Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД СЕРГЕЙ ШОЙГУ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсад айлчилсан нь онцлох үйл явдлыг нэг байлаа.

Эл айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын хувьд арван жилийн дараа хийж буй айлчлал боллоо. Учир нь 1998 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков Монгол Улсад айлчилсан байдаг. Харин армийн генерал С.Шойгугийн хувьд 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа Монголд айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байжээ.

Айлчлалаар хоёр тал батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай чиглэлүүдийг тусгажээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж, буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа цэргийн техникийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү техник нь Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай байгаа техник хэрэгслүүд аж. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын тэмдэглэснээр ОХУ-аас эдгээр техник хэрэгслийг нийлүүлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчин бүх төрлийн нисэх онгоцыг хүлээн авч, аюулгүй буулгах боломж бүрдэж байна. Боловсон хүчнүүд бэлтгэгдсэн тул техник хэрэгсэлтэй ажиллахад асуудал тулгарахгүй юм байна.

Цэрэг-техникийн хамтын ажиллагаа

Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан харилцаа 2000 оноос улам өргөжин, 2004 онд Монгол Улсад Цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрийн дүнд 2005 оноос ОХУ Монголын талын хүсэлтийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэрэг, техникийн тусламж үзүүлэх болжээ.

Мөн Хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах механизм болох Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийг 2007 онд байгуулан, бүлгийн хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийж, хамтын ажиллагааны ойр, дунд хугацааны зорилтыг тодорхойлон дүгнэх болсон аж.  2007 оноос дунд хугацааны анхны хөтөлбөр, 2014 оноос дунд хугацааны хоёр дахь хөтөлбөрийн үндсэн дээр ажиллах болжээ.

2011 онд Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийн эрхийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна.

Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулийг “Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт ээлжлэн зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр:

Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон тусламжийн журмаар суралцуулах тухай Батлан хамгаалах яамд хоорондын 2006 оны хэлэлцээрийн дагуу ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцуулж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА АСЕМ-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ XII УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор аравдугаар сарын 17-ны өдөр  Бельги улсын Брюссель хотыг зорьсон юм.

“Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болж буй АСЕМ-ын энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд хэмжээний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох юм.

Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”,  “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.


ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Д.БАТСАЙХАНЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг аравдугаар сарын 19-нд нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ.

Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өргтөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм.

Талийгаач 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн дээд сургуулийн цагдаа бэлтгэх дамжааг төгсөж, улмаар 1996 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Дохиолол хамгаалалтын албанд цагдаагаар эхлэн, 1999 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаа, 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа-жолоочоор тус тус томилогдон ажиллаж байсан цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдын нэг байжээ.

Түүний ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг цагдаагийн байгууллагаас өндрөөр үнэлж 2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын Баярын бичиг, 2013 онд Хүндэт өргөмжлөл, 2011 онд Цагдаагийн ерөнхий газрын Албаны төлөө lll, 2016 онд Албаны төлөө ll, 2017 онд Албаны төлөө l зэргийн тэмдэг, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Баярын бичиг, 2018 онд Цагдаагийн гавьяа тэмдэг болон бусад байгууллагын шагналаар шагнасан байдаг.

"Д.Батсайхан нь төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага гүн эмгэнэл илэрхийлж байна.Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно" хэмээн хамт олон, найз нөхөд, Монголын цагдаа түүнд мэхийн ёслолоо.  Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн ар гэрт нь орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо салах ёс хийх үед оролцох үедээ хэлсэн байна.

Ум сайн амгалан байх болтугай.


ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ОСЛЫН ШАЛТГААНЫГ НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрч буй долоо хоногт  Булган аймгийн Бугат сумын нутаг Бяцхан хөтөл гэх газарт асфальтан замд 2018 оны аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Прадо маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай М-н амь нас хохирсон хэрэг гарчээ.

Дээрх онхолдсон машины жолооч нь тус аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч ахмад М байсан аж. Осолдох үеэрээ ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг албаныхан онцолж байгаа юм. Уг хэрэгт ЦЕГ-ын ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаж байна.

Талийгаачийн ар гэрийнхэн түүний үхэлд иргэний нийгмийн төлөөллийг буруутгаж буй юм. Тухайлбал, малын хулгайн хэргээр сэжиглэн саатуулсан этгээдийг өмгөөлөхөөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, тус цагдаагийн алба хаагчтай уулзсан байна. Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч амиа алдахынхаа өмнө багагүй сэтгэл санааны хямралтай байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа юм байна.


УЛААНБААТАРЫН "ГУРАВ"-ЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотод тулгамдаж буй гурван асуудлыг “Монголын экологийн форум-2018”-аар хэлэлцлээ.

Хурлын үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад “Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол Улс агаарын бохирдлоо бууруулж чадаж байна уу гэдэгт олон улсын байгууллага нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, энэ онд Азийн хөгжлийн банкнаас авч буй дэмжлэг маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олгогдсон. Засгийн газар 80 мянган тонн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэхээр болсон. Эрчим хүчний шөнийн тарифын журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Нам даралтын зуухыг буулгах ажлыг жил бүр хийж байгаа. Мөн шүүлтүүр тавьж байгаа” гэсэн юм.

Харин Улаанбаатарын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хороонд хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосоос тодруулахад “Гэрээний хүрээнд Монгол Улсын усан хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 350 сая ам.доллар буцалтгүй тусламжаар орж ирэхээр болсон. Буцалтгүй тусламжаар гурван чухал ажил хийнэ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын усан хангамжийг гүний усны баруун доод эх үүсвэрээс нэмэгдүүлэх. Ингэснээр жилд 50 сая шоо метр ус гаргана. Энэ усыг дахин цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Үйлдвэрээс усыг нийтийн шугам сүлжээнд нийлүүлэх дэд бүтцийг хамтад нь байгуулна. Хоёрт, шинээр цэвэрлэх байгууламж барихад түүнээс цэвэрлэгдээд гарч байгаа уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулан III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Төсөл хэрэгжих эхний 1-2 жилд 15 сая шоо метр ус, 5-6 жилийн дараа 18 сая шоо метр усыг цэвэршүүлж нийлүүлэх болно.  Гуравт, усаа үйлдвэрлэж, үнэ өртөг шингээж байгаа тул усны тарифыг шинэчлэх шаардлагатай болж байгаа. Мөн бохирдлын өртгийг нэмж тооцдог болно. Компакт гэрээ нь таван жилийн хугацаанд хэрэгждэг. Эхний нэг жилд бид бэлтгэл ажлаа хангана. Барилга угсралтын ажил 2019 оны сүүл эсвэл 2020 оны эхэн үед эхэлнэ. Ингээд хамгийн цаад хугацаа нь 2026 он гэхэд бидний ажил үр дүнгээ өгнө” гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж