Ажил, цэцэрлэг тарах цагийг зөрүүлье

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Ажил, цэцэрлэг тарах цагийг зөрүүлье

Ажил, цэцэрлэг тарах цагийг зөрүүлье

Оройн 19.00 цагтай уралдан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Тус цэцэрлэг хэдийгээр 17.00-18.00 цагт тардаг ч  биднийг 19.00 цагт очиход хүүхдээ авах эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй байлаа. Учир нь, хотын дарга С.Батболд түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхлэх захирамжийг гаргасан. Харин дээрх шийдвэр нь  бодит амьдрал дээр түгжрэлийг бууруулах биш эргээд эцэг эх, багш нарт улам дарамт нэмж буйг ч эцэг эхчүүд шүүмжлэв.

Ажил тарах цаг 18.00. Харин хүүхдийн цэцэрлэг 17.00-18.00 цагийн хооронд тарна. Ажлаа тараад   түгжирч явсаар 19.00 цагтай арай гэж уралдаж хүүхдээ авдаг тухай эцэг эхчүүд ярьж байна.  Хэдийгээр 18.00 цагаас хойш хүүхдээ авсан эцэг эхчүүд илүү цагийн мөнгө бодох  ёстой ч “Илүү цагийн мөнгөө авья гэж нэхээд явах багш нар цөөхөн” хэмээн тус цэцэрлэгийн арга зүйч Н.Жавзандулам хэлж байсан юм.

  “Танай ангид манайхаас хамаагүй бага хүүхэд үлддэг юм байна”, “Гурван хүүхэд үлдэх бол харин ч гайгүй” хэмээн багш нар ам уралдан зовлонгоо тоочив. “Ганц хүүхдээс болж 20.00 цаг хүртэл ажил дээрээ суух хэцүү шүү дээ” хэмээн өөр хоорондоо ч ярилцана.  Багш нар ч гэсэн ардаа амьдралтай  хүмүүс учир ганц цагийн өмнө ч гэсэн гэртээ хүсдэг биз.

"ТҮГЖИРЧ ЯВСААР БАЙГААД ОРОЙТЧИХЛОО” ГЭДЭГ 

 Тус цэцэрлэгт 15  жил багшилж буй  С.Бямбажаргал багш энэ жил 50 хүүхэдтэй ажилладаг. Тэрбээр “Манай ангид 19.00 цаг гэхэд  3-5 хүүхэд үлддэг. Урд нь  эцэг эхчүүд  18.00 цагт ирээд хүүхдүүдээ авдаг байсан.   Одоо бол хөөрхий минь өөрсдөө зовлонгоо хэлээд л ирнэ.  Тэдний  амнаас  “Түгжирч явсаар байгаад оройтчихлоо” гэдэг үг л хамгийн их гардаг. Аргаа барахдаа зарим эцэг эхчүүд  “Манай хүүхдийг  цэцэрлэгийн манаач  дээр үлдээж болох уу” гэж хэлдэг. Захиргааны байгууллагууд ажилдаа ирэх, тарах цагийг хурууны хээгээр бүртгэдэг учраас эрт гараад ирж болохгүй асуудалтай л байдаг юм шиг байна лээ.Тэглээ гээд  бид нар хүүхдийг цэцэрлэгийн манаач дээр үлдээх эрхгүй. Заавал ар гэрийнхнийх нь төлөөлөл болсон хүнд нь хүүхдийг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Заримдаа 20.00 цаг хүртэл хүлээгээд л сууна. Ажлын цагт өөрчлөлт орохоос өмнө 18.00 цагт хүүхдүүд тараад анги хоосордог байсан.” хэмээн ярьлаа.

Тэдний ярьж буйг  сонсоход эцэг эхчүүд оройтохгүй байлаа гэхэд хамгийн сүүлийн хүүхдийг 18.30 цагт авдаг бол оройтлоо гэхэд  хамгийн сүүлийн хүүхдийг 19.00.-20.00 цагт авдаг гэнэ. Энэ нь эргээд багш нарын ачааллыг нэмдэг гэдгийг ч  тэд нуусангүй. Багш нар өглөө 08.00 цагт хүүхдүүдээ хүлээж авах ёстой. Тэд өглөө  гэрээсээ эрт гараад 07.20 цагт ажил дээрээ ирэхэд хүүхдүүдээ хүргэж ирсэн эцэг эхчүүд цувраад зогссон байж байдаг  байсан гэдгийг ч мөн ярьж байсан юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦАГТАА  ИРЭЭД ХҮҮХДҮҮДЭЭ АВЧВАЛ  ХЭН ХЭНДЭЭ АМАР

Харин долоо дахь жилдээ багшилж байгаа С.Анхцэцэг багш  “Ангид ганц хоёр хүүхэд үлдэхээр хэцүү л дээ. Ганцхан хүүхдийн  төлөө үдэш хүртэл сууна гэдэг амаргүй. Заримыг нь дагуулаад багш  нарын энэ өрөөнд  хүртэл суулгана. Хэдэн цагийг ч гэсэн ашиглаад би бас ажлаа хийчмээр байна шүү дээ. Удаан суугаад ирэхээрээ  зарим нэгэн нь уйлна. Хүүхэд  л  юм чинь ядарна, харимаар санагдана. Аргаа бараад ээж аав руу  утасдана.  Одоо яг аав/ээж нь очиж байгаа.  Зарим нэгэн нь тэрийг авчаарай гэсэн аваагүй юу гэдэг. Түүнээс биш хүүхдүүдтэйгээ ажиллах сайхан. Бид нар ажлаа голж байгаа юм биш. Гол нь эцэг эхчүүд цагтаа  ирээд хүүхдүүдээ авчвал  хэн хэндээ амар. Зарим эцэг эхчүүд  өнөөдөр хоцрохгүй байлаа гэхэд маргааш хоцорч болно. Ээлжилнэ шүү дээ. Дандаа  оройтно гэж юу байх вэ. Мэдээж хоцорч ирсэн хүн гэрэвшинэ. Тэр нь ганц хоёр хоног мартагдаад эхлэхээр нөгөөдөр ахиад л давтагддаг" гэж байсан юм.

Харин эцэг эхчүүд   ажил тарах, цэцэрлэг тарах  цагийг нь зөрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.  “Цаг нь таарчихаар  хэцүү юм. Хоорондоо зэрэгцээд байгаа учраас ажлаасаа эрт  гарах эсвэл хамаатнуудаа гуйж хүүхдээ авахуулах л шаардлага тулгараад байна. Хамаг хурднаараа явсан ч тарах цагаас нь зоолттой цагийн дараа очиж байна”  гэж байлаа. Зарим нь цэцэрлэгийн  багш нарыг хоёр ээлжээр ажиллуулж,  тарах цагийг  19.00 цаг болгох нь зөв гэх саналыг ч хэлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж