Томчуудын цуваа, зочны айлчлал нийслэлчүүдийг хохироож, бухимдуулах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Томчуудын цуваа, зочны айлчлал нийслэлчүүдийг хохироож, бухимдуулах ёсгүй

Зам хаах бол долоо хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэд мэдээлэх учиртай

Томчуудын цуваа, зочны айлчлал нийслэлчүүдийг хохироож, бухимдуулах ёсгүй

Улаанбаатарын замын хөдөлгөөний тухай бодоход л дотор муухайраад, хөмсөг эрхгүй атираад ирж байгаа биз. Гэрээс ажил хүртэлх гурван километр замд би бүтэн цаг илүү зарцуулдаг юм. Мэдээж машинтай зорчиход тэр шүү дээ. Тиймээс ажлаасаа хоцрохгүйн тулд өглөө тав, зургаан цагт босох хэрэгтэй болдог. Тэгвэл надаас хол амьдардаг нөхдүүд маань болохоор бараг л дуг хийгээд л сэрж ажилдаа гардаг болж таараад байна. Яагаад гэвэл орой гэртээ харих гэж түгжирч бөглөрсөөр шөнө дунд өнгөрсөн хойно нэг юм хүрч очно. Хоол, цайгаа идэж уугаад, ус цасанд орох гэсээр байтал дараа өдрийн нэг, хоёр цаг болчихно. За тэгээд үнэндээ амьдралын ихэнх хугацаагаа Улаанбаатарчууд бид хотын замын түгжрэл дунд өнгөрөөх болоод удлаа. Хэзээ нэгэн цагт энэ зах замбараагүй хөдөлгөөнөөс шалтгаалан үүсдэг замын түгжрэл бөглөрөл арилах байх гэсэн өөдрөг бодол төрдөг ч өдөр бүр оройтож харьж, өглөө бүр ажлаасаа хоцрохдоо өөрөөсөө бус өрөөлөөс болдогт нь бүр уур хүрээд, бухимдал оволзоод байдаг юм.

Өнөө өглөө (өчигдөр) маш олон хүн надтай адил ажлаасаа хоцорч, цалингаасаа суутгуулж, санаа сэтгэл нь тавгүй байгааг сошиалаар дүүрэн постлогдсон гомдол, бухимдлаас олж харлаа. Өчигдөр өглөө энэ олон хүнийг ажлаас нь хоцруулж, асуудалд оруулсан буруутан нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу юм байна. Тэрбээр Монгол улсын БХ-ын сайдын урилгаар манай оронд айлчлахаар ирсэн нь мань мэтийг ийн хөлдөө чирчихлээ л дээ. Түүний айлчлалтай холбоотойгоор нийслэлийн өмнө зүгийн замын хөдөлгөөнийг тэр чигт нь 40 минутын турш хаачихав. Үүнээс болж бусад замын ачаалал нэмэгдэж, хот дотор бүхий л чиглэлд уртаас урт түгжрэл үүсчихэж байна. Ер нь энэ ганц сайд биш, Монгол улсад хэн нэгэн гаднын өндөр зэрэглэлийн зочин ирэх болгонд монголчууд ийн “хэлмэгддэг” юм. Яагаад, гэж үү! тэдгээр эрхмүүдийг ирэх болгонд Улаанбаатарын гол замуудыг хамгаалалтад аваад иргэдийнхээ хөдөлгөөнийг хаачихдаг. Ингээд л Монгол улсын төрийн албаны болон хувийн хэвшлийн олон зуун ажилтан, алба хаагчид ажлаасаа хоцорно.

Тэдний дунд яаралтай мэс засал хийхээр төлөвлөсөн эмч, оюутан сурагчиддаа хичээл зааж, лекц унших байсан багш нар, өглөө эрт бизнесийн чухал уулзалтад оролцохоор гадагш нисэх гэж байсан бизнесменүүд, цэцэрлэг, сургуульдаа яарсан охид, хөвгүүд гээд бүгд л бий. Тэд бүхний төлөвлөсөн ажлыг нэг эрхмийн айлчлал нураагаад хаячихлаа. Гэтэл бид зүгээр л нэг байдаг түгжрэл гэж ойлгоод байх шиг. Түгжрэлд орсноор алдаж байгаа энэ цаг хугацаанд хийж амжуулах байсан ямар их зүйлээсээ хагацаж байдгийг тооцоолоод гаргавал санаанд багтамгүй дүн харагдах нь дамжиггүй. Манай төрийн томчууд, сайд дарга нарыг дагаад гадаад улс оронд бишгүйдээ л нэг явж байлаа. Гэтэл тэнд манайх шиг хамаг хөдөлгөөнөө хааж, боож иргэддээ хүндрэл, төвөг удаж байгааг нэг ч удаа болов олж харсангүй ээ. Дахиад л бидний хот төлөвлөлт, авто замын хөдөлгөөний дүрэм журамтай холбоотой асуудал хөндөгдөх болж байна.

Жирийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах ёстой гэсэн заалт хаана ч алга

Гадаадын зочдын айлчлалаас гадна манай том дарга нарын өглөө, орой албандаа морилох, харих цагаар замын хөдөлгөөнийг өдөр болгон хааж, иргэд тэр болгонд хохирсоор байдаг юм. Харин эрхэм дарга нар маань ард иргэдээ ямар их дарамт, чирэгдэл, бухимдалд оруулан давхин өнгөрч байгаадаа өчүүхэн ч санаа зовдоггүй юм шиг байдаг. Машин дотроо дандаа унтаж явдаггүй л юм бол бүгдийг тэд харж л байгаа шүү дээ. Энэ бүхнийг тэгээд хэзээ зохицуулахыг бүү мэд. Уг нь хот, суурин газрын авто замын хөдөлгөөнийг хэзээ, хэдийд, ямар тохиолдолд хаахыг журамлан заасан “Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам” гэж байдаг юм билээ. Уг журмыг зориуд уншаад үзлээ. Гадаадын зочид, төлөөлөгчид ирэхэд зорчих замыг нь чөлөөлж, иргэдийн хөдөлгөөнийг түгжин саатуулж болно гэсэн үг, өгүүлбэр байтугай үсэг ч алга.

Мөн Монгол улсын том дарга нарыг гэрээсээ гарах, гэртээ харихад нь жирийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах ёстой гэсэн заалт ч бас алга. Харин Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгалийн гамшгийн улмаас авто замын байгууламжид эвдрэл, гэмтэл гарч хаагдах, засвар шинэчлэлт хийх үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлийг өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах гэнэ/ тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийх тохиолдолд л энэхүү журмыг мөрдөнө гэсэн байх юм. Хэрвээ тодорхой хугацаагаар зам хаахаар болвол долоо хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж нийтэд мэдээлнэ.

Мэдээлэлд тухайн чиглэлийн замыг хаах, чиглэл хэрхэн өөрчлөгдөх, замд хязгаарлалт хэдий хугацаагаар хийх, энэ хугацаанд иргэд, зорчих хэрэгслүүд ямар замаар хөдөлгөөн үйлдэхийг тов тодорхой заасан байх ёстойг уг журамд мөн тов тодорхой хэн ч ойлгохоор заан оруулжээ. Замын цагдаа нь ч тэр, сайд, дарга нар, ард иргэд нь ч тэр бүгд энэ журмаа мэддэггүй болохоор хэн нэг нь бухимдаж, хэн нэгнээ бухимдуулсаар иржээ. Уул шугамандаа өчигдөр оросын БХ-ын сайд С.К.Шойгуг Монголд ирэхэд жирийн мань мэтийн зорчих замыг хааж, ажлаас хоцруулж саатуулах эрх хэнд ч байдаггүй юм байна. Эрх мэдэлтнүүдийн хэн нь ч тэр ажилдаа ирэх, гэртээ харихдаа зам хаалгуулж иргэдийг хохироох учиргүй юм байна. Үүнээс хойш иргэд мэдтүгэй! дахиад олон олон гаднын зочин ирж буцах болно. Өглөө бүр, үдэш болгон манай “томчууд”- ын цуваа хөвөрнө. Энэ болгонд бид дахин дахин хохирох ёсгүй юм билээ. Монгол улсын хууль, журам хэнд ч ялгаваргүй үйлчлэх учиртай.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж