Э. Ганцэцэг: Төслийн удирдлагын PMP зэрэг нь олон улсын төслийн мэргэжилтнүүдтэй нэг хэлээр ярих боломжийг олгоно

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Э. Ганцэцэг: Төслийн удирдлагын PMP зэрэг нь олон улсын төслийн мэргэжилтнүүдтэй нэг хэлээр ярих боломжийг олгоно

-ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН PMP ЗЭРЭГ НЬ МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ХААНА Ч БҮХ САЛБАРЫН ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ НЭГ ХЭЛЭЭР ЯРИХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО-

Пи Эм Ай Монголиа Чаптер” -аас зохион байгуулж буй “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага ” олон улсын бага хурал болон "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн 5 жилийн ой 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Уг үйл ажиллагааг угтан Олон Улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбарын Мэргэжлийн хөгжил хариуцсан Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Ганцэцэгтэй төслийн удирдлага мэргэжлийн талаар өрнүүлсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


-Төслийн удирдлагын мэргэжлийн PMP зэргийн талаар та уншигчдад маань тайлбарлаж өгнө үү.

-(PMP)® Project Management Professional зэрэг бол Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) -ээс төслийн удирдлагын нэгдсэн стандарт болох PMBOK (Project Management Body of Knowledge) -г практикт ашиглах чадвар эзэмшсэнийг баталгаажуулж төслийн менежерүүдэд олгодог сертификат юм. Иймээс энэхүү зэрэг нь таны өөрийн хариуцсан төслийг болон төслийн багийг удирдах чадварыг баталгаажуулахаас гадна зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч бүх салбарын төслийн мэргэжилтнүүдтэй нэг хэлээр ярих боломжийг олгоно. Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын гишүүн болсноор мөн дэлхий даяар ижил төрлийн төслүүд дээр ажиллаж буй төслийн менежерүүдтэй өөрийн салбарт гарч буй хурдтай өөрчлөлтүүдийн талаар туршлагаа хуваалцаж мэдлэг, мэдээллээ шинэчлэх боломжтой болдог.

PMP зэрэг олгох шалгалтыг өгөхөд бакалаврын зэрэг эзэмшсэн, 4500 цагийн төслийн удирдлагатай холбоотой ажил хийсэн туршлагаас гадна төслийн удирдлагын албан ёсны сургалтын төвийн 35 цагийн сургалтанд хамрагдсан байх шаардлага тавигддаг. Манай улсад одоогоор зөвхөн “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ http://en.pmimongolia.mn/ энэхүү албан ёсны кредит олгодог сургалтыг зохион байгуулж кредитыг баталгаажуулдаг.

"Пи Эм Ай Япон Чаптер"-ийн 20 жилийн ой болон Олон Улсын Төслийн Удирдлагын хуралд оролцохын өмнө

-PMP зэргээс гадна өөр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын зэргүүд бий юу?

-Байлгүй яахав. Бид тухайн зэргүүд юун дээр илүү анхаарал хандуулж буйг сайн судалж өөрийн сонголтоо хийх хэрэгтэй болов уу. Пи Эм Ай-аас л гэхэд төслийн удирдлагатай холбоотой 8 төрлийн олон улсын зэрэг олгож байна. Жишээ нь (PMI-PBA)® (Professional in Business Analysis) стандартыг судалснаар төсөлд оролцогч талуудын бизнесийн шаардлагуудыг стандартын дагуу тодорхойлж төслийн зорилго, үр дүнг нарийвчлан тодорхойлсноор бизнесийн амжилтаа нэмэгдүүлэх боломжийг олгоно. Мөн (CAPM)® Certified Associate in Project Management зэрэг нь төслийн удирдлагаар мэргэжих сонирхолтой оюутнууд болон PMP зэрэгт шаарддаг 4500 цагийн ажлын туршлага нь хараахан хүрэхгүй байгаа хүмүүс өөрийн төслийн удирдлагын мэдлэг, туршлагаа баталгаажуулах үүднээс өгөх боломжтой. CAPM шалгалтыг энэ жилээс Пи Эм Ай-аас дэлхийн хаанаас ч онлайнаар өгөх боломжийг олгож байгаад маш их баярласан. Бидэнд дэлхийн хэмжээний сертификатуудыг авах боломж улам бүрдсээр байна.

-“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын Мэргэжлийн хөгжил хариуцсан даргын хувьд Монгол төслийн менежерүүдэд маань ямар давуу болон сул талууд байна вэ?

Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) -ээс хийсэн судалгаагаар аливаа байгууллагын төслийн удирдлагыг хариуцан ажиллаж буй хүмүүсийн 1/3 нь PMP зэрэгтэй байхад төслийг хугацаа, зардалдаа багтаан төслөөс хүлээгдэж буй бизнесийн үнэ цэнийг бүрэн өгөх боломжтой гэсэн байдаг. Тус тусын салбартаа амжилттай ажиллаж буй төслийн менежер болон төсөлд оролцон ажилладаг мэргэжилтнүүдтэй уулзан ярилцаж байхад бүгд л өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх зүйл их байна, гэхдээ үндсэн ажлын хажуугаар өөрчлөлт, сайжруулалт хийх цаг хугацаа хомс, мөн удирдлагын дэмжлэг сул байна гэлцдэг. Иймээс манай төслийн менежерүүд төслийн удирдлагын стандартыг байгууллагадаа хэрэгжүүлье гэвэл үүний урт хугацааны үр дүнг байгууллагынхаа удирдах, шийдвэр гаргагч нарт сайн ойлгуулж багийн шийдвэр гарган тэдний дэмжлэгийг сайн ашиглах хэрэгтэй.

"Пи Эм Ай Япон Чаптер"-ийн 20 жилийн ой болон Олон Улсын Төслийн Удирдлагын хурлын дараа зохион байгуулагдсан VIP хүлээн авалтын үеэр "Пи Эм Ай"-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал ноён Марк A.Лангли-н хамт

-Төслийн менежер болохоор бэлтгэж буй мэргэжилтнүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Цаг хугацаа, төсөвтөө багтаан чанар, стандартад нийцүүлэн хүлээлгэн өгсөн төслийг амжилттай төсөл гэдэг ойлголт маань өөрчлөгдөж захиалагч болон төсөлд оролцогч талуудад бизнесийн үнэ цэнэ өгөх гэх мэт нэмэлт чухал шаардлагууд гарч ирж байна. Төслийн менежерийн ажлын 90 гаруй хувь нь төслийн стандарт баримт бичгүүдийг ашиглан төслийн харилцаа, холбоог оновчтой удирдах байдаг. Ингэхээр төслийн менежерээс зөвхөн мэргэжлийн ур чадвараас гадна төслийн баг болон төсөлд оролцогчдыг манлайлан удирдах чадвар шаардагдаж байгаа юм. Мөн удирдаж буй төслийнхөө бизнесийн орчныг сайтар ойлгож хөрөнгө оруулагч нарын хүлээлтийг удирдах зэрэгт тухайн төслийн бизнес төлөвлөгөөг гаргасан мэргэжилтэнтэй нягт хамтран ажиллах шаардлага тулгарч байна. Энэ шаардлагуудад нийцүүлэн Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ээс төслийн удирдагчийн авьяас чадварын гурвалжин (PMI-Talent Triangle) гэдэг ойлголтыг PMBOK 6 хувилбарт нэмж оруулан, төслийн менежерийн ажлын цар хүрээ, үүрэг хариуцлагыг нэг бүлэг болгон дангаар нь оруулсан нь төслийн амжилт төслийн менежерээс бүрэн хамааралтай болохыг онцолж байгаа юм.

2018 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд Туушин зочид буудалд чаптераас зохион байгуулж буй “Shifting Towards Future Excellence” буюу “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага”  олон улсын төслийн удирдлагын 5-р бага хурал мөн Төслийн менежерийн авьяас чадварын гурвалжинг онцолж өөрчлөлтийн удирдлага, дижитал хувьсал, төслийн бизнесийн үр өгөөжийг сайжруулах, төслийн үр дүнг өсгөх, ажайл аргачлал (agile method) гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж