохын тулд "Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-нээс гарах болсноо зарласан байх магадлалтай гэж ОХУ-ын ШУА-ийн АНУ болон Канадын цэрэг-улс төрийн судалгааны хүрээлэнгийн дарга Владимир Батюк тайлбарлаж байна.

Судлаачийн хэлж буйгаар, АНУ-ын ерөнхийлөгч америк-оросын харилцааг улам муутгах, мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явцад хор уршиг тарьж мэдэхүйц аюултай алхам хийж байна гэв.

Үүнээс гадна 2021 онд хугацаа нь дуусах 2011 онд байгуулсан стратегийн зэвсгийг бууруулах гэрээг сунгах асуудал болон АНУ-ын дотоод бодлогын асуудал тодорхойгүй үлдлээ. The Guardian мэдээлж буйгаар, Трампыг ийм шийдвэр гаргах болсонд Жон Болтон нөлөөлсөн гэх.

ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ УРЛАГ 

Магадгүй "Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-г шинэчлэх шаардлага тулгарсан байж болох юм. Учир нь, энэ гэрээнд талууд сэтэл хангалуун бус байгаа. Тус гэрээг Европ дахь хүйтэн дайны нөхцөлд анх байгуулсан байдаг. Харин одоо гэрээ хуучирсан, тэр тусмаа бүр 1991 онд судлаачид хуучирсан, шинэчлэх шаардлагатай гэж ярьсан байсан гэж судлаач тайлбарлав. Мөн АНУ энэ төрлийн гэрээг БНХАУ-тай хийх сонирхолтой. 2007 онд Владимир Путин энэ гэрээг олон талт болгох санаачилга гаргаж байсан. Гэхдээ Барак Обамагийн засаг захиргаа Москвагийн энэ санаачилгад ямар нэгэн хариу өгөөгүй юм.

Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, гэрээнээс гарах болсон тухай Трампын мэдэгдэл түншдээ шахалт үзүүлэх уламжлалт арга барил нь гэв. Тэрбээр энэ төрлийн арга барилыг бизнестээ их ашигладаг байжээ. Энэхүү арга барилаараа БНХАУ-тай харилцах харилцаа, Ирантай байгуулсан гэрээнээс гарсан зэргээс харж болно.

ЭСТОНИЙН БАЙЛДААНЫ ЗЭВСЭГ

ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайдын орлогч Сергей Рябков өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд АНУ 1987 онд гэрээгээр устгагдсан дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг Европт байршуулах боломжийг судалж байна гэв.  Хэрвээ АНУ тус гэрээнээс гарвал Вашингтон Европт дунд болон ойрын зайн пуужинг албан ёсоор байршуулах боломжтой болно гэж судлаачид харж байна. Эстонийн нутаг дэвсгэр нь тэдгээрийг байршуулахад хамгийн тохиромжтой ажээ. 

Америкийн Raytheon компанийн өнгөрсөн дөрөвдүгээр сард газар дээр суурилсан пуужингийн цогцолбор DeepStrike танилцуулсан. Энэ нь 499 км зайн тусгалтай. Гэхдээ АНУ гэрээнээс гарвал тэрхүү цогцолборыг илүү холын зайн тусгалтай болгон өргөжүүлэх магадлалтай гэв.

АНУ ЗӨВХӨН ХЯТАДТАЙ "ДАЙН" ЗАРЛААГҮЙ

"Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-ний хүрээнд зэвсэглэлийг хөгжүүлэх хэрэгтэй тухай 2018 оны тавдугаар сард Номхон далайд АНУ-ын хуурай замын цэргийн командлагч, генерал Роберт Браун мэдэгдсэн.

The Washington Post тэмдэглэж буйгаар, АНУ-ын цэргүүд Хятад руу халдахад дээрх гэрээ саад болж байна гэж гомдоллож байсан. Учир нь, Хятад улс тус гэрээний оролцогч биш бөгөөд чөлөөтэйгээр зэвсэглэлийн бүх төрлийг үйлдвэрлэж байна.

"Бид дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг хатуу мөрдөж байгаа учраас БНХАУ-д шахалт үзүүлчихээр газар дээр суурилсан зэвсэг алга" гэж Өмнөд Солонгост суугаа АНУ-ын Элчин сайд, АНУ-ын адмирал Гарри Харис гуравдугаар сард мэдэгдэж байсан.

Хачирхалтай нь, америкчууд өөрсдийн дайсан гэж үзэж буй Хятад, Хойд Солонгос, Иран болон бусад улсын эсрэг чиглэгдсэн дунд зайн тусгалын системээ хуваарилах боломжтой болно.

Гэхдээ дээрх гэрээнээс АНУ гарвал үүнд Орос, АНУ-ын ашиг сонирхол зөрчилддөг нутаг дэвсгэр илүүтэй өртөх магадлалтай гэж судлаачид харж байна. Тодруулбал, Украин, Донбасса, Ойрхи Дорнод, Европын зүүн хэсгийн нутаг дэвсгэр аюулд орно.

ХОЛБООТНУУД ШОКОНД ОРОВ

Их Британийн Батлан хамгаалхын сайд Гэвин Уильямсон

"Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ" байгуулахаас өмнө АНУ-ын энэ төрлийн зэвсгийг байрлуулах гол талбай нь Баруун Европын улс орнууд,  ялангуяа Герман байв. Шинжээчдийн дүгнэж буйгаар, гэрээний гол асуудал АНУ-ын холбоотууд  болох Европын хувьд асуудал үүснэ гэв.

Энэ ч үүднээс Трампын мэдэгдлийн дараа Их Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэл хийв. Тэрбээр АНУ-ыг дэмжиж, ОХУ-ыг гэрээг зөрчсөнд буруутгасан ч дээрх гэрээг хэвээр хадгалахыг хүсчээ.

"АНУ гэрээнээс гарснаар европчуутай харилцах харилцаа таарамжгүй болно. Европ дахь америкийн холбоотнууд шоконд байна. Учир нь, хэрэвзээ Москва хариу арга хэмжээ авбал эхний ээлжид Европын орнуудад цохилт болж очино. Учир нь Балтикад байгаа цэргийн усан онгоц АНУ хүртэл явахгүй гэхдээ Европын аль нэг цэгт цохилт өгч таарна" гэв.

Герман улс ч гэсэн Трампын мэдэгдлийг шүүмжлэв. Тэд "Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ"-нээс гарна гэх АНУ-ын мэдэгдлийг дэлхийн нийтэд "хор хөнөөлтэй" гэв. Энэ гэрээ Европын орнуудын ашиг сонирхлын илэрхийлэл хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: RT.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж