Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Цагдаа робот биш

Цагдаа робот биш

Эрийн муу цагдаа, цагдаа цагийн найз гэх үг хэзээ, хэн гаргасан юм бүү мэд. Ямартай ч цагдаа бол бидний адил хүн. Тэд үүргээ биелүүлж яваа төрийн ажилтан. Тэдэнд ч гэсэн өвдөх сэтгэл, шаналах зүрх гэж байдаг. Үүнийг бичих болсон учир нь сүүлийн жилүүдэд цагдаагийн албан хаагчид бусдын дарамт, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, амиа хорлох болсон тухай.

 ЦАГДААГИЙН АЛБАНД 22 ЖИЛ ЗҮТГЭЖЭЭ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн алба хаагч Д.Батсайханы хэрэг олон хүний сэтгэлийг шархлуулсан. Талийгаач албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулахаар яваад машинаас нь чирэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмчийн хэлснээр гавлын яс цуурч, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрбээр 41 настай ч цагдаагийн байгууллагад аравдугаар ангиа төгсөөд л тасралтгүй 22 жил зүтгэсээр иржээ.

Энэ хугацаанд түүнийг эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө тасралтгүй ажилласан гэдгийг гэрчлэх олон цол түүнд бий. Тэрбээр нийт 22 жил цагдаагийн байгууллагад алба хаажээ. Талийгаач гурван хүү нэг охин, эхнэр 80 гарч буй ээжийн хамтаар хамт амьдардаг басхүү авьяаслаг алба хаагч байжээ. Хань үр хүүхдүүддээ халуунд халж, хүйтэнд хөрлөө гэж хэлэлгүй явсан түүний халуун сэтгэл төр түмнийхээ төлөө оршин байж. Эхнэр нь цэцэрлэгийн багш, харин тэр өөрөө цагдаа. Бусад төрийн албан хаагчийн адилаар хоёул цалингийн зээлтэй жирийн нэг гэр бүл. Талийгаач ирэх жил тэтгэвэртээ гарна, сардаа сая төгрөгийн тэтгэвэр авчхаад, гадаадад суугаа дүү рүүгээ очиж ажиллана хэмээн эхнэртээ ярьдаг байжээ. Харамсалтай нь өглөө нь ажилдаа яваад орой нь гэртээ ирээгүй түүний хайрыг хэн ч  орлож чадахгүй.

АЛБА ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН 70 АЛБА ХААГЧ АМЬ ЭРСЭДЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 1961 оноос хойш албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 18-35 насны 70 орчим алба хаагчид байдаг. Бас нэгэн жишээ дурдахад албан үүргээ гүйцэтгэж яваад согтуу хүнд шаардлага тавьсныхаа төлөө 13 удаа хутгалуулж амиа алдсан гээд олон харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагын түүхийн хуудсанд байна. Хэргийг сануулахад, одоогоос 16 жилийн өмнө Хан-Уул дүүргийн байнгын постонд үүрэг гүйцэтгэж байгаад бусдын гарт амиа алдсан н.Ганбатын амь насыг бүрэлгэсэн этгээдийг одоог хүртэл олоогүй байна. Түүний гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл гомдол тээж, сэтгэл зовсон гэргий нь найман хүүхдийнхээ хамт гэмт хэрэгтнийг битүүхэн хайсаар байгаагаа гунигтайгаар ярьж байсан. Энэ мэтчилэн эх орныхоо төлөө тангараг өргөсөн олон сайхан залуус золгүйгээр амь эрсэдсэн харамсалтай тохиолдол бий.

Аль хэзээнээс хойш цагдаа бол хүн биш гэсэн ойлголт хүн бүхний сэтгэхүйд шингэчихжээ. Үгүй дээ эд чинь хүн. Бидний л ижил амьдралтай амьдралаа авч явахын тулд ажиллаж яваа энх цагийн баатрууд.  Өвлийн хүйтнээр хэн нэгнийг гудамжинд ухаан алдаад уначихсан байхад “Архи уучихсан балиар юм” гээд хэн ч ойртдоггүй. Архи уусан ч  бай үгүй ч тэр хүнийг ганцхан цагдаа л хөлдөж үхэх аюулаас аварна. Золгүй осол ч бай гэмт хэрэг ч бай хамгийн эхний эгнээнд цагдаа л явна. Өөрийн тань төлөө “үхэж чадна” гэсэн тангаргийг нь, үнэнч байсан зоригийг нь битгий мохоо. Гагцхүү тэд амласан тангарагтаа үнэнчээр зүтгэж эх орныхоо төлөө нугарахгүй төмөр мэт сэтгэлээр зүтгэдэг юм аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж