Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 20 ангийн 2257 алба хаагчдыг эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамруулав.
Аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн 120 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үер залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эергээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн аравдугаар сарыг дуустал Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран нийслэлийн ойр орчмын цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ