“Тугал” ухаа азарга айрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

“Тугал” ухаа азарга айрагдлаа


Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 229 хүлэг бүртгүүлж, гарааны зурхайгаас 208 азарга эргэсэн байна. Бар жилийн хурдан азаргаар Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд азарга тодорлоо.

Зээрд азаргыг 405 дугаартай 12 настай Итгэлт унаж хурдлуулсан байна. Аман хүзүүнд ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн  хүрэн азарга хурдалж, айргийн гуравт Далай аварга А.Сүхбатын ах Аймгийн Алдарт уяачийн олноо “Хишиг” хэмээн алдаршсан хүрэн азарга хурдлав. Дашрамд сонирхуулахад, энэхүү хүлгүүд 61-ын гарам орчмын сунгаануудад тогтмол дээгүүр давхиж тааварт яригдаж байсан юм.

Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын харъяат Д.Мөнхцогийн олноо  “Цоглог” хэмээн алдаршсан зээрд хурдалсан. Зээрд азаргыг 11 настай 185 дугаартай Г.Шинэсум унаж хурдлуулжээ. Харин айргийн тавд Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын олноо “Тугал” хэмээн алдаршсан ухаа азарга хурдалжээ. Улс бүсийн наадмын зургаан айраг, түрүүн эзэн  энэ хурдан буян УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн нэр дээр уралдлаа.  Гарсан цагаасаа өнгөлж байсан Тугал ухаа азарга үзүүр дээрээ сууж ийнхүү айрагдлаа. Азарганы уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унасан ч азаар гэмтэж бэртэлгүй өнгөрлөө. Эндсэн адуу байхгүй байна.  

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж