Өвөрмонголын өөртөө засах орноос хэсэг бүлэг үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олдсон хэмээн өчигдөр /2018.10.18/ Хятадын Синьхуа агентлаг мэдээлжээ. Олдворыг Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунаас олж, малтлагын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Уг олдвор нь зауропод үлэг гүрвэлийн үлдэгдэл бөгөөд 120 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан ажээ. Одоогоор өндрийг нь 17 метр орчим гэж таамаглаж байгаа төдийгүй археологичдийн хэлснээр зауроподын биеийн хэсгүүд нь бүрэн байх магадлал өндөртэй байгаа.
Өвсөн тэжээлтэй, урт хүзүүтэй, биеийнх нь хэмжээтэй харьцуулахад маш жижигхэн толгойтой зауропод нь манай дэлхий дээр амьдарч байсан хамгийн том биетэй амьтдын нэг юм. Тэд Мезозойн галавын үед анх үүсч, Юрийн галавын үед буюу 150 сая жилийн өмнө хамгийн их тархалттай байсан. Харин цэрдийн галавын сүүл үеэр устаж үгүй болсон ажээ. Зауропод нь өмнө бараг бүх тивээс олдож байсан боловч бүтнээрээ олдсон нь цөөн юм байна.
Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Холбоотой мэдээ