Х.Цогтбаатар: Нүүрс бол эртний ургамал

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Х.Цогтбаатар: Нүүрс бол эртний ургамал

Одоогоос 70 сая жилийн өмнөх нисдэг гүрвэлийн зөвхөн хүзүүний үе олдсон

Үлэг гүрвэл дэлхийд ноёрхож байсныг хүн бүр мэднэ. Харин сүмбэр уулыг дов, сүн далайг шалбааг байхад хэчнээн төрөл зүйлийн аварга биет оршин тогтнож байсныг хэлж мэдэхгүй. Тийм боловч уйгагүй эрэл хайгуул, судалгааны ачаар дэлхийд шуугиан тарьсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворуудыг судалгааны багийнхан илрүүлсээр буй. Хамгийн сүүлд Өмнөговь, Баянхонгорын заагт орших Бүгийн цаваас Монголоос олдсон Зауроподын төрлөөс  хамгийн том хэмжээтэйг илрүүлээд байна. Монголын нутгаас олдсон хосгүй үнэт олдворуудын талаар Монголын Шинжлэх Ухааны Академи Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.


– Өмнөговь аймгийн нутгаас олдсон Зауропод хэмээх үлэг гүрвэл Ази тивдээ хамгийн томд тооцогдож байгаа юу. Одоо хаана хадгалж байна вэ?

Палеонтологи, геологийн хүрээлэн жил бүр хээрийн судалгаанд гардаг. Энэ жил 6-10 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилсэн. Тухайн үед Монгол, Японы хамтарсан экспедиц Алтайн Өвөр говийн нэгэн олдворт газраас аварга өвсөн идэшт үлэг гүрвэлийн ясны тодорхой хэсгийг малтлага хийж цуглуулсан. Тиймээс хүмүүсийн төсөөлсөн шиг бүхэлдээ олдсон юм биш. Биеийнх нь хүзүү, аарцаг, сээр нуруу, дунд чөмөг, нарийн бүдүүн шаант, хуруу, хумсны зарим хэсэг олдсон юм. Энэ нь Ази тивдээ хожуу Цэрдийн цаг үеийн завроподуудаас хамгийн том хэмжээтэйд тооцогдож байгаа олдвор болж байна.

Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан гэгдэх  Завропод бол үлэг гүрвэлийн амьтны аймгийн хамгийн том төлөөлөл энэ бүлэгт багтдаг. Үүнээс ч илүү чухал, өөр төрөл зүйлийг судалгааны багийнхан илрүүлсэн. Олдворыг технологийн дагуу малтлагын ажлыг гүйцэтгэж, тээвэрлээд манай хүрээлэнд хадгалж байна. Олдвор олдлоо гээд динозавр болохгүй, маш олон дамжлагыг дамжсаны эцэст музейд үздэг шиг аварга биет бий болдог.

-Монголын говиос олдсон нисдэг үлэг гүрвэлийн олдвор дэлхийд багагүй шуугиан тарьсан нь саяхан. Энэ олдворыг үргэлжлүүлэн судалж байгаа юу ?

-Судалгааны ажил хийгдсэн. Одоогоос 70 сая жилийн өмнөх нисдэг гүрвэлийн зөвхөн хүзүүний үе олдсон. Уг олдвор дээр үндэслэн гаднын хэвлэлүүд зургийг нь нийтэлснийг хүмүүс  араг яс нь бүхэлдээ олдсон мэтээр ойлгогдоод байгаа юм. Одоогоор уг олдворыг олсон газар болох Нэмэгт уулын ар хоолой орчимд хайгуулын ажлыг үргэлжлүүлж ажилласан боловч энэ амьтантай холбоотой зүйл олоогүй. Гэхдээ урьд өмнө хаанаас ч олдож байгаагүй өөр олдвор олдсон. Энэ бол нэг дор хадгалагдсан 9-10 жижиг махан идэшт үлэг гүрвэлийн яс бөөнөөрөө хадгалагдсан байсан нь дэлхий дээр урьд өмнө нь хэзээ ч олдож байгаагүй олдвор гэж хэлж болно.

Олон сая жилийн турш газарт хадгалагдсан эртний амьтадын ул мөр, бүтэн олддоггүй. Биеийнх нь хагас хэсэг олддог ч ямар бүлгийн амьтан болохыг нь тогтоох боломжтой.

-Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн нэрийг тодорхойлсон уу?

-Урьдчилсан байдлаар шүдгүй махан идэшт конхораптор бүлэгт хамаарах болов уу гэж үзэж байна.

-Дэлхийд гайхагдах шинжлэх ухааны том нээлтүүд болсон Зауропод, конхораптор зэрэг үлэг гүрвэлийн олдворыг илрүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах байх. Төсөв хөрөнгөө яаж шийдэж байна?

-Палеонтологийн судалгаа нь бүхэлдээ олон улсын хэмжээнд судалгааг явуулахыг шаарддаг. Эсрэгээр нь Монгол Улс бие даан судалгаа явуулна гэвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж нь багасна гэсэн үг. Ийм туршлагатай жижиг улс орнууд байдаг л даа.Жишээ нь,  Африкийн нэг орон XX зууны эхэн үед Германы колони байсан. Энэ үед Германчууд асар их олдвор, баялагтай гэдгийг нь тогтоосон. Дараа нь тэр улс тусгаар улс болоод бие даан судалгааны ажил явуулаад амжилт олоогүй, мартагдсан түүх бий. Олон улс гэдэг нь Монгол эсвэл Оросынх гэдэгт чухал биш. Ердөө л дэлхийд хамаатай. Олдвор олддог газар дэлхийд хуруу дарам цөөн байдгийн нэг нь манай улс. Тиймээс судалгаа хийх сонирхолтой улс оронд нээлттэй байдаг. Гэхдээ бид палеонтологийн судалгаагаар тэргүүлэгч орны эрдэм шинжилгээний байгууллагатай сүүлийн жилүүдэд хамтарсан экспедицийн журмаар судалгааны ажлаа явуулж байгаа. Японы судалгааны байгууллагууд Засгийн газрынхаа шинжлэх ухааныг дэмжих санд төсөл бичиж, Монголд хамтарсан судалгаа явуулах төсөв хөрөнгийг босгож,   хээрийн судалгааг явуулж, олсон олдворууд хуулиараа Монгол улсын өмч учраас Монголдоо үлддэг. Гэхдээ олдвор дээр хийгдэх судалгааг хамтарч явуулдаг. Нэг удаагийн хээрийн судалгааг явуулахад оролцох хүний тоо, малтлагын хэмжээ,  газар нутгийн байршил, хоног хугацаанаас хамааран зарцуулагдах мөнгө нь янз бүр.

-Үлэг гүрвэлийн цаг үед бидний мэдэх дэлхий маш өөр байсан болов уу. Өнөөгийн Монгол орны говь цөл нутгууд ямархуу байсан бэ?

-Эртний байгалийн судалгаа нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Улсын хил гэдэг нь хүн төрөлхтний бүтээсэн зүйл. Үлэг гүрвэлийн цаг үед дэлхийн цаг уур, газар нутгийн байршил өнөөгөөс маш өөр байсан. Өнөөдрийнх шиг таван тив гэж хуваагдаагүй. Эдүгээ Ази тивийн хойд хэсэг Америк тивтэй нийлсэн. Тухайн үед хаана хуурай газар байна тэнд үлэг гүрвэл амьдарч байсан гэж үздэг. Гэхдээ амьдардаг байсан газар болгоноос чулуужсан олдвор нь олддоггүй. Олон зуун сая жил хадгалагдсан байдаг учраас өнөөдөр олдвор олдох нь маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дэлхийд үлэг гүрвэлийн олдвор олддог баялагтай орон хуруу дарам цөөхөн байдгийн учир нь энэ. Сүүлийн үед Өмнөд Америкаас их олдвор олдож байна.

-Манай улс олдворын баялгаар дэлхийд дээгүүрт жагсдаг уу?

-Үлэг гүрвэлийн олдвороор Монгол Улс дэлхийд эхний гуравт багтдаг. Хэдэн жилийн өмнө хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан боловч урд хөрш энэ байрыг эзэлж байна. Энэ нь улсаас шинжлэх ухааны салбараа дэмжиж буйтай холбоотой байх.

-Палеонтологийн шинжлэх ухааны салбарыг үлэг гүрвэлээр төсөөлөх нь бий. Энэ салбар өөр юу судалдаг вэ?

-Дэлхий гариг дээр үүсэж бий болсон шим ертөнц буюу эртний амьтан, ургамал ямар байсныг мэдэхийн чухлыг ойлгож, судалснаар палеонтологийн шинжлэх ухаан үүссэн. Энэ бол харьцангуй залуу шинжлэх ухаан. 200 гаруй жилийн түүхтэй. Грекээр эртний шим судлал гэсэн энэ салбар зөвхөн эртний амьтан, ургамлаар зогсохгүй эртний байгаль орчин, уур амьсгал, тэр ч бүү хэл бактерын палеонтологийн гэхчилэн хүрээгээ тэлж, судалгааны чиглэл нь улам нарийссан.

Танай хүрээлэнд өнөөдрийн байдлаар хичнээн олдвор хадгалж байна. Ямархуу стандарт мөрдөж ажилладаг юм бэ?

-Тоогоор хэлж боломжгүй. Хэдэн зуун мянгаар яригдана. Гэхдээ хүмүүсийн төсөөлж байгаа шиг музейд тавигдах хэмжээний бүрэн бүтэн, том биш гэсэн үг. Бид нар жилээс жилд хуримтлагдаж байгаа олдвор цуглуулгыг судалгааны байдлаар хадгалах ёстой. Олон сая жилийн турш хадгалагдсан зүйл нь маш эмзэг болсон байдаг учраас байнгын сэргээн засварлалт хийдэг. Мөн тодорхой орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн орчинд хадгалах ёстой. Харамсалтай нь энэ салбарт төсөвлөж төвлөрүүлдэг хөрөнгө мөнгө манай улсад хомс. Тиймээс бид асуудлаа тавьсан учраас шинэ цогцолбор байгуулахад эхний ээлжинд 300 сая  төгрөг өгөхөөр шийдсэн.

-Эртний олдворуудыг эх хувиар нь музейд дэлгэдэг үү?

-Орчин үед музейд ховор олдворыг эх хувиар байршуулахаа больсон. Хуулбарыг нь тавьдаг. Онцгой тохиолдолд сенсаци болгож эх хувилбарыг нь богино хугацаанд үзүүлдэг.  Музей бол найдвартай газар биш. Манай монголын олон музейгээс ховор содон зүйлс алга болсон гашуун түүх бий. Тиймээс ийм эталон буюу жишиг болсон үзмэрийг музейгээс илүү, найдвартай, баталгаатай орчинд хадгалах ёстой. Манай улсын хувьд бүх ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсээ оргиналаар нь музейн үзмэрт тавьдаг нь буруу гэсэн үг.

-Та бүхэн олж илрүүлсэн олдворуудаа  нийтэд дэлгэж жуулчдыг татах  зарчмаар бизнес болгон өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлэх тал дээр баримталж буй бодлого байгаа юу. Манай улсад орчин нөхцөл нь хэр бүрдсэн байдаг вэ?

-Тодорхой үед 1980-2010 он хүртэл эртний олдвороор Монголыг сурталчилж байсан. Дэлхийн 20-иод орны 80 орчим хотод үзэсгэлэн гаргасан. Улсын төсөвт багагүй мөнгө оруулснаар зах зээлийн эхэн үед бага ч гэсэн нэмэр болсон байх. Энэ бүхний дараа манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Дэлхийд үлэг гүрвэлгүй орон зөндөө бий. Үлэг гүрвэлийн зарим хэсгийг байгалийн түүхийн музейд байршуулаад, барилга нь актлагдаж үүдээ хаасны дараа жуулчид манай хүрээлэнгээс салдаггүй байсан. Тиймээс бид “Хүннү Малл”-д тусгай үзэсгэлэн байршуулсан. Ирэх жил болох “Үлэг гүрвэлийн дэлхийн экспо”-д манай улс маш том байр суурьтай оролцоно. Орон нутагт олдворт газар дээр нь музей байгуулах ажлын эхний үе шатыг дуусгаад байна.

-Өнөөдрийг хүртэл манай улсаас олдсон үлэг гүрвэлийн тоо баримт бий юу?

-Монголын говиос 83 төрлийн үлэг гүрвэл олж тогтоогдоод байна. Бүгд өөр, өөрийн онцлог, эрс ялгаатай. Одоогоос 220 сая жилийн өмнө үлэг гүрвэл үүссэн гэж үздэг. Юрийн галавын турш цэцэглэн хөгжиж байгаад Цэрдийн галавын төгсгөлөөс  мөхсөн. Монголын үлэг гүрвэлийн олдворууд Юрийн галавын төгсгөлөөс Цэрдийн галавын төгсгөл хүртэлх цаг хугацаанд буюу 150-70 сая жилийн орчимд амьдарч байсан олдворууд юм.

-Юрийн галавын төгсгөлөөс Цэрдийн галавын үед Монгол орны цаг уур ямархуу байсан бэ?

-Одоогоос 80-70 сая жилийн өмнө Монгол орон чийглэг дулаан уур амьсгалтай, өнөөдрийн халуун орон шиг байсан. Баян Ширээгийн цаг үе (одоогоос 90-80 сая жилийн тэртээ) буюу тэр үеийн олдвор нь хамгийн их олддог газарт Дорноговь, Өмнөговийн зүүн хэсэг нутагт маш их том нуур, гүехэн устай гол мөрөнтэй газар байж. Түүнчлэн маш их ургамал ургадаг байсны баталгаа нь өнөөдрийн чулуун нүүрсний ордууд юм. Товчхондоо нүүрс бол эртний ургамал. Ихэнх нүүрсний орд говь цөлийн бүсэд байгаа нь маш их ширэнгэн ой, намаг балчигтай байсныг нотолдог.

-Үлэг гүрвэлээс гадна хөхтөн амьтан, яст  мэлхийний олдвор олддог ч гэх. Гэтэл зөвхөн үлэг гүрвэлийн олдвор л олддог гэж төсөөлдөг?

-Үлэг гүрвэл мөхсөний дараа хөхтөн амьтны цэцэглэлтийн үе бий болсон. Одоогоос 30-40 сая жилийн өмнө цэцэглэлтийн үе байсан. Үлэг гүрвэл шиг аварга биетэй, хирс хэлбэртэй хөхтөн амьтан байсныг нотлох олдвор монголоос зөндөө олддог. Үлэг гүрвэлийг дэлхий дахинд маш их сонирхдог учраас эртний хөхтөн амьтны талаар бага яригддаг. Хамгийн сонирхолтой нь үлэг гүрвэлийн цаг үед хөхтөн амьтны эртний өвөг амьдарч байсан. Үлэг гүрвэлийг амьдарч байх цаг дор  яст мэлхий амьдарч байсныг гэрчлэх олдвор бий. Одоогоор яст мэлхийний 50 гаруй зүйл тогтоогдсон.  Үлэг гүрвэл олддог газраас яст мэлхийний олдвор үргэлж олддог. Харин арслан зааны тухайд нийлээд хожуу үе буюу гучаад мянган жилийн өмнө амьдарч байсан амьтан. Монголд сүүлчийн мөстлөгийн үед амьдарч байсан нь үнэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж