Францын Нантес хотод амьдардаг 67 настай Филипп Жиллет гэх эр сүүлийн 20 жилийн турш дөрвөн зуун хэвлээр явагч амьтан цуглуулан, тэжээж байгаа ажээ.
Түүний ширээн доор нь кобра могой, цэцэрлэгт нь яст мэлхийнүүд, унтлагын өрөөнд нь хоёр метрийн урттай хоёр матар байх ажээ. Али, Гатор гэх энэхүү хоёр матрыг тэрээр арьсан эдлэл хийдэг үйлдвэрээс аварч гэртээ авчирсан бөгөөд түүний тэжээдэг ихэнх амьтад нь эзэддээ хаягдсан, эсвэл эзэд нь түүнд өөрөө өгсөн амьтад байдаг байна.
“Хүмүүс бид тэдгээр амьтдыг ойлгохгүй эсвэл царай муутай байлаа гээд үзэн ядаж болохгүй шүү дээ. Хамт амьдарч, бие биедээ дасаад ирэхээд тэд өөрсдийг нь дуудах, хоол өгөх зэргийг ойлгодог болно” хэмээн тэрээр матарнуудаа тахиагаар хооллонгоо ярилцлага өгч байсан юм хэмээн Ройтерс агентлагийн сэтгүүлч бичжээ.
Тэрээр хэвлээр явагчдаа гэртээ байлгах, зөөвөрлөх бүх хууль ёсны зөвшөөрлийг олж авсан байна. Мөн хамгийн аюултай амьтад буюу хорт могой, матар зэргээ унтлагын өрөөндөө байнга цоожтой байлгадаг тул хөршүүдэд нь аюулгүй гэжээ.
Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: Reuters