Ийм саналыг Монголын Засгийн газраас оросуудад тавьсан, гэхдээ зөвхөн судалгаа, яриа төдий байгаа гэх мэдээлэл байна. Хэрэвзээ энэ үнэн бол хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэх дотоодын зах зээлд үнийн ч, чанарын ч жинхэнэ өрсөлдөөн бий болно.
Шатахууны үнэ дахиад нэмэгдэнэ гэсэн “мессеж”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгч байна. Учир нь, дэлхийн зах зээлээс шалтгаалж, шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 45-85 ам.доллар буюу 6-13 хувиар өссөн гэнэ.
Сүүлийн нэг жилийн дотор импортлогчид бага багаар, сэм сэмхэн шатахууныхаа үнийг таван удаа нэмсэн бөгөөд нийтдээ 200-250 орчим төгрөгөөр өсгөсөн. Цаашдаа ч шатахууны үнийг нэмэх нь тодорхой, импортлогчдын хэлэх болсон шалтаг, шалтгаан бол ам.долларын ханшийн савлагаа, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт.
Шатахууны үнийн өсөлт үе, үеийн Засгийн газрын онцгой зовлон байсан, онцгой албан татварыг нь тэглэхээс эхлээд импортлогчдыг онцгойлон харж үзсээр ирсэн. Харин Ардын Засгийн газар шатахууны үнийг барихын тулд цаасан мөнгө хэвлэн тараахгүй гэсний хувьд өөр гарц, боломж, үнэ бууруулах өрсөлдөөнийг эрэлхийлж байгаа бололтой.
Хэдийгээр Лхагва гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть орж ирэхгүй" гэсэн нь импортлогчдын эсэргүүцэлээс болгоомжилсон эсвэл энэ асуудлыг гэрэлд цохиулахаас болгоомжилсон байх талтай.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан явахдаа “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин уулзаж, Монголын жижиглэнгийн зах зээлд боруулалт хийх яриа хөөрөө хийгдсэн гэх албан бус мэдээлэл бий.
“Роснефть” Монголд орж ирэх тухай яриа анхных бөгөөд эцсийнх биш. С.Баярын Засгийн газрын үед “Роснефть”-ийн 100 шатахуун түгээх станцыг оруулахаар болсон асуудал парламент дээр унасан шалтгаан нь стратегийн гэх энэ салбарт гадаадын өрсөлдөгчийг оруулахыг импортлогчид үргэлжид эсэргүүцсээр ирсэнтэй холбоотой. Эцэстээ Засгийн газар тэдэнд буулт хийх, үгүй бол шатахууны үнийн өсөлтийг иргэд халааснаасаа гаргах хоёрхон хувилбараар асуудал шийдэгддэг болсон.
Нөгөө талаар шатахуун импортлогчид хуурамч шатахуун Монголд үйлдвэрлэдэг гэх асуудлыг шалгах эхэлсэн тухай салбарын яам мэдээлснийг “Дагалдах бүтээгдэхүүнүүдийг хойноос оруулж ирээд, энд холилт хийх замаар хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Дээж авч шинжлэхэд стандартын бус” байсан хэмээн АМГТГ-ын дарга Х.Хэрлэн батлаад буй. Өөрөөр хэлбэл, Монголд үйлдвэрлэгдсэн хуурамч шатахууныг манай импортлогчид ШТС-аараа дамжуулан зарж, онцгой албан татвараа хөнгөлүүлөхээс гадна, ашиг хүртдэг байсан уу гэх асуудал хуулийн хүрээнд сөхөгдөөд эхэллээ.
“Роснефть” Монголд орж ирнэ гэх мэдээлэл импортлогчдыг “тачаадах”-ад хүргэж буй гэх яриа ч сонсогдож байна. Монголын хэрэглэгчдийн хувьд чанартай, стандартын, үнэ хямдтай шатахуун хэрэглэж байвал ёстой л"Роснефть"-ийнх нь байна уу, Оюунгэрэлийнх нь байна уу хамаагүй юм. Ядаж байхад хуурамч шатахуун үйлдвэрлээд зарж байгааг албаны хүмүүс батлах болсныг ч хэлэх үү. Мэдээж, стратегийн энэ салбараа “Роснефть”-эд өглөө гэх шүүмжлэх гарч магадгүй ч жижиглэнгийн зах зээлд өрсөлдөгч бидэнд хэрэгтэй байгааг сүүлийн нэг жилийн доторх таван удаагийн өсөлт харуулж буй. Энэ тохиолдолд хэрэглэгчид хүртэл “Ороод ирээч, "Роснефть” гэж хэлэхэд хүрч байгааг ч импортлогчдын чихэнд хүргэхэд буруудахгүй биз.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ