Үе үеийн монголчуудын мянга мянган жилийн туршид оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө бүтээн цогцлоож, ариун цусаараа хамгаалж ирсэн хамгийн нандин зүйл нь өнөөдрийн БИДНИЙ ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС билээ.
Өнөөдрийн Монгол Улсын иргэн бүр “Төр улсын хэргийг амьд хүн хөдөлгөдөг авч тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог гэж ХХ зууны Монголын үндэсний баатруудын нэгэн Манлай ван Ж.Дамдинсүрэн хэлснийг санаж явах учиртай.
ХХI зууны соёл иргэншилт монголчууд бид Монгол төр, улс оршин тогтносон 2000 гаруй жилийнхийг биш юмаа гэхэд наад зах нь өнгөрсөн зуунд монгол газар шорооныхоо төлөө зэвсэгт тэмцэлд алтан амиа өргөсөн баатарлаг хөвгүүдийнхээ ариун нэрсийг марталгүй, гэгээн дурсгалыг нь хүндэтгэж явах ёс суртахууны үүрэгтэй.
Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Өвөр Монгол ахан дүүсээ чөлөөлөх тэмцэлд мордож, Ардын хувьсгал хийж, Халхын голд Японы түрэмгийчүүдийг бутцохиж, дэлхийн II дайны төгсгөл буюу 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, зүүн, баруун хилээ хамгаалан тулалдаж, Монгол цэрэг эрс тухай бүр ялалтын тугийг мандуулж явжээ. Энэ олон дайн тулаанд хичнээн монгол цэрэг эрс алтан амиа өргөснийг өнөөдөр бид тэр бүрий дурсч байна уу?!
БХЯ-ны Ахмадын хорооноос эрхлэн ХХ зуунд Монгол эх орныхоо төлөө дайнд амь үрэгдсэн дайчдын нэрсийг аль болохоор нэг бүрчлэн гаргаж, байгуулсан гавьяаг нь товч дурдан “Эх орныхоо төлөө өргөсөн Алтан амь” номыг хэвлүүлэн гаргажээ. Энд нийт 500 гаруй хүний нэрс багтсан байна.
Мартагдах дөхсөн өвөө, аав, ах нарынхаа нэрсийг энэ номноос олж мэдэн, тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, буяны ном хуруулахаас эхлээд нэрэмжит ажил зохиох, уран бүтээл туурвих, ном зохиол бичих, хөшөө суврага босгох, дурсгалын цогцолбор байгуулах зэрэг олон төрлийн ажлыг УИХ, аймаг, сумдын иргэдийн хурал, Засгийн газраас эхлээд гүйцэтгэх засаглалын бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагууд, ялангуяа ахмадын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс санаачлан хийх хэрэгтэй юм.
Үүний үр дүнд ирээдүй хойчийн залуу үеийнхэнд маань Монгол эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулан тэмцэх, хөдөлмөрлөх зан суртахууны нандин чанар төлөвших болно. “… нөхцөгсөдийнхөө дурсгалыг хүндэтгэх нь амьд үлдэгсдэд нь буян болдог” гэсэн агуу их Буддагийн сургаалийг санагтун.
Б.ЭНХ