Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчимд амьдардаг Б.Баясгалан гэгч охин 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр гэр лүүгээ харихаар яваад сураггүй алга болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас охиныг энэ сарын 11-ны өдөр вокзал дээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Охин ЕБС-ийн 57-р сургуульд суралцдаг байжээ.
Энэ асуудлаар охины нагац эгчээс тодруулахад “Тухайн өдөр миний дүү хичээлээ тараад 18.00 цагийн орчимд гэртээ ганцаараа харихаар яваад сураггүй болсон. Дүүгээ алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн юм. Удалгүй камерт шүүгээд сураг гараагүй тул цагдаа нартай хамтраад хайж эхэлсэн. Өглөө нь дүүгээ эсэн мэнд олсон. Гэрээсээ төөрөөд орой вокзал дээр хоног төөрүүлсэн юм билээ. Тухайн үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Эрүүл саруул, эсэн мэнд олсон” гэсэн мэдээллийг өглөө.
Э.АРИУН
Холбоотой мэдээ