УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар мэдээлэл хийлээ. Тэд хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:
-Ирэх оны төсөв бол түүхэнд анх удаа хамгийн их зарлагатай төсөв болсон. Урсгал зардлаа нэмээд байгаа ч хүүхэд хамгаалах зардлаа бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Энэ жил хүүхэд харах үйлчилгээг мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч үзүүлдэг болгох зорилгоор 5,5 тэрбум төгрөгийн зардалтай БСШУС-ын сайдын багцад шилжүүлсэн. Гэсэн ч энэ ажилд ахиц гараагүй, нийт хамрагдсан хүүхдийн тоо 500-аар буурсан. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 153-аар буурсан. Энэ оны төсөв дээр 5,5 тэрбум төгрөг дахиж буураад 2,3 тэрбум болчихсон байна. Тиймээс бид Нээлттэй сонсголын тухай хуулийн 4.2.4 дүгээр заалтыг үндэслэн, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө нээлттэй сонсгол зохион байгуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:
-Төсвийн ажлын хэсэг 2019 оны төсөв дээр яг одоо ажиллаж байна. Ирэх оны төсөв бол нэлээд өөдрөг төсөөлөлтэй орж ирсэн. Ер нь энэ жил Сангийн яамны зүгээс яамдуудын үйл ажиллагааны зардлыг нэлээд танаж оруулж ирсэн. Зарим сайд нар үйл ажиллагаа явуулах хэмжээний зардал суугаагүй байна гэдгийг учирласан. Тэгвэл ямар зардал илүү өссөн бэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал 46 хувиар өссөн. Улсын төсвийн ерөнхий зарчим бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, хүрэлцээгүй байгаа цэцэрлэг болон бусад хөрөнгө оруулалтаа шийдэх зорилгоор орж ирсэн. Энэ нь зарчмын хувьд зөв. Харин хүүхэд хамгаалалтай холбоотой зардал 66 хувиар буурч орж ирлээ. Сангийн яам төсвийн зарцуулалтыг хянахдаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тавилга авахад зориулж олон тэрбум төгрөг зарцуулсан байна гэдэг ташаа мэдээлэл гаргасан байсан. Үндсэндээ 150 сая төгрөг тавилга авахад зарцуулагдсан байсан.
Хүчирхийлэл буурахгүй байна. Тиймээс хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж өгөх хүсэлт гаргаж байгаа юм.
Холбоотой мэдээ