Энэтхэгийн Пунжаб мужийн Амитсар хотод өчигдөр/2018.10.19/ орой Хиндү шашны наадмын үеэр хурдны галт тэрэг цугласан хүмүүсийг дайрсан том осол болжээ. Тус наадмын үеэр Равана гэж нэрлэдэг чөтгөрийн дүрийг шатаах зан үйл хийж галын наадам болсон байна. Маш олон хүмүүс цугласан байсан ба хүмүүс галт тэрэгний зөрлөг зам дээр галын наадам үзэн сууж байжээ. Галт тэрэгний дуут дохио хэд хэдэн удаа дуугарсан ч галын наадмын чанга дуунд хүмүүс галт тэрэгний дуут дохиог сонсоогүй байна. Энэ үеэр хоёр галт тэрэг зөрж өнгөрөхдөө зам дээр сууж буй хүмүүсийн дээгүүр дайран өнгөрчээ. Ослын улмаас 61 хүн нас барж, 72 хүн бэртэж гэмтсэн гэв. Ослын үеэр эмх замбараагүй байдал үүсэж эхний галт тэрэгний замаас зугтсан хүмүүс эсрэг урсгалаас ирж буй галт тэргийг харалгүй зам руу гүйцгээсэн аж.
Энэтхэг улсад галт тэрэгний ослоор жил бүр 15 мянга орчим хүн нас бардаг байна.
Эх сурвалж: indianexpress.com