Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаан хийнэ

Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаан хийнэ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод аравдугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн ДАШТ-д 114 орны бөхчүүд чөлөөт бөх болон сонгомол барилдаанаар өрсөлдөх бөгөөд тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Чөлөөт бөхийн төрлөөр эхэлсэн ДАШТ-ий эхний медальтнууд өчигдрөөс тодорч эхэлсэн. Өнөөдөр эрэгтэй 57, 65, 79, 92 кг-ын жингийн дагах барилдаан болон шигшээ барилдаанууд болж, медальтнууд тодорно. Мөн эрэгтэй 70, 97-ын жингийн барилдаан болох бол эмэгтэйчүүдийн жин 55, 59 кг-аар эхэлнэ.

Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн дүрмээр дагах барилдаан болон медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд маргааш нь болдог болоод байна. Тиймээс өчигдөр явагдсан эрэгтэй 57, 65, 79, 92 кг-ын жингийн медальтнууд өнөөдөр тодорно.

Манай бөхчүүдээс Т.Тулга, Л.Төртогтох өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.30-с дагах барилдаан хийхээр болоод байна.

65 кг-ын жинд Т.Тулга Унгар, БНСУ-ын бөхчүүдийн хэн хожсонтой нь барилдана. Энэхүү барилдаанд хожвол хүрэл медалийн төлөө Кубын бөх А.Валдес түүнийг хүлээж байгаа.

92 кг-ын жинд Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Күтэй барилдана. Хэрвээ түүнийг ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө “Лондон 2012” олимпийн наадмын хүрэл, “Москва 2010” ДАШТ-ий мөнгөн медальт Японы А.Мацүмототой барилдана.

Өчигдөр 57 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Ираны бөх Реза Атринагарчид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн бол 79 кг-д П.Өнөрбат ОХУ-ын бөхөд дийлдэн дагах барилдаан хийх боломжгүй болсон. 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д Гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн ДАШТ-д анх удаа оролцож байгаа Б.Бямбадорж 70 кг-д, хоёр удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдөж байгаа Ө.Батзул 97-ын жинд барилдана. Мөн эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэй 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар барилдана.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org-р дамжуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж