“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын салбарын улсын IV зөвлөгөөн Төрийн ордонд өчигдөр (2018.10.18) боллоо. Энэхүү зөвлөгөөний үеэр спортын салбарынхан өөрсдийн санал бодлоо хэлсэн юм. Энэ үеэр Монголын боксын шилдэг тамирчдын нэг болох Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, гурван хүрэл медальт, ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн Б.Түвшинбат өөрийн саналаа хэлсэн юм. Тэрбээр “Лондон 2012”, “Рио 2016” Олимпийн наадамд зодоглосон бөгөөд өдгөө “Хүч” спорт хороонд тамирчнаас гадна дасгалжуулагчийн албыг хашиж байна.
“Тамирчин хүний хамгийн том чухал тэмцээн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадамд оролцох байдаг. Сүүлийн жилүүдэд эдгээр тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон нь зөв зүйтэй алхам болсон. Энэ хэрээр тамирчдын ахуй хангамж сайжраад ирдэг. Харин олон жил спортын төлөө явсан ч дээрх хоёр том тэмцээнээс медаль хүртээгүй тамирчдын амьдрал хэцүү байдалтай үлддэг. Иймээс энэ мөнгөн тэтгэлэгт орж чадаагүй тамирчдын амьдрал хүнд хэвээр байсаар байна. Олимпоос олимпийн хооронд явж байгаа бусад тамирчдад мөнгөн тэтгэлэг олгоход дэмжиж туслаачээ” гэсэн өөрийн саналаа Б.Түвшинбат хэлсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та тамирчдын төлөөлөл болж өөрийн саналаа хэллээ. Олимпоос олимпийн наадамд өрсөлдөж байгаа тамирчид олон бий. Хүн бүр дэлхийн томоохон наадмаас медаль хүртэж чадахгүй байна шүү дээ?
-Тиймээ, би зөвлөгөөний үеэр өөрийн саналаа хэллээ. Сүүлийн жилүүдэд Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон нь маш зөв алхам болсон. Гэхдээ иргэд зарим үед үүнд буруу ойлголттой байдаг. Энэ урамшуулалыг авдаг цөөн тамирчин байна. Гэтэл тамирчин бүр Олимп, ДАШТ-ээс медаль авч чадахгүй байна. 1-3 олимпийн циклийн хооронд спортоо орхиогүй тамирчид олон бий. Гэтэл спортынхоо төлөө явсан зарим нэг тамирчин хохиролтой үлддэг. Эдгээр тамирчдынхаа хэлэх гэсэн зүйлийг зөвлөгөөний үеэр санал болгож орууллаа. Миний санал бол тамирчдад хамгийн багадаа хөдөлмөрийн доод хэмжээгээр тэтгэмж олгодог байя гэсэн санал байгаа. 10-аас дээш жил шигшээ багт багтаж тэр хэрээр амжилт үзүүлж явсан тамирчид олон байна. Зарим тамирчид мэргэжил эзэмшиж чадалгүй зөвхөн спортдоо анхаарлаа хандуулчихсан байдаг. Гэтэл зодог тайлаад өөр зүйл хийх гэхээр тэдний ажлын байр баталгаагүй болчихсон тохиолдол олон бий. Тийм учраас үүнд дэмжлэг болгоод тэтгэлэг олгох саналыг хүргүүлсэн. Өнөөдөр энэ талаар хэлэх олон тамирчин бий. Тэднийхээ төлөөлөл болж, саналаа зөвлөгөөний үеэр хэлсэн байгаа.
-Таны хувьд хоёр олимпийн наадамд оролцсон. Мөн ДАШТ-д шагналт тавдугаар байр эзэлсэн манай шилдэг тамирчдын нэг шүү дээ. Хэзээ зодог тайлах бодол байна вэ?
-Би 30 гарчихлаа. Энэ хугацаанд хоёр ч Олимпийн наадамд өрсөлдсөн. Мэдээж тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон Олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийг хүсдэг. Тиймээс өөрийгөө зодог тайлах болоогүй гэж бодож байгаа. “Токио 2020” олимпийн наадмын дараа зодог тайлах бодолтой байна. “Хүч” спорт хорооны тамирчин болоод 11 жил болсон байна. Сүүлийн нэг жил дасгалжуулагчийн ажлыг хийж байгаа.
-Таны хувьд Азийн гурван ч олимпийн наадамд оролцсон. Энэ жил Индонезид болсон Азийн наадамд боксын тамирчид түүхэн амжилт үзүүллээ?
-Тиймээ би гурван ч Азийн олимпийн наадамд оролцсон байна. “Доха 2006”, “Гуанжоу 2010”, “Инчон 2014”-т өрсөлдсөн. Инчоны наадамд хүрэл медалийн төлөөх тулаанд Казахстаны тамирчинд ялагдаж, шагналт тавдугаар байрт орсон. Энэ жилийн Азийн наадамд Монголын боксын тамирчид амжилттай оролцож, Азийн олимпийн наадмын аваргатай боллоо. Миний жин буюу 69 кг-д О.Бямба-Эрдэнэ өрсөлдсөн. 60 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар маань аваргын алтан медаль хүртэж, сайхан амжилтыг үзүүлсэн. Мөн 64 кг-д Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ. Тэд маань Жакартагийн наадмаас өндөр амжилттай ирлээ. Залуучууд маань сайхан амжилттай байна. Бидний хувьд ч гэсэн цаашид сайхан тоглолтыг үзүүлэх зорилготой байгаа.
Ч.БОЛОР