Ч.Дамдиншарав: Тамирчин хүнд өндөр ёс зүй маш чухал

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншарав: Тамирчин хүнд өндөр ёс зүй маш чухал

Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Ч.Дамдиншарав: Тамирчин хүнд өндөр ёс зүй маш чухал

“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын салбарын улсын IV зөвлөгөөн Төрийн ордонд өчигдөр (2018.10.18) боллоо. Энэхүү зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулав.

Зөвлөгөөнд биеийн тамир, спортын ажилтан, албан хаагч, мэргэжилтэн, багш, дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болсон 500 төлөөлөгч оролцлоо.

Мөн зөвлөгөөний үеэр олон илтгэл тавигдсан бөгөөд Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь сэдвээр Спортын засаглал, ёс зүйн Олон улсын эксперт, М Корпорацийн үүсгэн байгуулагч Майкл Педерсон илтгэл тавьсан юм.

Энэ онд Монгол Улс олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний 50 жил, олимпийн аваргатай болсны 10 жилийн түүхэн тэгш ой тохиож байна. Энэхүү ойг угтан зөвлөгөөний үеэр олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон юм.

Олимпийн анхны медальтнуудаа мөнхлөн алдаршуулах зорилгоор 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн дөрвөн тамирчны дүрс бүхий зоосыг Монгол банкны эрдэнэсийн санд захиалж цэвэр мөнгөөр урлуулан хийлгэжээ. Монголоо алдаршуулсан олимпийн баатруудаа мөнхжүүлсэн уг хүндэтгэлийн зоосыг Ардын багш, Гавьяат тамирчин Мехикогийн олимпийн хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Мехикогийн олимпийн хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын гэргий Ө.Тамир, Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Төмөрийн Артагийн гэргий Д.Баярлах нарт гардуулан өгсөн юм.

Олимпийн медальтнуудаа төлөөлөн Мехикогийн олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав үг хэлсэн. Тэрбээр  “Монголын олимпийн медальтнуудын холбооны нэрийн өмнөөс энэхүү зөвлөгөөнд оролцогчдод чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт хүсье. Монголчууд 54 жилийн тэртээ олимпийн наадамд анх удаа оролцож байсан бол 1968 оноос эхлэн олимпийн медальтнууд төрж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртэж олимпийн аварга боллоо. 2013 оноос олимп, ДАШТ-ий медальт тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон нь тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлсэн сайн үйлс болсон төдийгүй шинэ залуу тамирчдад урам зориг, хүч оруулсан чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. Өнөөдрийн БТС-ын салбарынханд захих гурван зүйлийг захиж хэлье. Нэгд, багш, дасгалжуулагч хүн өндөр ёс зүйтэй байх ёстой. Хоёрт, тамирчин хүн хатуу сахилга баттай, чин шударга ёс зүйтэй байхыг ямагт эрхэмлэх. Гуравт. Шилдэг сайн тамирчин болоход тэсвэр хатуужил, сэтгэл зүйн өндөр чадамж маш чухал гэдгийг онцолж захиж хэлье” гэлээ.

Олимпийн наадмын медальтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд үе үеийн олимпийн медальтнууд хүрэлцэн ирсэн юм. Олимпийн наадмаас Монгол Улсын 28 тамирчин медаль хүртжээ. Н.Түвшинбаяр олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.

Мөн паралимпийн наадмаас Монгол Улс гурван медаль хүртээд байна. “Бээжин 2008” паралимпийн наадмаас байт харвааны төрлөөр Д.Баатаржав анхны алтан медалын эзэн болсон бол “Рио 2016” паралимпийн наадмаас жүдо бөхийн тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртсэн юм.

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд монголчууд олимпийн наадмаас 26 медаль хүртжээ. Мөн паралимпийн наадмын гурван медальтан төрсөн байна.

Алтан медальтнууд:

  1. Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
  2. Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:

  1. Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
  2. Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
  3. З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
  4. Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
  5. Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
  6. О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
  7. П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс
  8. Н.Түвшинбаяр – “Лондон 2012”, жүдо бөх
  9. Н.Төгсцогт – “Лондон 2012”, бокс
  10. Д.Сумъяа – “Рио 2016”, жүдо бөх

Хүрэл медальтнууд:

  1. Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
  2. Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
  3. Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
  4. Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
  5. Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
  6. Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
  7. Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
  8. Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
  9. Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
  10. Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх
  11. С.Ням-Очир – “Лондон 2012”, жүдо бөх
  12. С.Батцэцэг – “Лондон 2012”, чөлөөт бөх
  13. У.Мөнх-Эрдэнэ – “Лондон 2012”, бокс
  14. Д.Отгондалай – “Рио 2016”, бокс

ПАРАЛИМП:

Алтан медаль:

  1. Д.Баатаржав – “Бээжин 2008”, байт харваа

Хүрэл медаль:

  1. Б.Ууганхүү – “Рио 2016”, жүдо бөх
  2. Э.Содномпилжээ – “Рио 2016”, пауэрлифтинг

All-focus
All-focus

 

All-focus
All-focus

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж