Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Увс, Ховдын дажин

Хүүхдийн мөнгөнөөс болж, чуулганы хуралдаан дээр өчигдөр /2018.10.19/ Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын дунд “дажин” дэгдлээ.

Хүүхдийн мөнгийг орлогын төвшнөөр нь ялгаварлаж олгож байгаа нь буруу юм гэж үзэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан мэдүүлсэн юм.

Уг төслийг УИХ-аас баталсан нөхцөлд нэмэлтээр 13 тэрбум төгрөг шаардана. Улсын төсвийн орлого сайжирч байгаа тул энэ нь дарамт учруулахгүй. МАН 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө бүх хүүхдэд алагчлалгүй хүүхдийн мөнгө олгох амлалт өгсөн. Тиймээс Засгийн газар намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөндсөн юм.

Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг хоёр нүүртэн гэж шүүмжлэв.

Тэрбээр “Залуучууд та нар заримдаа тэвчээр барах юм. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө мартсан хүн байхгүй. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор бууруулж Олон улсын валютын сантай хамтрах шийдвэрийг гаргахад С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүн байсан. Депольтоос холдохын тулд ард түмэндээ үнэнээ хэлж хийсэн ажил. С.Бямбацогт хоёр нүүрлэдгээ боль. Би шулуухан хэлье. Энэ хавар ярьсаар байгаад л хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө гэж шийдвэр гаргаж төсөвт хөрөнгийг нь суулгасан. Одоо 80 хувьд нь олгох төсвийн хууль хэрэгжиж байгаа. Сайд болохоороо зовлон ярьж хүүхдийн мөнгийг хасдаг, сайдаасаа буухаар өөр зүйл ярьдаг. 13 тэрбум төгрөгийг хаанаас гаргах юм, эх үүсвэр чинь хаана байна. Ямар ч тооцоо судалгаагүй зүйл оруулж ирсэн” гэж асав.

Шүүмжлэлд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Надад хоёр нүүр гаргасан зүйл байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суугдсан амлалт. Үүнд их мөнгө шаардагдахгүй. Бүх зүйл тооцоо судалгаатай байгаа” гэсэн хариу барьсан юм.

Тэдний энэхүү маргааныг харсан хүмүүс “Хүүхдийн мөнгөөр далимдуулж, Ц.Нямдорж экс сайд С.Бямбацогтыгоо балбалаа. Энэ бол МАН доторх Увс, Ховдынхны улс төрийн маргаан эцэслээгүй, учраа олоогүй байгаагийн нэг илрэл” гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж