Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх даваа гаригаас цас орж, шуурах төлөвтэй байна. Тухайлбал, аравдугаар сарын 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно.
Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.