Зам засвар арчлалтад 30 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

LiveЗам засвар арчлалтад 30 тэрбум төгрөг зарцуулна

Зам засвар арчлалтад 30 тэрбум төгрөг зарцуулна
15 : 44
2018-10-19

Зам засвар арчлалтад 30 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар” авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Ерөнхий сайдын мэдээлэлд “Автозамын салбарын хууль эрхзүйн орчныг боловсрохгүй болгох чиглэлээр төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж байна. Уг баримт бичигт хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгснийг онцлон хэлье. Автозамын тухай хуулиар тусгай зориулалтын автозам гэсэн шинэ ангиллыг бий болгосон. Хуульд заасны дагуу тусгай зориулалтын автозамыг нэгдсэн бодлоготойгоор төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмшүүлэх, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын нөхцөлийг боловсруулаад байна. Эдийн засгийн эргэлтэд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт чухал хэрэгтэй ч байгаль экологийн тэнцвэрт байдал тухайн бүс нутгийн ард иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

 Автозамын сүлжээнд хатуу хучилттай автозамын урт нэмэгдэж ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа хэдий ч нөгөө талаар автозамын бэлэн байдлыг хангахад шаардагдах байнгын засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд ахиц гарах асуудал чухал билээ. Өнөөдрийн байдлаар улсын чанартай автозамын хатуу хучилттай автозамын сүлжээнд, 22 хувьд нь их засвар шинэчлэлийн ажилд хийх хугацаа болсон мөн зайлшгүй засварлах шаардлагатай байгаа. Автозамын засвар арчлалтын ажил жил бүр санхүүжилтийн асуудлаас шалтгаалан норматив хугацаанд нь зохих түвшинд хангалттай хийж гүйцэтгээгүйгээс тухайн автозамын ашиглалтын байдал улам бүр муудаж  эвдрэл даамжирч замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар нийт шаардагдах хөрөнгийн 36  хувь буюу 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг зам засвар арчлалтад зарцуулж байсныг нэмэгдүүлж ирэх онд 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь жилд зарцуулах шаардлагатай 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 54.5 хувьтай тэнцэж байгаа юм. Цаашид автозамын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  шаардлагатай байгаа. Автозамын салбарын тогтвортой, үр дүнтэй хөгжлийг хангах хүрээнд төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү бодлогын бичгийг боловсруулан гаргаснаар автозамын сүлжээг хөгжүүлэх, сүлжээний бэлэн байдлыг хангах, чанар  стандартыг дээшлүүлэх зэрэг  бодлого,чиглэл тодорхой болно гэж үзэж байна” гэлээ.

ӨНГӨРСӨН ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 377 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬСАН БАЙНА

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж, танилцууллаа.

Тэрбээр “Авто замын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллийг бид хамтдаа сонслоо. Манай улсын хувьд 15.2 мянган км авто зам олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км зам нь хатуу хучилттай авто зам байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдлаа.
Тэгвэл уг 6.5 мянган км хатуу хучилттай авто замын 51 хувийг буюу 3.300 км авто замыг 2012-2016 оны хооронд Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед бий болсныг энэхүү индэр дээрээс хэлэхэд таатай байна.Монгол Улсын сүүлийн жилүүдийн бүтээн байгуулалтад нэлээд жин дарах ажил бол яахын аргагүй авто замын бүтээн байгуулалт юм.

Гэтэл өнгөрсөн 2 жилийн дотор 377 км хатуу хучилттай зам тавьсан байна.Энэ жишгээр явбал 20 жилийн туршид 3.300 км зам барих нь ээ. 2012-2016 онуудад Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн, энэхүү ажлын хүрээнд Нийслэлд 260 км шинэ замыг тавьж, ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл Нийслэлчүүдэд хамгийн их үр дүнгээ өгсөн ажлын нэг байсаар байна. Уг үр дүнтэй төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Нийслэл хотынхоо дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр эрх баригчид маань хойрго хандаж байгаад харамсаж байна. Уг төслийг цаг үеэ олж хэрэгжүүлээгүй бол өнөөдөр Нийслэлийн авто замын дүр төрх ямар байхыг та бүхэн хэнээр ч хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа. 

Мөн өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн төвийг хатуу хучилттай замаар Нийслэлтэй холбож, баруун бүсийн  таван аймгийг Нийслэлтэй холбох ажлыг эхлүүлж чаджээ. 
Гэвч энэ салбарт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээсэн асуудлууд олон байгааг эрхэм гишүүд та бүхэн санал нийлэх байхаа. 
Хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол хүн ам ихээр суурьшсан Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замын асуудал юм. Уг зам дээр иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсоор, нөхөөснөөс нөхөөсний хооронд 20 жилийн нүүр үзлээ. Уг замыг шинэчлэх асуудал яригдаж байгаа хэдий ч ажил хэрэг болохгүй удаж байгааг анхаарах хэрэгтэй байна.

Энэ бүхний асуудлын гол нь удирдлага, хөрөнгө мөнгөнийхөө зарцуулалтад байгаа гэж үзэж байна.

Уг нь зам бол хөгжлийг хөдөөд авчирдаг, ажлын шинэ байр орон даяар бий болгодог хөгжлийн хөшүүрэг билээ. Харин Монголд авлига авах, нийтийн хөрөнгийг завших, төрөөс тэрбумтан төрүүлэх, төр засгийн өндөр албан тушаалд хүрэх хөшүүрэг болсныг хүн бүр ярьсаар олон жил боллоо. Гэтэл замыг хөгжлийн хөшүүрэг жинхэнээс нь болгож, байгаль орчиндоо ээлтэй байхаар ашиглах шаардлага тулгараад байдаг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хөрс, бэлчээрийн доройтол, тоосжилтыг бууруулах зэрэг эдийн засаг, экологийн эерэг үр дүнтэй байхаар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

Ганцхан тоо баримт дурдахад Авто замын салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо нь 1929-1990 он хүртэлх 61 жилийн хугацаанд 12 удаа буюу 5 жил тутамд өөрчлөгдөж байсан бол 1990-2017 онд 13 удаа буюу 2 жил тутамд өөрчлөгдөж байсан нь салбарт тогтвортой, хэтийг харсан бодлого, үйл ажиллагаа явуулахад муугаар нөлөөлж байсныг харж болно. 
Мөн сүүлийн үед төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна. Тухайлбал: Авто замын төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь асуудал нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм.Энэ асуудалд одоо болтол хэн ч албан ёсоор тайлбар хийгээгүй бөгөөд, салбарын сайд, дэд сайд нар огцорсон болоод намжиж байгаа нь өөрөө Монгол төрийн эмгэнэл юм. Энэ мэтчилэн Зам тээврийн салбарт гарч буй Төмөр замын байгууллагын хариуцлагагүй байдал, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдсөн зэрэг олон асуудал нь зөвхөн тухайн салбарын асуудал бус Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ юм.

Энэ бүхний хажуугаар авто замын салбарын хүний нөөцийн чадавх, хүчин чадлын талаар дурдах нь зүйн хэрэг биз ээ. Авто замын салбарт нийт 8000 орчим хүн ажиллаж байгаагаас 935 мэргэжлийн инженер техникийн ажилтан байгаа хангалтгүй үзүүлэлт юм. Авто замын салбарт сүүлийн жилүүдэд өндөр бүтээмжтэй сайн чанарын машин, механизм, техник тоног төхөөрөмж ашиглах болсон хэдий ч бид энэ салбартаа хөрөнгө оруулалт хэрхэн хийж байгаа нь дараах үзүүлэлтээс тодорхой харагдана. 

Тухайлбал, АЗЗА-н ТӨХК-иуд нь хэрэгцээтэй машин механизмын дөнгөж 55.2 хувь, тоног төхөөрөмжийн 44.1 хувиар хангагдсан байна. АЗЗА-н компаниудыг чадварлаг мэргэжилтнээр хангах, машин механизм, материаллаг баазыг нь нэмэгдүүлж, сайжруулах асуудал ихээхэн хоцорч байна.
Монгол орны авто замын сүлжээг тууштай хөгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч, энэ салбарын хөрөнгө оруулалтын өмнөх жилүүдийнхээс бууруулах бус нэмэгдүүлэх тал Засгийн газрыг идэвхтэй ажиллахыг хүсч байна” гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа баасан гаригийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

12 : 59
2018-10-19

Валютын зохицуулалтын хуулиар төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ

chuulgan (1)

УИХ-ын чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүдийн 80 хувь нь  тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар валютын хадгаламжийг зохицуулж чадах уу. Валютын хадгаламжийг зохицуулж чадахгүйгээс үүдэж хадгаламж ихсэж тэр хэрээр валютын ханш өсөх нөхцөл боломж бүрдээд байгаа юм биш үү. Энэ хууль батлагдсанаар үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар тогтвортой байж чадах уу.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна. Үүний зэрэгцээ гадаад секторын статистикийн мэдээг боловсруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлж буй хүчин зүйлийг хязгаарлаж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, банк, санхүүгийн системийн чадавхыг сайжруулах үүднээс зохицуулалтыг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах шаардлага бий. Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байгаа” гэдгийг  төсөл санаачлагч дурдав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Монголбанк уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа гэдгээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлж байсан. Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ. Хуулийн сөрөг үр дагаврыг тодорхой яримаар байгаа юм. Банкны салбарын хүмүүстэй уулзаж байх үеэр уг хуулийн төслийн сөрөг үр дагавар олон байгааг ярьж байсан. Хэлэлцүүлгээр дандаа эерэг үр дүнг нь ярьж байна. Миний харж байгаагаар орж ирж байгаа валютын урсгалд болгоомжлол бий болох талтай. Мэдээж бидэнд валютаас илүү хэрэгтэй зүйл гэж үгүй. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн хуулийг хэр баримталсан бэ.

УИХ-ын гишүүн  Б.Баттөмөр:

Хуулийн төсөл батлагдсанаар валютын эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж өгснөөр зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх боломжийг бүрдүүлнэ. Мөн хөрөнгийн чөлөөт урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн талаарх заалтуудыг хуульд тодорхой тусгаснаар макро эдийн засгийн бодлогын сонголтыг тодорхой болгож, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдлыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болно. Гадаад секторын статистик, валютын дотоодын захын ханш, валютын арилжааны мэдээний хамрах хүрээ, чанар, давтамжийг сайжруулах боломжтой болно.Хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг баримтлан ажилласан.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газраас өгсөн саналыг хавсаргасан байгаа. Уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг Засгийн газар дэмжиж байгаа. Засгийн газрын бүрэн эрхэд гадаад валютын ханшийг зохицуулах үүрэгтэй. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх гэсэн тодорхой заалтууд орсон. Валют гэдэг үндсэндээ экспорт.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Уг хуулийн төслийг боловсруулахын тулд өнгөрсөн хаврын чуулганы туршид маш олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж гарах зарлагын судалгаа зэргийг бүх мэргэжлийн хүмүүсийг хамруулсан гурван том судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнд уг хуулийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

11 : 37
2018-10-19

Д.Тогтохсүрэн :Хүүхдэд нь мөнгө өгч халамжилснаас эцэг эхийг нь ажилтай болгоё

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас гишүүд асуулт асууж байна.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хуулийн төслийг дэмжиж байна. 100 хувь хавтгайруулах бус хүүхдийн мөнгө авах хэрэгцээтэй байгаа хэсэгт нь өгөх нь зөв. Өнгөрсөн хугацаанд хоёр нам манайх 80 нь хувьд нь  танайх 100 хувьд нь өгдөг  гэж улстөржсөөр ирсэн. Хүүхдийн мөнгө хүн амын өсөлтөд нөлөөлж байна гэсэн тайлбар хэлдэг. Гэхдээ үүнд хоёр хувилбар байгаа юм. Ажилтай, орлоготой болгоод хүн амаа өсгөх үү, эсвэл амь зуух төдийг 20 мянган төгрөг өгөөд хүн амаа өсгөх үү гэдгийг бид болох цаг нь болсон. 13 жил өгөхөд ядуурал буурсан уу гэвэл буураагүй. Хүн амын 40 хувь нь ядуу хэвээр л байна. Яг энэ мөнгийг бодит үйлдвэрлэлийн салбарт оруулсан бол  аймагт бүрт 4 тэрбум төгрөгийн хоёр үйлдвэр барих мөнгө байсан. Ингээд явсан бол  10 мянган өрх ажлын байртай болох байлаа. Харамсалтай нь ингэж чадаагүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол төр маань бодлоготой явах ёстой. Бодлого нь мөн хоорондоо уялдаатай  байх ёстой. Энэ нь өнөөдөр алдагдчихсан. Тийм болохоор монгол төрийн бодлого тогтвортой болгох асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Үүний дараа ажилтай, орлоготой байх, аж үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн орлого нэмэгдүүлэх гэсэн эдгээр бодлого нь нийгмийн халамжийн бодлоготой уялдаж явах ёстой. Өнөөдөр нийтдээ 650 тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын салбарт зарцуулж байгаа. Нэг сая иргэн үүнээс хувь хүртэж байгаа. Гэтэл яагаад ядуурлаас гарахгүй байна гэдэгт бид нийгмийн халамжийн бодлогодоо анхаарах ёстой. 650 тэрбум төгрөгөөс 200 тэрбум орчим нь хүүхдэд зарцуулагдаж байгаа. Үүнийг халамжийн гэж хэлэхээсээ илүүтэй монгол төрийн хүн амаа өсгөх бодлого гэж харах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Хүүхдийн мөнгөний асуудал улс төрийн сэдэв болчхоод байгаа юм. Би уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс халамжийн бодлогоор явахгүй гэдэг нь тодорхой болсон. Хоёр нам нь хэрэлдэж халамжийн бодлогыг явуулсаар ирсэн нь ядуурлыг улам нэмэгдүүлж, ажил хийх хүн олдохоо больсон. Орлого нь нэмэгдэхээр түүнийгээ халамжид яаж өгөх үү гэдэг байдал бий болчхоод байна. бид халамжаар хөгжинө гэдэг ойлголт үндсэндээ үгүй. Тиймээс халамж руу чиглэсэн үйл ажиллагаагаа  цаашид больж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр бий болгох, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогыг явуулмаар байна. Хүүхдэд нь мөнгө өгч халамжлахаас илүүтэй эцэг эхийг нь ажилтай болгомоор байна. Бид таван төгрөг орлого олбол түүнийгээ ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд зарцуулдаг болмоор байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Залуучууд та нар заримдаа тэвчээр барах юм. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө мартсан хүн байхгүй л дээ. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор бууруулж ОУВС-тай хамтрах шийдвэрийг гаргахад С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүн байсан. Депольтоос холдохын тулд ард түмэндээ үнэнээ хэлж хийсэн ажил биз дээ. С.Бямбацогт хоёр нүүрлэдгээ боль. Би шулуухан хэлье. Энэ хавар ярьсаар байгаад л хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө гэж шийдвэр гаргаж төсөвт хөрөнгийг нь суулгасан. Одоо 80 хувьд нь олгох төсвийн хууль хэрэгжиж байгаа. Суурьтай баймаар байна. Сайд болохоороо зовлон ярьж гүйчхээд сайдаасаа буухаар өөр зүйл ярьдаг ийм  төр байдаг юм уу.  Байнгын хорооноос асууя, 13 тэрбум төгрөгийг хаанаас гаргах юм.Үүнийгээ хэлж өг. Ямар ч тооцоо судалгаагүй зүйл оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хүүхдийн мөнгийг 80-85 хувьд олгоход 13 тэрбум төгрөг нэмэгдэх юм л даа. Нэмэгдэхгүй ч байж магадгүй. Би ч гэсэн шулуухан хэлье. Надад хоёр нүүр гаргаад байгаа зүйл байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суугдсан амлалт. Үүнд их мөнгө шаардагдахгүй. Бүх зүйл тооцоо судалгаатай байгаа.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн 60.8  хувь нь дэмжсэн учир нь Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

10 : 48
2018-10-19

Чуулган: Нийгмийн халамжийн тэтгэврийг ирэх оноос нэмэгдүүлнэ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх нь дэмжлээ.


Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

90-ээд оны үед  дөрвөн хүүхэд төрүүлсэн 40 орчим насны эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргачихсан. Тэдний тэтгэвэр өнөөгийн зах зээлийн ханш, амьдралын хэрэглээтэй харьцуулахад тун бага байгаа. Тийм учраас энэ чиглэлд салбарын бодлого ямар байна вэ. Мөн тэтгэвэр авч чадахгүй байгаа маш олон хүн бий. Тэтгэврийн ялгаатай зөрүүтэй байдлыг яаж шийдэх вэ. Ахмад настны нийгмийн баталгаа бол тэтгэврийн асуудал. Тэтгэвэр нэмэгдүүлэх ямар боломж бололцоо байна вэ.

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн багц хуулиудыг өөрчлөх асуудал хийгдэж байгаа. Амжвал энэ намрын чуулганаар УИХ-аар оруулна. Нийгмийн даатгалын алдагдлыг бууруулах хамрах хүрээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх  зэрэгтэй холбоотой тулгамдсан асуудал олон бий.  2019 оны төсөвт 119.5 тэрбум төгрөг тусгагдсан. Энэ хөрөнгөдөө багтааж ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа. Халамжийн тэтгэврийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс доогуур  тогтоогддог. Тийм учраас халамжийн тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сараас амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр нийтдээ төсөвт 22 тэрбум төгрөг тусгагдсан. Тэтгэврийн хэмжээ бага байгаа гэдэгтэй би санал нийлж байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж  хэмжээ 330 мянган төгрөг байна. Нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа. Тийм учраас доод тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ нөгөө  талаасаа доод тэтгэврийн хэмжээг огцом нэмээгдүүлэх нь сөрөг хоёр талтай. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр маш их хэмжээгээр шаардагдана.

УИХ-ын гишүүн Б.Билэгт уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх ямар арга байна вэ гэсэн асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын хүрээнд тулгамдсан олон асуудал байгаа. Ний нуугүй хэлэхэд нийгмийн даатгалын сангийн алдагдал өндөр байгаа. ОУВС-аас бидэнд өгч байгаа зөвлөмж нь биднийг нийгмийн даатгалын сангийн алдагдлаа бууруул гэж хэлдэг” гэв.

Ингээд тус хуулийн төслийн дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн учир холбогдох байнгын хороонд шилжүүлээ. Үргэлжлүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж