Амжилтыг нь үнэл, бусдыг багшид даатга

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Амжилтыг нь үнэл, бусдыг багшид даатга

СХД: ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэсэн багшийг 5-10 сая төгрөгрөөр урамшуулна​

Амжилтыг нь үнэл, бусдыг багшид даатга

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд багш нарт урамшуулал олгох талаар ярьжээ. “ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэж, амжилтаа ахиулсан багш нарт 5-10 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр ярилцаж байна. Мөн “Олонлог”, “Сант” сургуулийн удирдлагуудтай уулзан, дүүргийнхээ багш нарыг сургаж, чадавхжуулах талаар төсөл эхлүүлсэн” гэв. Гэхдээ энд дүүргийн даргыг магтаж, тал засах гэсэнгүй. Тэртээ тэргүй боловсролын салбарт асуудал байгаа нь үнэн. Болохгүй байгаа нь бас үнэн. Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын босго оноог 400 болгох түвшинд очсон нь үнэн. Энэ бүхэн шинээр бий болчихоогүй. Нэг нам, нэг сайд, нэг даргаас болсон ч юм биш. Тийм болохоор буруутан хайж, хүн яллахын оронд гарцаа хайх цаг болсон өнөө үед дүүргийнхээ багш нарт санхүүгийн урамшуулал олгох байдлаар шавийг нь чанартай сургах Ж.Сандагсүрэнгийн санаачилгыг өлгөж авсан нь энэ.

Угаасаа багшийн эрдэм шавиас гэдэг. Тиймдээ ч боловсролын системд багш нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “Датаком” төвийн захирал Д.Энхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Боловсролыг өөрчилье гэвэл багшаас л эхлэх хэрэгтэй. Нэг их том систем яриад хэрэггүй. Орчин үеийн шаардлагыг хангасан багш нарт шилдэг цалинг нь өгч яагаад болохгүй гэж” хэмээн ярьж байсан. Тухайлбал, Канадад гэхэд сайн багшид улсаас бүх хангамжийг нь олгож, хаана багшлахаа багш өөрөө шийддэг. Тухайн багшийг дагаж төсөв, сурах бичиг гээд бүх зүйл явдаг тул тухайн орон нутгийн удирдлага ч сайн багшийг татахын тулд сайн нөхцөл амладаг. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд боловсролын системд оруулж болно гэж Д.Энхбат хэлсэн юм. Тэгвэл хоёр гурван томоохон аймгийг нэгтгэсэнтэй тэнцэх хэмжээний хүн амтай, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олон, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн гаралт их, эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүртээмж дутагдалтай байсаар ирсэн гээд түмэн зовлонтой ч боловсролын чанараа урьтал болгож буй тус дүүргийн удирдлагын санаачилга, тавьж буй нөхцөлийг бусад дүүрэг, аймгууд ч гэсэн багш нартаа амлаж яагаад болохгүй гэж.

Монгол улс сүүлийн жилүүдэд спортын салбарт гаргаж буй амжилт урьд өмнөхтэй харьцуулалтгүй дээшилсэн. Гуравхан сая хүн амтай Монгол улсыг дэлхийн том гүрнүүдийн хэмжээнд эрэмбэлүүлж чадсан хөшүүрэг нь мөнгөн урамшуулал. Өдгөө спортын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох үе үеийн тамирчдад төрөөс олгох мөнгөн урамшуулал томоохон түлхэц болдог. Анх 1997 оноос эхэлсэн мөнгөн урамшууллын хэмжээ нэмэгдсээр өнөөдөр олимпоос алтан медаль хүртсэн тамирчин 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Гэхдээ энэ шагналын 50 хувь нь тухайн тамирчинг бэлтгэсэн дасгалжуулагчид оногддог юм. Мөн дэлхий, тивийн тэмцээнд ч урамшууллын ийм систем бий бөгөөд тамирчид үүнд урамшиж, спортын гэр бүл талархах болсон. Мэдээж үр дүнд нь Монголын тамирчид тив, дэлхийн олон ч спортын уралдаан тэмцээнд амжилт гарган, эх орныхоо нэрийг сурталчилж байна.

Нэг их том систем яриад хэрэггүй, боловсролыг дэмжье гэвэл багшаас л эхлэх хэрэгтэй

Зөвхөн спорт гэлтгүй урлагийнхан ч мөн гаргасан амжилтаасаа шалтгаалан төрөөс мөнгөн урамшуулал авдаг. Засгийн газар “…Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт тэргүүн байр, нэгдүгээр байр, хоёрдугаар байр, гуравдугаар байрт шалгарсан уран бүтээлчдийг шагнах журам” гэж бий. Тус журамд дуу, хөгжим, бүжиг, циркийн уралдаанд гаргасан амжилтыг нь харгалзан уран бүтээлчийг 16-80 хүртэл сая төгрөгөөр урамшуулдаг. Мөн кино театр, дүрслэх урлаг, номын яармаг, утга зохиолын төрлөөр шалгарсан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хэмжээ ч бий. Баталсан журмаас харвал 24-65 хүртэл сая төгрөгийн нэг удаагийн урамшууллыг уран бүтээлчид авах аж.

Харин одоо оюуны амжилтыг үнэлэх цаг болжээ. Одоогоор олон улсын шинж чанартай олимпиадад амжилт гаргасан багш, сурагчид олгох урамшуулал гэж алга. Энэ төрлийн тэмцээн уралдаанд ихэвчлэн хувийн дунд сургуулийн сурагчид оролцдог бөгөөд энэ нь тухайн сургуулийн чансааг харуулсан томоохон сурталчилгаа болдог. ЭЕШ-ын үзүүлэлтийг харахад аймгуудаас Дорнод, Увс, Өвөрхангайн сурагчид илүү өндөр оноо авчээ. Харин нийслэлд Сүхбаатар, Баянгол, Багануур дүүргийнхэн сурлагаараа тэргүүлсэн аж. Гэхдээ эдгээр дүүрэгт өндөр төлбөртэй хувийн сургууль олон, тэдний төгсөгчид илүү өндөр оноо авдаг. Харин дүүргээр нь дундажлаад үзэхээр нийт оноог нь дээшээ татчихдаг гэж салбарын яамны эх сурвалж хэлж байсан. Энэ бол цэвэр эдийн засгийн хөшүүрэг.

Аливаа зүйл багаас эхэлдэг. Тиймдээ ч дүүргийн Засаг дарга төслийн хэмжээнд эхлүүлж буй багшийг урамшуулж, шавийг нь амжилттай сургах санаачилгыг төрийн ажил болгон дэлгэрүүлье. Цаашлаад тив дэлхийд оюуны амжилт гаргасан багш, сурагчаа ч үнэлье. Боловсролын чанар гэхээр нэг их системийн өөрчлөлт яриад хэрэггүй. Энэ мэт эдийн засгийн хөшүүрэг ашиглавал багш нар цалингаа нэмүүлэх гэж ажил хаялт зарлаж, гудамжинд жагсаал цуглаан хийх шаардлагагүй. Харин шавиа сайн сургахын төлөө чармайж ажиллана. Бусдыг нь цаг хугацаа харуулна. Өөрөөр хэлбэл, өндөр урамшууллын төлөө багш нар аяндаа үрээ тарих хөшүүргийг бий болгомоор байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж