Наоми Кемпбелл шүүхэд гэрчээр дуудагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Наоми Кемпбелл шүүхэд гэрчээр дуудагдлаа

Супермодель Наоми Кемпбелл Либерийн ерөнхийлөгч Чарльз Тейлорыг дайны гэмт хэрэг хийсэн хэмээн шүүж байгаа шүүхэд гэрчээр дуудагдлаа. Ноён Тейлорыг НҮБ-аас зохион байгуулж байгаа Хаагийн шүүхээс Сьерра Леонд олон арван мянган хүний аминд хүрсэн дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. Прокурорууд Кемпбеллийг 1997 онд ноён Тейлороос алмааз эрдэнэ бэлгэнд авсныг тодруулах гэж байгаа юм байна. Кампбелл долдугаар сарын 29-нд шүүхэд очих ёстой.

Кемпбелл шүүхэд очих болно гэж түүний олон нийтийн харилцааны компани “Outside Organization” мэдэгдсэн байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн Баасан гаригт “Тэрээр 1997 онд болсон үйл явдлын гэрч бөгөөд хатагтай Кемпбелл хуулийн үйл явцад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд тодруулахад тэрээр ямар нэг буруу зүйл хийсэн гэж буруутгагдаагүй бөгөөд түүнийг ялласан, шүүж байгаа зүйл байхгүй” гэж ярьсан байна.

Прокурорууд хатагтай Кемпбеллээс 1997 онд Өмнөд Африкт Нельсон Манделагийн зохион байгуулсан хүлээн авалтын үеэр ноён Тейлороос алмаз бэлгэнд авсан эсэхийг тодруулах гэж байгаа. Өмнө нь Сиерра Леоны тусгай шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Кемпбеллийг алмаз авснаа үгүйсгэсэн ба прокуроруудтай ярихаас татгалзаж байна гэж мэдээлэл хийж байсан юм.

Опра Уинфригийн шоунд оролцох үед нь түүнээс энэ талаар асуухад тэрээр алмааз авсан гэдгээ нотлоо ч үгүй, үгүйсгээ ч үгүй бөгөөд “Би энэ хүний хэрэгт орооцолдмооргүй байна. Тэр хүн зарим аймаар зүйл хийсэн, би өөрийнхөө гэр бүлийг эрсдэлд оруулмааргүй байна” гэж ярьжээ. Тейлор өөрийг нь НҮБ-ын тусгай шүүхээс 11 зүйлээр буруутгаж байгааг үгүйсгэж, өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа юм. Түүний шүүх хурлын сонсголууд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж