Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 16-нд гэрийн эзнийг нь хүлж, алтадсан “Ногоон дарь эх” бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус аймгийн цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн саатуулсан байна. Одоогоор хоёр хүнийг шалгаж буйг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айл алдагдсан бурхнаа 300 сая төгрөгөөр үнэлсэн байсан аж. Тиймээс түүх, соёлын хосгүй үнэт эд зүйл, бурхан тахилаа харуул хамгаалалттай, аюулгүй газар хадгалж байх нь чухал гэдгийг цагдаагийнхан анхаарууллаа.
Хэдийгээр өв соёлын хосгүй үнэт эд зүйл, бурхан тахил нь тухайн хүний өмч ч улсын сан хөмрөгт заавал бүртгүүлэх ёстой. Ингэснээр хулгайлагдах, эвдрэх, хууль бус аргаа хил давуулах болзошгүй эрсдэлээс хамгаалдаг болохыг өв соёлын мэргэжилтнүүд зөвлөж байна. Улсын сан хөмрөгт бүртгүүлснээр хураалгана гэсэн үг огт биш бөгөөд тухайн эд өлгийн зүйлийн үнэлгээг нь тогтоолгох боломжтой юм байна.