Төгөлдөр хуурч С.Одгэрэлтэй саатах үдэш

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурч С.Одгэрэлтэй саатах үдэш

Төгөлдөр хуурч С.Одгэрэлтэй саатах үдэш

Төгөлдөр хуурч С. Одгэрэл  “Шопен ба Шарав” нэртэй бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо ирэх сарын 3-ны өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд үзэгч түмэндээ толилуулахаар болжээ.

“Шопен ба Шарав” тоглолтыг сонгодог урлагийг дэмжигч “Төгөлдөр” сан хамтран зохион байгуулахаар болсон байна.

2014 онд Улсын филармонийн тайзнаа С.Одгэрэлийн “Pianissimo” тоглолт анх үзэгчийн хүртээл болж байсан бол сүүлийн гурван жил дараалан төгөлдөр хуурын “Solo Recital” тоглолтуудаа сонгодог урлагт дуртай түмэндээ толилуулсан.

С.Одгэрэл Италийн хөгжмийн консерватори болон Имолагийн олон улсын төгөлдөр хуурчдын академийг төгссөн ба  дэлхийн олон хотуудад гоцлол болон хамтарсан уран бүтээлийн тоглолтуудыг хийгээд байна. Тэрбээр 2015 онд Виртуозо академиас шалгаруулдаг оны шилдэг хөгжимчнөөр шалгарч Чайковскийн төгөлдөр хуур найрал хөгжмийн 1-р концертыг Улсын филармонийн найрал хөгжим болон удирдаач Д.Нямдаштай хамт гоцлон толилулсан.

С.Одгэрэл 2016 онд анхны бие даасан цомог болох Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээс түүвэрлэсэн “Mongolian Composers Piano Pieces’ нэртэй цомгоо гаргасан. Энэхүү цомог нь Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан гоцлол бүтээлүүдээс түүвэрлэн бичүүлсэн анхны хуурцаг болсон ба itunes, Spotify, Амаzon зэрэг цахим худалдаанд тавигдсан Монголын анхны төгөлдөр хуурын хуурцаг болсон юм.

С.Одгэрэл “Yamaha” хөгжмийн брэндийг төлөөлдөг “Yamaha artist” ба энэ удаагийн тоглолтоо “Шопен ба Шарав” хэмээн нэрийдсэн нь тоглолт бүхэлдээ эдгээр хоёр хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг сонгосноороо онцлог болж байна. Тоглолтын эхний хэсэгт Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фредерих Шопены ноктюрн, вальс, этюд, Фантази-Экпромт зэрэг хөгжимчний ур чадвар шаардсан тансаг зохиолууд багтсан бол хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, “Чингис хаан” одонт Бямбасүрэнгийн Шаравын Прелюди, Манан, Зул, Сэрсэн тал болон бусад сайхан бүтээлүүд багтжээ.

Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн “Шопен ба Шарав” тоглолт болох “Чингис” зочид буудлын “Өргөө” танхим нь төгөлдөр хуурын амьд тоглолт тоглоход тохиромжтой болон акустиктай ба энэ хэмжээнд тохирсон Yamaha baby grand хөгжмийг нэмэлт төхөөрөмжгүйгээр тоглоход тохиромжтой аж. Тиймээс энэхүү танхимыг сонгож, сонгодог урлагт дуртай бүхэндээ сонгодог бүтээлүүдийг толилуулахаар болжээ. Энэхүү тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар худалдан авч болохоос гадна 1900-1800 үнэгүй хүргэлтийг хийж байгаа аж.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж