Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

WTA Finals тэмцээний өмнө

WTA Finals тэмцээний өмнө

Мэргэжлийн талбайн теннисний 2018 оны улирал өндөрлөх шатандаа орж байна. Энэ долоо хоногт эмэгтэй теннисчдийн хувьд Оросын Москва хотноо Кремлийн цом болон Люксембургийн вант улсад нээлттэй тэмцээнүүд явагдаж байна. Тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд өндөрлөх бол ирэх долоо хоногийн даваа гаригт WTA Finals тэмцээн Сингапур улсад эхэлнэ.

WTA Finals тэмцээн нь 1972 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд энэ жил 46 дахь жилдээ зохиогдож байна. Тус тэмцээнд эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөлд оны турш хамгийн өндөр амжилт үзүүлж оноогоороо эхний 8-д эрэмбэлэгдсэн теннисчид өрсөлддөг. Өөрөөр хэлбэл шилдгүүдийг тодруулах WTA буюу эмэгтэй шилдэг теннисчний аваргыг тодруулдаг тэмцээн юм. Ганцаарчилсан төрөлд Польшийн А.Радванска, Оросын М.Шарапова нар хамгийн олон буюу 8 удаа оролцсон бол Чехийн М.Навратилова хамгийн олон буюу 8 удаа түрүүлж байжээ.

Энэ жил А.Кербер, К.Возняцки нар хэсэг тэргүүлнэ. Харин Н.Осака, П.Квитова, С.Стефэнс, Е.Свитолиан, К.Плишкова болон К.Бертенс нар сугалаагаар хоёр хэсэгт хуваагдана. Энэ жил оролцож байгаа тамирчдаас Н.Осака, С.Стефэнс болон К.Бертенс нар анх удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд оролцож байгаа бол П.Квитова, К.Возняцки нар 5 удаа, А.Кербер 4 удаа, К.Плишкова 2 удаа, Е.Свитолина 1 удаа оролцож байсан. Чехийн П.Квитова 2011 онд, К.Возняцки 2017 онд тус тус WTA Finals тэмцээнд түрүүлж байсан.

А.Кербер (Герман). 2016 оны Автралийн Их Дуулга, 2016 оны Америкийн Их Дуулга, 2018 оны Уимблидоны Их Дуулга тэмцээний аварга, 2016 оны WTA Finals тэмцээний дэд аварга. Энэ онд Уимблидон болон Сиднейн ОУ-ын тэмцээнд түрүүлсэн.

К.Возняцки (Дани). 2018 оны Автралийн Их Дуулга тэмцээний аварга, 2017 оны WTA Finals тэмцээний аварга. Энэ онд Австралид түрүүлж анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртсэн бол дээр нь Хятадын нээлттэй тэмцээн болон Йстбоурне ОУ-ын тэмцээнд түрүүлсэн.

Н.Осака (Япон). 2016 оны шилдэг залуу теннисчин Н.Осака энэ онд Америкийн Их Дуулга тэмцээнд түрүүлж Азиас төрөн гарч буй шилдэг теннисчин болохоо харуулсан. Үүнээс гадна Индиан Уэлльс тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ жил цахиур хагалж буй залуу теннисчин юм.

П.Квитова (Чех). 2011, 2014 оны Уимблидоны Их Дуулга тэмцээний аварга П.Квитова энэ улиралд Их Дуулга тэмцээний шигшээд шалгарч чадаагүй ч Мадридын нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Их Дуулга тэмцээний цомгүй ч премьер мандатори зэрэглэлийн 1, премьер зэрэглэлийн 1, бусад ОУ-ын 3 тэмцээнд түрүүлсэн.

С.Стефэнс (АНУ). 2017 оны Америкийн Их Дуулга тэмцээний аварга С.Стефэнс энэ оны Францын Их Дуулгад шувтрагын шатанд шалгарч Миамигийн нээлттэй тэмцээнд түрүүлж анхны премьер мандатори тэмцээний цомоо хүртсэн амжилттай шилдгүүдийн өрсөлдөөнд оролцоно.

Е.Свитолина (Украйн). Украйны төлөөлөл Е.Свитолина 2 дахь удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд оролцож байгаа ба энэ онд нийт 3 тэмцээний цомыг хүртсэн. Эдгээр 3 тэмцээнээс хамгийн чансаатай нь Италийн нээлттэй тэмцээн байсан юм.

К.Плишкова (Чех). Нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан К.Плишкова энэ онд онцгойлон өндөр амжилт үзүүлээгүй ч тогтвортой тэмцээнүүдэд оролцож байсан. Мөн тэрээр чансаа доогуур 2 тэмцээний цомыг хүртээд амжсан.

К.Бертенс (Нидерланд). Өдгөө 26 настай Нидерланд бүсгүй азтай гэмээр анх удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд оролцох гэж байна. Карьертаа Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгарснаас өөр өндөр амжилт үзүүлж байгаагүй Нидерланд теннисчин энэ онд чансаа багатай 3 тэмцээний цомд түрүүлсэн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж