Монгол орны байгалийн ховор нандин олдвор, шинжлэх ухааны асар үнэтэй баримтуудыг хадгалж буй Байгалийн түүхийн музейн барилга нь өөрөө үзмэр болохдоо тулаад буй. Шавар нь нурж, шохой нь унаж, тоосго нь гарсан музейн барилгыг харсан хэнд ч “удахгүй нурж унах нь дээ” гэх зурвасхан бодол төрөх нь дамжиггүй. Тус музейн барилгын ашиглалтын хугацаа нь 2013 онд дуусаж, тухайн оны зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
Гаднаасаа цоожтой харагдах музейн удирдлага, ажилтнууд ямархуу нөхцөл байдалтай ажиллаж байгаа нь сонин. Ямартай ч шинэ музейн цогцолбор ашиглалтад орно гэсэн бяцхан итгэл тээж, музейн хамт олон өдөр хоногийг өнгөрөөсөөр байгаа аж. Музейн захирал Н.Зоригтбаатарын хэлснээр барилга нурсан ч үзмэрүүд эвдэрч, сүйдэхгүй гэнэ. Тэрбээр “Манай музейд 200 жилийн өмнөх эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Олон жил болсон амьтан ургамлын цуглуулгууд яаж ч хадгалсан мууддаг ч газар хөдлөлтөд ямар ч аюулгүй. Газар хөдөлсөн тохиолдолд 1954 онд ашиглалтад орсон музейн үндсэн барилга нурна. Үзмэрээ хадгалж байгаа 900 мкб фондын барилга нь газар хөдлөлтөд нурахгүй. Хайрцаг сав нь шинээрээ байгаа. Тиймээс сэтгэл зовох хэрэггүй. Бид жижигхэн байшиндаа цөөхөн хүнтэй ажлаа хийж байна. Монгол Улс сүүлийн 42 жил улсынхаа нийслэлд нэг ч шинэ музей бариагүй. Шалтгаан нь мөнгө байхгүй гэдэг. Засгийн газраас хөрөнгө оруулалт хийж нэг ч удаа шинээр театр, нийтэд зориулсан номын сан, үзэсгэлэнгийн танхим байгуулаагүй. Бид 42 жил баригдаагүй музейш дахин 42 жил хүлээх үү. Аргаа барж, мухардахдаа БНСУ-д хандсан. Тус улсаас нааштай хандсан ч улс төрийн шалтгаанаар гурван жил шинэ музей барих асуудал гацлаа. Ойрын үед хариу нь гарна гэсэн, хүлээж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар Байгалийн түүхийн музей нь сан хөмрөгөө баяжуулахад илүү анхаарч ажиллаж байгаа гэнэ. Үзмэрүүдийг сэргээн засварлахаас эхлэн амьтаын чихмэл зэргийг сэргээн засварлаж, баяжмалаа нэмэгдүүлэхийг зорьсоор байгаа ч 12 мянга гаруй үнэт олдвор хайрцагт хадгалагдаад таван жил гаруй хугацаа өнгөрч буйг ажилтан нь хэлсэн юм.
“Музей хаалгаа барьснаас хойш хүүхдүүдийн танин мэдэх эрх хохирч байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд эх орныхоо байгалийн баялаг, түүхийг танин мэдэж чадалгүй өнгөрсөн. Монголын нэг залуу үе байгалийн шинжлэх ухааны мэдээлэлгүй өнгөрч байна гэсэн үг. Засгийн газар Аялал жуулчлалын салбарыг дэмжиж ногоон эдийн засгаа хөгжүүлнэ гэж гоё зүйлс ярьдаг боловч жуулчдыг татах үнэт олдвор, үзмэрээ хайрцагт хадгалаад удаж байна. Барилга маань өөрөө гурван хэсэгт бүрддэг. Эхний хоёр барилга эхнээсээ нураад дуусч байгаа"-д харамсаж яваагаа тэрбээр ярилаа.