Г.Мандахнаран, Н.Золбоо нарын дөрвөн бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

Г.Мандахнаран, Н.Золбоо нарын дөрвөн бөх барилдана

Бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр чөлөөт бөхийн төрлүүдээр эхэлнэ

Г.Мандахнаран, Н.Золбоо нарын дөрвөн бөх барилдана
Mandakhnaran GANZORIG

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнөөдөр Унгарын Будапешт хотод эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д 114 орны 860 бөх оролцох бөгөөд энэ сарын 28-д өндөрлөнө.

Бөхийн төрлүүдийн ДАШТ чөлөөт бөхийн төрлүүдээр эхэлж, сонгомол бөхөөр өндөрлөхөөр болжээ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-21:30, хагас шигшээ барилдаанууд 22:45-23:45 цагийн хооронд болно.

Т.ТҮВШИНТУЛГА, Г.МАНДАХНАРАН, О.ҮЙТҮМЭН, Н.ЗОЛБОО НАР БАРИЛДАНА

 Өнөөдөр манай бөхчүүдээс 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдана.

61 кг-ын жинд барилдах оюутны дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанаа Кыргызстаны У.Жолодошбековтай барилдана. Түүнийг ялбал 1/8-д 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын бөх Г.Рашидов хүлээж байна.

Энэ жинд нийт 23 бөх барилдах юм.

74 кг-ын жинд барилдах Гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаанаа Сербийн бөх З.Эфиндевтай хийх бөгөөд ялсан тохиолдолд Азарбайжаны Абубакр Абакаров, Израилийн Ханоч Рачамины нарын аль ялсантай нь барилдана.

Энэ жил 32 настай Г.Мандахнарангийн хувьд ДАШТ-д долоо дахь удаагаа барилдаж байгаа бөгөөд тэрбээр “Хернинг-2009”, “Стамбул-2011”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-д өрсөлджээ. Түүний хувьд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу 2010” Азийн наадмын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин юм.

Г.Мандахнарангийн жинд 32 бөх барилдана.

86 кг-ын жинд барилдах ОУХМ О.Үйтүмэн эхний барилдаанаа БНХАУ-ын З.Линтэй хийхээр болжээ. Түүнийг ялсан тохиолдолд 1/8 шигшээд Узбекистаны Абдурасул Яхобов, Кубын Ю.Торребланка нарын ялсантай нь барилдана.

“Жакарта 2018” Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт О.Үйтүмэн ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байна. Тэрбээр “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”-д өрсөлдсөн ба “Будапешт-2018”-д даагаа нэхэхээр ирээд байна. О.Үйтүмэн “Алдар” спорт хорооны тамирчин юм.

zolboo

Өнөөдөр хамгийн хүнд жин болох 125 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Н.Золбоо барилдана. Тэрбээр эхний барилдаанаа АНУ-ын бөх Ник Гвяздовскитай хийхээр болжээ. Сонирхолтой нь 2017 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаан Н.Золбоо түүнд ялагдаж байсан бол удаа эхний тойрогт оноолт таарчээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Красноярский “Алтан гранпри” тэмцээний хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо ДАШТ-д гурав дахь удаагаа барилдаж байна. Тэрбээр “Стамбул-2011”-д анх удаа зодоглосон бөгөөд өнгөрсөн онд Францын Парист болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд АНУ-ын бөх Н.Гвяздовскид  ялагдан шагналт тавдугаар байр эзэлсэн билээ. Н.Золбоогийн хувьд энэ жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цол хүртсэн юм.

“Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний өдөр манай дөрвөн бөх барилдах бөгөөд хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ. Мөн барилдааныг https://unitedworldwrestling.org/event/world-championships-33 сайтаар шууд үзээрэй.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж