Монголын цагдаа түүнд мэхийн ёслов

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Монголын цагдаа түүнд мэхийн ёслов

Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өргтөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм.  Талийгаач 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн дээд сургуулийн цагдаа бэлтгэх дамжааг төгсөж, улмаар 1996 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Дохиолол хамгаалалтын албанд цагдаагаар эхлэн, 1999 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаа, 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа-жолоочоор тус тус томилогдон ажиллаж байсан цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдын нэг байжээ.

Түүний ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг цагдаагийн байгууллагаас өндрөөр үнэлж 2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын Баярын бичиг, 2013 онд Хүндэт өргөмжлөл, 2011 онд Цагдаагийн ерөнхий газрын Албаны төлөө lll, 2016 онд Албаны төлөө ll, 2017 онд Албаны төлөө l зэргийн тэмдэг, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Баярын бичиг, 2018 онд Цагдаагийн гавьяа тэмдэг болон бусад байгууллагын шагналаар шагнасан байдаг.
"Д.Батсайхан нь төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага гүн эмгэнэл илэрхийлж байна.Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно" хэмээн хамт олон, найз нөхөд, Монголын цагдаа түүнд мэхийн ёслолоо.  Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн ар гэрт нь орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо салах ёс хийх үед оролцох үедээ хэлсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж